Saturday, January 1, 2022

Талын нар шинэ оны анхны нар харах аялал



Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Талын бүргэд сээр шалгая холбоо хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Талын нар шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд 12 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Баруун-Урт сум, Асгат сум, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Түвшинширээ болон албан байгууллагууд оролцлоо. Талын нар харах арга хэмжээний үеэр Уулын оргил буулдах тэмцээн, Сээр цохих тэмцээн болж хуран цугласан олонг хөгжөөсөн. Уулын оргил буулдах тэмцээнд Цагдаагийн газар, 338 дугаар цэргийн анги, Асгат сум, Жавхлант худалдааны төвийн хамт олон эхний байруудад шалгарсан бол Сээр цохих тэмцээнд нийт 32 залуус оролцсоноос нийт 16 сээр амжилттай цохиж 1-р байр Мягмаржав, 2-р байр Чулуунсүх шалгарсан.

Аялалд 320 гаруй машин, 1600 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Биеийн тамир спортын газар, Талын бүргэд сээр шалгая холбооны хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.