Saturday, November 16, 2019

"Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль боллоо


“АГТАНА ХҮРЭЭТ” АДУУЧДЫН ЧАНСААГ ТОДОРХОЙЛСООР
Сүхбаатар аймгийн ИТХ-ын санаачлагаар Шилийн богдын ар бэлд адуучдын баяр хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол адуу, түүнийг дагасан соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэрэл зурагт мөнхлөн үлдээж дэлхий нийтэд сурталчлах, улмаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг үйл ажиллагааг энэ жил Монголын гэрэл зургийн холбоо, ӨМӨЗО-ны "Одон" телевиз, "Эх орон" телевиз, "Талын түрлэг" сэтгүүлчдийн бүлгэм, “Ухаантай морь” сэтгүүл, "Монцамэ" агентлагийн Япон улсын сурвалжлагч, фото зураг сонирхогчид зэрэг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжиллаа.
Шилийн богдын оройгоос ургах нарыг харах үйл явцаар эхэлсэн “Агтана хүрээт” наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улааны "Аварга зээрд" хэмээн алдаршсан хурдан хүлгийг алдаршууллаа. Энэхүү алдарт хурдан хүлэг энэ жил 25 нас хүрч байгаа аж.
Нээлтийн ёслолын дараа адуучдын авхаалж сорьсон уран уургач, бугуйлч, эмнэг сургагч, хамгийн сайн ногт, хазаар зангидагч, мөн сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнүүдэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн хүлэгч эрс оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөв. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуучин залуус хувцсаараа ижилссэн нь бусдаас илүү зохион байгуулалттай, ялгарч харагдав. Тэд тэмцээндээ ч амжилттай оролцсон.
“Агтана хүрээт 2019” наадмын үеэр МУЭ-ийн зураач Н.Амарсайхан, Содномдаржаа нар үйл ажиллагааны агшинг уран зургаар газар дээр нь зурж буулгасан нь олны сонирхол татсан үйл явдал байлаа. Тэдний бүтээлийг баярт оролцсон уран зураг сонирхогчид худалдан авч байв. Энэ үеэр мөн Дарьганга сумын зураач Б.Энхмаа, зураач, соёл судлаач Д.Амараа нар гэрэл зураг болон монгол зургийн үзэсгэлэнгээ гаргаж олонд сурталчилсан юм.
“Агтана хүрээт” наадам нь дотоод, гадаадын жуулчдад Сүхбаатарчуудын аж байдлын онцлогийг харуулах, шүтлэгт хайрхан, уул усныхаа тухай танилцуулах боломжийг олгож буйгаараа ач холбогдолтой аж.
Монгол адууны өв соёлыг хадгалж, хамгаалах, адуучдын чансааг сорьж тодорхойлох болсон "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадмыг ирэх жилүүдэд илүү олныг хамарсан, томоохон үйл ажиллага болоосой хэмээн баярын үйл ажиллагааг сонирхсон гадна, дотнын төлөөлөгчид, жуулчид хэлж байлаа.