Tuesday, April 11, 2017

Замын нуурын хадны бичээс

Баяндэлгэр сумын нутаг Замын нуур хэмээх газар орших өнчин хаданд байдаг. 1410 онд Мин улсын хаан Чжу ди Монгол улсыг  дайлахаар өөрийн биеэр анх удаа 50 түмэн цэрэг хөдөлгөн орж ирэн энэ нутгаар дайрч өнгөрөхдөө Замын нуурын хадан дээр “Ялалтын довцог” Их Мингийн Юн Лэ-гийн 8-р оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэсэн бичээсийг сийлж үлдээжээ.

Хөргийн хөндийн хүн чулуу

Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Хөргийн хөндий хэмээх хойноос урагш чиглэлтэй нарийн хөндийн дунд 7 хүн чулуу хөшөө дурсгал бий. Галт уулын саарал хүрмэн чулуун эдгээр хөргүүдийн хийж бүтээсэн ур чадвар төдий л сайнгүйн дээр хоорондоо ч нэлээд ялгаатай. Эдгээр хөргүүд XIII-XIV зууны үеийн монголчуудад хамаарах зүйл болох нь тогтоогдсон байна. Хөргийн хөндийн хөргүүдийн бусдаас ялгарах онцлог нь ихэнх нь малгай, гуталтай атал биендээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж, цээжинд нь товгор хөх гаргахын сацуу эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал болно.


Monday, April 10, 2017

“Аялал Жуулчлалын Бизнес Эрхлэгчдийн Чуулган”


Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын аялал жуулчлалын салбарыг нуруундаа үүрч яваа нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэйгээр сонсох, салбарын хэмжээнд тодорхойгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хөгжлийн гарцыг хамтдаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх стратеги, чиглэлээ тодорхойлох зорилгоор “Аялал Жуулчлалын Бизнес Эрхлэгчдийн Чуулган”-ыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хурлын Их Танхимд зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр бизнес эрхлэгч аялал жуулчлалын компаниудын хууль эрх зүйн тулгамдсан асуудал, гадаад дотоод маркетинг, дэд бүтцийн оновчтой бодлогыг гаргаж, улмаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх арга зам, жуулчны үйлчилгээний байгууллага, салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагаа, жуулчны аюулгүй байдал, үйлчилгээний чанар зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг хийгдэхээс гадна, аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сэдэвт уулзалт зохиогдож, салбарын бодлого төлөвлөлт, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин улмаар салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн цогц бодлогыг хэлэлцэх юм.
Чуулганд аялал жуулчлалын салбарын 50 гаруй мянган ажиллагсдын төлөөлөл болох аяллын компаниуд, жуулчны үйлчилгээний байгууллагууд, багш судлаачид, тээврийн байгууллагууд, жолооч, хөтөч тайлбарлагч, сонирхогчид, хөрөнгө оруулагчид оролцон, нэгэн дээвэр дор чуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм.
Иймд нийт гишүүд дэмжигчид та бүхэн салбарын хэмжээнд зохиогдож буй энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалаж байна.

Бүртгэл: 04-р сарын 12-ны 15:00 цаг хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: МАЖХ-70007820, МҮХАҮТ-70109090 утсаар болон

Friday, April 7, 2017

Аялахад ёс зүйн хувьд тохиромжтой орноор Монгол улсыг дахин нэрлэлээ

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг "Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа орнуудыг байгаль орчин, зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг болсон билээ.
Монгол Улс 2016 онд шилдэг 10 орны нэгээр анх шалгарсан бөгөөд 2017 онд ийнхүү хоёрдахь удаагаа шилдэг 10 орны тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Кабо-Верде, Чили, Коста Рика, Доминика, Палау, Тонга, Уругвай, Вануату зэрэг орон шалгарсан байна.