Monday, January 24, 2011

Овооны тахилга наадам

Одоогоос 200 гаруй жилийн өмнө Алтан овоог Захын хар өндөр, Баяндулаан уулыг Хүйтэн хар өндөр гэж нэрлэдэг байжээ. Энэ нутагт Манжийн хааны сүргийг байгуулсантай холбогдуулж Захын хар өндрийг тахиж шүтэн Алтан дарь овоо /Алтан овоо/ гэдэг нэртэй болжээ. Алтан овооны тахилга наадам ямархуу болдог байсан талаар 1922-1936 онуудад тус овооны тахилга наадамд хүүхэд ахуй цагаасаа эхлэн жил тутам оролцож байсан Баруун-Урт хотын ОСГ-ны зургадугаар хорооны харьяат өндөр настан Ө.Монголжийбуу дурсахдаа:
          Тус овооны наадмаас хойш 53 жил болжээ. Овооны тахилга нь хоёр цаг орчим үргэлжилдэг байсан. Урьд орой нь жороо морьдын уралдаан явагддаг. Овооны наадам нь гурван өдөр болдог бөгөөд эхний өдрийн наадмыг овооны баруун талд хийж, их насны морьдыг баруун хойноос уралдуулж, хоёр дахь өдөр нь асар майханаа овооны зүүн талд шилжүүлж азарга, соёолон хоёрыг хамтад нь, гурав дахь өдөр нь хязаалан насны морьдыг зүүн урд талаасаа уралдуулдаг байсан. Шүдлэн, дааган насны адууг уралдуулдаггүй байв. Их насны морины уралдаанд Ламын гэгээний саарал морь олон удаа түрүүлсэн. Тус наадамд 100 гаруй хүчит бөх барилдаж, овоон сүмийн Довжир гэдэг хүн олон удаа түрүүлсэн. Овооны тахилгыг одоогийн Уулбаян сумын нутагт байсан Ламын хүрээнд шавилан сууж байсан Ламын гэгээн /Орлой мэргэн хутагт/ гэдэг лам манжийн хааны зарлигаар удирдан явуулдаг байжээ. Овооны орой дээрх Алтан ганжирт Батцагаан суварганы баруун зүүн талд чулуугаар босгосон жижигхэн зургаа зургаа зургаа нийтдээ арван гурван овоо байдаг бөгөөд овоо тахих үед Дарьгангын хошууны дарга Авирмэдийн хийлгэсэн хоёр метр гаруй өндөр Алтан овооны наамал хөргийг урагш нь харуулж Батцагаанд өлгөж байрлуулдаг байв. Дарьгангад тэр үед байсан 13 сүм хийдийн лам нар, хошууны дарга ноёд, бүх хэргэм тушаалтнууд отго жинстэй малгай, цол хэргэмтэйгээ ирж наадамд оролцдог байлаа.
            Батцагааны урд талд байрлуулсан дэлгэмэл овооны зүүн гар талд баруун тийшээ дунжаалан харж суусан Овоон сүмийн лам нарын эхэнд Ламын гэгээн /Орлой мэргэн хутагт/ сууна. Молцогийн хийдийн лам нар баруун гар талд нь зүүн тийшээ өөд өөдөөсөө харж суудаг. Дээрх маягаар тус хошууны бүх сүм хийдээс ирсэн лам нар сууж, сүм тус бүр хонины махан цонхор боов, чихэр цагаан идээгээр бэлтгэсэн идээ цай бэлтгэж, сэржэм өргөн тахилгынхаа журам номыг уншиж, сүм хийд бүхэн хонх дамар, хэнгэрэг цан, бүрээ бишгүүр нэгэн зэрэг нижигнүүлэн дуугаргадаг нь сонирхолтой бөгөөд сүр нүргээнтэй үйл явдал болдог байсан. Овооны тахилгыг хийгээд ар тал руу нь бууж ноён, хатан, бэр, хүүхдүүд нь хөргүүдэд мөргөж, хадаг тавьж, идээ будааныхаа дээжийг өргөдөг байсан.

No comments:

Post a Comment