Wednesday, March 27, 2013

Сөдөтийн цагаан чулууны бичээс

Наран сумын нутагт Сөдөтийн цагаан чулууны бичээс нь 1410, 1696 онд Монгол улсын нутагт болсон түүхэн 2 чухал үйл явдалтай холбогдуулан бичсэн дурсгал юм. 1409 оны 7-р сард Хятадын Мин улсын Юн лэ хаан Монгол улсыг дайлахаар буман цэрэг хөдөлгөн авч гараад Хэрлэн голын хавьцаа 8-р сард монгол цэрэгтэй тулалдаж ялагджээ. Мин улсын хаан ийнхүү ялагдсандаа хилэгнэж 1410 оны хавар дахин 50 түмэн цэрэг толгойлон Монгол нутаг руу цөмрөн довтолсон ба тэрээр 5-р сарын 19-нд Сөдөтийн цагаан чулууг дайрч өнгөрөхдөө анхны бичээсийг сийлжээ.
Бичээсэнд: Ху нарыг барих уул. Их Мингийн эзэн хаан ху дээрэмчдийг залхаан цээрлүүлэх их цэргийг удирдан үүгээр өнгөрөв. Юн Лэ-гийн 8-р он цагаан бар жил улаагчин тахиа жил 4-р сарын тэргэл 16-ны хар хулгана өдөр гэжээ.
Сөдөтийн цагаан чулууны 2 дахь бичээс зүүн гарын хаант улсын хаан Галдан бошигт /1644-1697/ Манж Чин улстай байлдсан үйл явдалтай холбоотой юм. Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдангийн эсрэг Чин улс 1696 оны хавар 20 түмэн цэргийг эзэн хаан Энх амгалан 3 зам болгон хөдөлгөсөн. 1696 оны хавар эзэн хаан бүх цэргээ толгойлон Дарьгангын нутгаар дайрч гарахдаа Мин улсын эзэн хааны бичээс бүхий Сөдөтийн цагаан чулуун дээр 2 зүйлийн бичээс нэмж сийлжээ.
Бичээсэнд: Эзэн хааны дурсгалын бичээс, тэнэгэр говьд илдээ ирлэж, тэнгэр ууланд жадаа үзүүрлаж эгнэгт ху нарын тосыг арилгаж элс манхныг үүрд арилгана гэсэн байдаг.

No comments:

Post a Comment