Saturday, November 7, 2020

Агтана хүрээт-2020 арга хэмжээ боллоо

 
Сүхбаатар аймгийн ИТХ-ын санаачилгаар Шилийн богдын ар бэлд хүлэгч эрсийн наадам 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургаар баримтжуулах, хамгаалах, дэлхий нийтэд сурталчлах, улмаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг үйл ажиллагааг энэ жил Эх орон телевиз, ETV телевиз, BBS телевиз болон фото зураг сонирхогчид  дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжиллаа.

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 06:30 минутанд Шилийн богдын оройгоос ургах улаан нарыг харж, театрчилсан тоглолтоор эхэлсэн “Агтана хүрээт” наадмын нээлтийн үеэр уламжлалын дагуу Түвшинширээ сумын уугуул, Аймгийн алдарт уяач Пүрэвдоржийн "Дүү хээр" азарга, Асгат сумын уугуул Аймгийн алдарт уяач Д.Чулуунбаатарын “Асгатын хүрэн” морийг алдаршуулж, хурц хурдан хүлгийг өөрийн адуун сүрэгтээ торниулж улс бүсэд нутаг усныхаа нэрийг дуудуулж яваа Уулбаян сумын харъяат, Аймгийн алдарт уяач Б.Агваанд хүндэтгэл үзүүлэн хуран цугласан адуучин эрсийн сэтгэлийг мялаалаа.

Нээлтийн ёслолын дараа адуучдын авхаалж сорьсон уурга шүүрэх, ташуур шүүрэх, морьтой шургуу, эмнэг булгиулах, ур чадварын чөлөөт үзүүлбэрүүд болж 21 аймаг, Сүхбаатар аймгийн 13 сумын шилдэг хүлэгч эрс аймаг сумаа төлөөлөн авхаалж самбаагаараа өрсөлдөв.

Агтана хүрээт-2020 хүлэгч эрсийн наадмын “Хос морьтон” шалгаруулах тэмцээнд 9 хос оролцсоноос 1-р байранд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум шалгарч 1 сая төгрөг, 1 адуу, газан зуух, 2-р байранд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум шалгарч 700000 төгрөг, газан зуух, адуучин өмд, 3-р байранд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум шалгарч 500000 төгрөг, газан зуух, адуучин өмд зэргээр шагнагдсан байна.

Хүлэгч эрсийн наадам Адуучин тэмцээнд 1-р байранд Говьсүмбэр аймаг Сүмбэр сум шалгарч 500000 төгрөг, 2-р байранд Хэнтий аймаг Батноров сум шалгарч 300000 төгрөг, 3-р байранд Дорнод аймаг Матад сум шалгарч 200000 төгрөгөөр тус тус шалнагдсан.

Түүнчилэн арга хэмжээнд оролцсон болон үзэж сонирхож байгаа хүмүүсийн сонирхолыг татаж байсан нэг үйл ажиллагаа нь гүүний дуудлага худалдаа байлаа. Дуудлага худалдаанд 8-9 гүүг оролцуулж дуудлага худалдааны хамгийн өндөр ханш 10 сая төгрөг хүрсэн бол багадаа 3 сая төгрөгөөр зардагдсан байна.

Мөн Дарьганга сумын  ЕБС-ийн  Нийгмийн  ажилтан болон Эко  клубын  8-11 дүгээр  ангийн   сурагчид “Ногоон паспорт” аяны хүрээнд   “Агтана хүрээт-2020”  нэгдсэн арга  хэмжээн дээр үзэж сонирхохоор ирсэн аялагч жуулчдад ил задгай хог хаяхгүй байхыг анхааруулж, хогийн уут болон болзошгүй хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор түймрийн санамж, зөвлөгөө бүхий 300 ширхэг гарын авлагыг тарааж, өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлж ил задгай хаясан хогийг түүж бусдыг уриалан ажилласан. ЕБС-аас 1 багш, 18 сурагчид хамрагдсан бөгөөд энэ үйл ажиллагаанд 220000 төгрөг зарцуулсан байна.
Энэ жилийн арга хэмжээнд монгол орны өнцөг булан бүрээс 3000 гаруй хүн зорин ирсэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтойг харуулсан юм. 2018, 2019 оны үйл ажиллагаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн шилдэг 10 адуучин ирж оролцон, ӨМӨЗО-ны Одон телевиз зураг авалт хийж  байсан бол энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөрш орноос зочид төлөөлөгч ирж оролцож чадаагүй.
“Агтана хүрээт-2020 хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль”-ийн ерөнхий зохион байгуулагчаар Агтана хүрээт төслийн баг, хамтран зохион байгуулагчаар Аймгийн ИТХ-ын ажлын алба, Цагдаагийн хэлтэс, Онгон сумын хилийн цэргийн 0184-р анги, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ, Жаахан шарга хөгжимт жүжгийн театр, Дарьганга сумын ЗДТГ, Эх орон телевиз, BBS телевиз ажиллаа.

Thursday, January 2, 2020

"Талын өглөө" шинэ оны анхны нар харах аялал боллоо


Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд арав дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Баруун-Урт сум, Асгат сум, Халзан, Эрдэнэцагаан сумынхан оролцлоо. Шинэ оны анхны харах аяллаар “Мөнгөн өвөл-2020” монгол үндэстний өвлийн хувцасны үзүүлбэр болон сумо бөхийн барилдаан, хөгжөөнт буухиа, морьтон залуучуудын дунд ташуур шүүрэх тэмцээн зохион байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. “Мөнгөн өвөл-2020” өвлийн хувцасны үзүүлбэрт 28 хүн оролцсоноос “Сайхан дээлтэй хос”-ийн төрөлд тэргүүн байрыг Цагдаагийн газрын Ганбаяр, Алтанзаяа, хоёрдугаар байрыг Мэргэжлийн хяналтын газрын Мөнхтулга, Мөнхнаран, гутгаар байрыг Цэндбаяр, Бямбаа нар шалгарсан бол үзэгчдийн дундах сайхан дээлтэй эмэгтэйгээр Асгат сумын Алтанзул, эрэгтэйгээр Эрдэнэцагаан сумын Өсөхбаяр нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан. Сумо бөхийн барилдаанд Цагдаагийн газрын Ганбаяр тэргүүн байр, Цагдаагийн газрын Ойдовсүрэн хоёр дугаар байр эзэлсэн бол Морьтон залуусын дундах ташуур шүүрэх тэмцээнд Оюунболд тэргүүн байр, Цагдаагийн газрын Өвгөндамдин хоёрдугаар байр, Халзан сумын иргэн Даш гутгаар байрыг эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна. Аялалд идэвхтэй оролцсон хамт олны шагналыг Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газрын хамт олон авлаа.
Аялалд 100 гаруй машин, 630 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 6 минутанд  мандаж цугларсан олонд халуун дулаан энерги өгсөн юмаа. Арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Боловсрол соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар, 9 дүгээр цэцэрлэгийн  хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.