Saturday, January 1, 2011

Шинэ оны анхны нар харах аялал боллоо

Сүхбаатар аймагт анх удаа уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах” аялал аймгийн төвөөс 30 гаруй км-т орших Баяншарга ууланд зохион байгуулагдлаа. 


Аялалд нийт 160 гаруй иргэд оролцож шинэ оны нарнаасаа энерги авч, хийморь сүлдээ сэргээж, ажил үйлсээ наранд даатгалаа. Уг арга хэмжээг Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц төрийн бус байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Шунхлай ХХК, Skytel ХХК, Тэнгэрийн өнгө ХХК, Онцгой байдлын хэлтэс, Ертөнцийн аялгуу FM 107.5, Эрдэнэмандал хийд зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгон зохиогдох аж. Аялалын үеэр Уулын орой булаалдах, Сумо бөхийн тэмцээнүүд зохиогдож хүмүүсийг багагүй хөгжөөсөн. Тэнгэр хангай  аялалыг минь ивээн тэтгэж, тунгалаг хөх тэнгэрт улбар шар наран мандаж, захиалсан мэт цаг агаар таатай байсан нь аялагч олонд сэтгэлийн илч хайрлаж байлаа. Энэ өдөр Баяншарга хайрханд нар 8 цаг 09 минутад мандсан бол орой 16 цаг 33 минутад жаргаж байсан.

No comments:

Post a Comment