Tuesday, November 27, 2012

Дарьгангын мөнгөн хийц урлал

Монголын уран дархны урлал хийц донж хэлбэр маягаараа олон хэсэгт хуваагддаг. Тэдгээрийг дотор нь Далай Чойнхор вангийн, Говь мэргэн вангийн, Боржигон цэцэн вангийн гэх зэргээр нутаг хошууны заагаар ялган нэрлэдэг. Дарьгангын мөнгөний дарх нь 1700-аад оны тэртээгээс хөгжиж, нүүдлийн МАА-н хавсарга байдлаас бие даан хөгжин төрх төлөвөө олж, XVll-XX зуунд Монгол дархны бие даасан хийц найрлага болтлоо боловсорч үе уламжилсан сонгодог өвийг үлдээсэн юм. Монголын мөнгөн урлалын сүрлэг оргилуудын нэг бол “Дарьганга хийц” хэмээн алдаршсан уран тансаг, нарийн чамин, гүн утга билэгдэл шингэсэн, хэрэглээ, гоёл чимэглэлийн цогц нэгдэл бүхий мөнгөн урлалын үнэтэй бүтээлүүд мөн.  Дарьгангын дархчууд нь эхнэр, эмэгтэйчүүдийн өмсгөл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлд дан шүр болон сийлбэртэй шүрийг их хэмжээгээр оруулан хөөх, ухах, утсан сүлжмэлтэй хослуулан алтаар шарж, өнгөний гайхам тансаг цогц бүтээлийг урлахаас гадна хүмүүсийн өргөн хэрэглэдэг  давхар угалзтай эмээлийн чимэглэл, мөнгөн аяга, хэт хутга, гуяны боолт, соёо цохилуурт шүр, том шүрийг өргөнөөр оруулан урладаг бөгөөд дархан М.Балдан-Осорын 1964 онд урласан их гарын хос мөнгөн аяганы ёроолд хангарьдын өнгийг паалан оруулан урласан хийц нь өвөрмөц нэгэн уламжлал дэг сургууль байсныг илтгэн харуулдаг. Дарьганга хийц бол манай өвөг дээдсийн үнэт өв, эд эдлэхүүн хийгээд оюуны соёлын гайхамшигт бүтээл юм.

No comments:

Post a Comment