Friday, October 7, 2011

Цагаан зээр /Procapra gutturosa/

Дэлхийд болон Монгол оронд тархац нутаг нь хамгийн олон тоогоор сүрэглэн амьдардаг зэрлэг салаа туурайтан бол цагаан зээр юм. Цагаан зээрийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэж нэрлэдэг. Оонын ороо 12 сарын дунд үед орж 8-13 шаргачин хураан хээлтүүлж, шаргачин нь 6 сар орчим хээлээ тээгээд 6-р сарын 20 доор янзгалж эхлэх ба 14 хоногийн дотор төллөж дуусна. 1940 өөд оны үед Монгол оронд 4-5 сая толгой байсан цагаан зээр 1970-1980 онд тоо толгой, тархац нутаг нь хамгийн багасчээ. Энэ нь үйлдвэрлэлийн ан ихэсч /цэргийн хүнс, экспортонд гаргасан/, мөн нутгийн ард иргэд ч махыг ашиглах зорилгоор жилд 150-200 мянгыг ахуйн зориулалтаар агнаж байсантай холбоотой. Нөгөө талаас жил дараалан ган зуд болж байсан ч нөлөөлсөн юм. Харин 1994 онд нэг зэрэг АН-2 онгоц ашиглан тооллого хийж Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутагт 2,5 сая зээр байгааг тогтоож, 1997 онд авто маршрутаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн нутагт 2 сая цагаан зээртэй гэдгийг баталсан.
БОАЖЯ, Дэлхийн банк, Голландын Засгийн газар “Nemo-2” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, санхүүжүүлэн Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээг 2009 онд хийсэн. Энэ нөөцийн үнэлгээгээр цагаан зээрийг өмнөх онуудынхтай харьцуулахад Сүхбаатар аймагт 41,1%-иар илүү буюу 476970 буюу 500000 мянган толгой байна гэсэн дүн гарсан.
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар цагаан зээрийн ооно 500000, шаргачин 550000 төгрөгөөр экологи-эдийн засгийн үнэлгээ нь тогтоогдсон. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн үнэлгээг буруутай этгээдээр 2 дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг  ХХДХ-г 2-4 дахин өсгөж торгох гэж Ан агнуурын тухай хуульд заасан байна.

No comments:

Post a Comment