Thursday, March 14, 2013

Хун шувуу

Нүүдлийн, нэн ховор, усны үзэсгэлэнт төгөлдөр шувуу. Зүс цав цагаан, зүү урт, хушууны үзүүр хар, уг шаргал, хөл хар, сэлэхэд зохилдон сарвуунууд нь сарьсаар холбогдсон. Соргог хурц хараатай. Биеийн жин 10-12 кг хүрдэг. Эр, эмээрээ хослон амьдардаг үзэсгэлэнт энэ зүйл ховор шувуу ямагт бие биетэйгээ ойролцоо байж чанга гангасан дуугаараа хоёр биеэндээ болон үр төлдөө чимээ өгч харьцаж байдаг онцлогтой. Хун шувуу Монгол оронд 3 дугаар сарын дунд 4 дүгээр сарын эхээр ирж үүрлэн өндөглөн зусч, үр удмаа байршуулаад 9 дүгээр сарын дундаас 10 дугаар сард дулаан оронд очиж өвөлжөөд төрөлх нутагтаа хавар эргэж ирдэг юм.
Төрөлх нутагтаа эргэн ирж зусч үрждэг. Нүүж ирснээс хойш 1-2 долоо хоногийн дараа өндөр өвс ургамал, зэгс бүхий ус, голын эрэг, хөвөө, арал, голын адгийн ил задгай намагт ургамлын иш, хагд өвс, зэгс овоолж том сондуул маягийн 3-5 м голчтой, 5,0-1 м өндөртэй үүр засдаг.
      Үүрнийхээ хэвтрийг хөвд, ургамлын ишээр зулж, цээж хэвлийнхээ өвнөөс зулгаан зөөллөн дэвсэж, 4 дүгээр сарын эцэс, 5 дугаар сарын эхээр 5-6 ширхэг, 33-36 г том цагаан, цайвар шаргал, саарал өндөг гаргаж, эх өндөгөө 35-40 хоног дарж, дэгдээхэй болгох ба 8 дугаар сарын дундуур дэгдээхэй нисч эхэлдэг. Хүчирхэг том бие, тод цагаан зүс, гангасан чанга дуунаас сүрдэн ихэнх амьтан түүнд болон үүр, өндөг дэгдээхэй, байршил нутагт нь халдан довтлох нь ховор. Дэгдээхэйнүүд эцэг, эхийн дохиогоор аюултай үед нуурын эргийн зэгс, эргэнд хоргодон нуугдаж амиа хоохойлдог. Дэгдээхэйнүүд усны жижиг амьтныг идэж хурдан бойжиж томордог.

No comments:

Post a Comment