Thursday, October 20, 2011

2010 оны 12 дугаар сарын 22-ний өдөр БОАЖЯ-ны сайд, Сүхбаатар аймгийн Засаг даргын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан 14 тоот гэрээний дагуу тус аймагт улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудын талаар


1.    Ойжуулалт:
10 га-д 11 сая төгрөгийн ойжуулалтын ажлын тендер 2011.03.24-ны өдөр болж мэргэжлийн байгууллага болох Ойжуулалт хайлааст ХХК-тай Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн  33 дугаар зүйлийн 33.4-ийн дагуу харьцуулалт амжилтгүй болсон гэж үзээд шууд гэрээ байгуулах аргыг сонгож гэрээ байгуулсан.
2.    Ногоон хэрэм:
5 га-д 5.5 сая төгрөгийн ажил гүйцэтгэх байсан боловч 3 жилийн хугацааны арчилгааны зардал нь бага мөн өмнөх жилүүдийн ажлын үр дүн муу учраас энэ жил дээрх ажлыг гүйцэтгэх боломжгүй учир Ногоон хэрэм хөтөлбөрийн албанд буцаахаар болсон.
3.    Булаг шанд:
2011 онд тендер явагдаж оролцох компаниуд байгаагүй учир Засаг даргад санал болгосноор Хонгор эрдэнэ ХХК-тай Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн  29 дүгээр зүйл, 30 дугаар зүйлийн 30.4.3-ийг үндэслэн гэрээ  байгуулсан. 10.0 сая төгрөгөөр Дарьганга сумын Рашаант, Эрдэнэцагаан сумын , булгуудийг хашиж хамгаална.
4.    Аялал жуулчлалын цогцолбор байгуулах:
Онгон суманд Жаахан шаргын цогцолбор байгуулах 25.0 сая төгрөгийн тендер 2011.07.28-ны өдөр болж мэргэжлийн байгууллага байхгүй учир мэргэжлийн зураач дизайнер Ё.Бадарчтай Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 29 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.2.4-ийг үндэслэн  гэрээ байгуулсан.
5.    УЦУОША-ны Барилгын засварын ажил:
15.0 сая төгрөгийн конторын засварын ажлын тендер явагдаж 2011.05.03-ны өдөр Немон ХХК-тай “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.4, 2011 оны аймгийн Засаг даргын 140 тоот захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 11 дүгээр тушаалыг үндэслэн  гэрээ байгуулсан.

"Ганга нуур байгаа болохоор миний эх орон хэзээд мөнх юм" хэлэлцүүлэг болж өндөрлөлөө

 Сүхбаатар аймгийн Дарьганга суманд орших Ганга нуур ширгэх аюулд нүүрлээд байгаа энэ үед аймгийн нутгийн удирдлагын байгууллага Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан Усны газар, УЦУХ, ШУТИС Гидрогеологийн баг, ХААИС ийн Байгалийн ухааны сургуулийн мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, УЦУОША,  Дарьганга сумын ЗДТГ, ард иргэдийн  оролцоотой  “Ганга нуур байгаа болохоор миний эх орон хэзээд мөнх юм ” сэдэвт хэлэлцүүлгийг Дарьганга суманд 2011 оны 10 дугаар сарын 18 ны өдөр зохион байгууллаа.
Ийнхүү Монгол орны алдартай Ганга нуураа хамгаалах хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр “Ганга нуураа хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах нь”, УЦУХ ийн  ЭША, доктор Д.Оюунбаатар “Ганга нуурын олон жилийн  усны горим ба ажиглалт, хэмжилт, шинжилгээ судалгаа, хамгаалалтын асуудал”, Сүхбаатар аймгийн УЦУОША ны дарга Х.Энхбаяр “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа ба бэлчээрийн даацын мониторинг”, УЦУХ Ус судлалын секторын судлаач инженер Б.Сосорбурам “ Ганга нуурын гидробиологийн асуудал ”, ХААИС ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Ууганбаяр “ Ганга нуурын шувуудыг хамгаалах “ сэдвүүдээр хэлэлцүүлэгт илтгэл тавив.
           Хэлэлцүүлэгт оролцогчид төр засаг болон ард иргэдэд хандаж уриалга гаргаж цаашид Ганга нуурыг хамгаалах зорилгоор Ганга нуурын сав газрын зөвлөл байгуулан уг зөвлөлөөс ганга нуурыг хамгаалах төрөл бүрийн төсөл хөтөлбөр боловсруулж ажиллах юм.

Thursday, October 13, 2011

“Ганга нуур байгаа болохоор миний эх орон хэзээд мөнх юм” хэлэлцүүлэг

Зохион байгуулах хугацаа: 2011 оны 10 сарын 16-19
Зохион байгуулагч: Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Зохион байгуулагдах газар: Сүхбаатар аймаг, Дарьганга сум, “Нью Дарьганга” амралтын газар

                                                                       Хөтөлбөр:

10 сарын 16 Ням гараг 
Зочид төлөөлөгчдийг угтан авч байрлуулах

10 сарын 17 Даваа гараг
        08:00-09:00 Зочид төлөөлөгчид өглөөний цай уух
    09:00-10:00 Баруун-Урт хоттой танилцах. 
10:00-11:30 Шовдолын районд мониторингийн хоёр цоонгийг тоноглох,   
  12:00 Өдрийн хоол идэх
   13:30 “Дарьганга сум” явах  замдаа Асгат сумаар дайрч Авдарын сүмийн туурь үзэх, Аймгийн төв цэгт очих.
  17:00 Бичигтийн шахаа,  Хөргийн хөндий хүн чулуу үзэх, 
  18:00 Цагийн үед “Талын агуй”  жуулчны баазад  хүрэлцэн ирж  байрлах
   19:00 Оройн хоол
    21:00 Амрах 

10    сарын 18 Мягмар  гараг 
   07:00 Шилийн богд уулан дээрээс Нар мандахыг харах. Зурхайгаар 07:35 нар мандана.     08:30 – 09:30 Талын агуй жуулчны баазад өглөөний цай уух
    11:00 Ганга нуурын одоогийн байдлыг үзэж, урьдчилсан дүгнэлт газар дээр нь гаргах. 
    13:00 Алтан овоо, Хаан хатан хөрөг үзэх
    14:00 “Нью дарьганга” амралтын газар хүрэлцэн ирж байрлах.
    14:00 - 15:00 “Нью дарьганга” амралтын газар өдрийн хоол идэх
   15:30 “Ганга нуур байгаа болохоор миний эрх орон хэзээд мөнх юм“ хэлэлцүүлэг.  
   20:00 Хэлэлцүүлгийн хаалт 
   21:00 – 23:00 Хүлээн авалт
   23:30 амрах

10 сарын 19 Лхагва гараг 
    08:00 – 09:00 Нью дарьганга амралтын газар өглөөний цай уух.
    09:30 Баруун-Урт сум руу хөдлөх.
    13:00 – 14:00 Өдрийн хоол идэх.
    15:00 Хэвлэлийн бага хурал. ЗДТГ
   16:00 Чөлөөт цаг
   18:00 Оройн хоол идэх 
    20:00 Амрах

10 сарын 20 Пүрэв гараг 
    08:00 Өглөөний цай
    09:00 Зочид төлөөлөгчдийг үдэж мордуулах

Холбоо барих хаяг:
Сүхбаатар аймаг  “Байгаль орчин аялал жуулчлалын газар” Засаг даргын тамгын газрын гурван давхар 
Утас: 01512-21890,     Факс: 0151221891      Гар утас: 93084338, 99519493

Wednesday, October 12, 2011

ГОЛТБОР - / Syringa josikaea Jacq.F /

 Голтбор нь гоёмсог сайхан цэцгээрээ дэлхийн олон орны хүмүүсийн анхаарлыг татсан сөөг ургамал. Сайхан цэцгээрээ цэцэрлэгийн сүлд мод гэсэн нэрийг хүртжээ. Голтбор нь 4,5 м өндөр ургадаг сөөг юм. Дэлхийн хэмжээнд голтбор 28 зүйл ургадаг байна. Манай орны хувьд 1980 оны эхээр Орос улсаас авчирч тарималжуулсан түүхтэй. Улаанбаатар хотын нөхцөлд 1,5-2 метр орчим өндөр ургадаг. Ган, хүйтэнд тэсвэртэй, гэрэлд дуртай ургамал. Манай оронд Мажаар голтбор / / Syringa josikaea Jacq.F / нутагшиж ургаж байна. Нахиа нь өндөг хэлбэрийн бор саарал өнгийн хайсаар бүрхэгдсэн ишиндээ бүдүүрэн бат бэх суусан. Навч энгийн зууван өндөглөг хэлбэртэй бүтэн ирмэгтэй, 6-12 см урт, 3-8 см өргөн хар ногоон өнгөтэй, хүйтэн, ганд тэсвэртэй гэрэлд дуртай анхилуун үнэртэй. Цэцэг час улаан, хөх цэнхэрдүү цайвар цагаан туяатай, анхилуун сайхан үнэртэй,цэцгийн диаметр 1 см хүртэл, баг цэцэг 10-20 см урт, 4 наснаас эхлэн цэцэглэж эхлэдэг. Ургалтын хугацаа нь манай орны нөхцөлд 5-р сарын эхнээс 10-р сар хүртэл ургана.,Цэцэглэлт  5-р сарын дунд үеэс 6,7-р сард 15-20 хоног үргэлжилнэ. Үр жимс нь 10-р сард боловсрно.
Голт борыг цэцэрлэгжүүлэлтэнд тарьж ургуулах:
Голт бор нь чимэглэлийн өндөр ач холбогдолтой бут учир барилга, орон сууц, цэцэрлэг гудамж талбайд нэг нэгээр нь болон хэсэг бүлгээр нь тарьдаг. Дан голт бороор төгөл байгуулахад цэцэглэх үеэр нил хөх ягаан өнгийн цэцгээр төглийн дээд хэсэг битүү хучигдэж анхилам үнэртэй цэцгүүд нь хүмүүсийн ташаалыг ихээхэн хүртдэг байна. Голтбор тохиромжтой нөхцөлд 3-4 м хүртэл өндөр ургадаг харьцангуй том хэмжээний бут тул хооронд нь 2-3 метрийн зайтай тарина.
Суулгах нүхийг 50х50 см ба 60х60 хэмжээтэй ухаж бэлтгэнэ.                       1 нүхэнд ялзмаг бууцны хольцыг 10  кг бодож хөрсийг бэлтгэж суулгацыг суулгана. Усалгааг нэг нүхэнд 50-60 лусаар тооцож услана. Хотын төвд тарьсан голтборын титем агаарын бохирдолтыг амархан мэдэрдэг тул усаар тоосруулан шүршиж цэвэрлэх хэрэгтэй.
Голтбор нь чимэглэлийн мододоос хамгийн гоёмсог мододын тоонд тооцогддог тул ихэвчлэн цэцэрлэгжүүлсэн талбайн төв хэсэгт байрлуулж тарихад тохиромжтой. Голтборыг ногоон мөчир, үр авах зориулалтаар голтборын эх цэцэрлэгийг байгуулах боломжтой.

Friday, October 7, 2011

Цагаан зээр /Procapra gutturosa/

Дэлхийд болон Монгол оронд тархац нутаг нь хамгийн олон тоогоор сүрэглэн амьдардаг зэрлэг салаа туурайтан бол цагаан зээр юм. Цагаан зээрийн эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэж нэрлэдэг. Оонын ороо 12 сарын дунд үед орж 8-13 шаргачин хураан хээлтүүлж, шаргачин нь 6 сар орчим хээлээ тээгээд 6-р сарын 20 доор янзгалж эхлэх ба 14 хоногийн дотор төллөж дуусна. 1940 өөд оны үед Монгол оронд 4-5 сая толгой байсан цагаан зээр 1970-1980 онд тоо толгой, тархац нутаг нь хамгийн багасчээ. Энэ нь үйлдвэрлэлийн ан ихэсч /цэргийн хүнс, экспортонд гаргасан/, мөн нутгийн ард иргэд ч махыг ашиглах зорилгоор жилд 150-200 мянгыг ахуйн зориулалтаар агнаж байсантай холбоотой. Нөгөө талаас жил дараалан ган зуд болж байсан ч нөлөөлсөн юм. Харин 1994 онд нэг зэрэг АН-2 онгоц ашиглан тооллого хийж Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутагт 2,5 сая зээр байгааг тогтоож, 1997 онд авто маршрутаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн нутагт 2 сая цагаан зээртэй гэдгийг баталсан.
БОАЖЯ, Дэлхийн банк, Голландын Засгийн газар “Nemo-2” төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, санхүүжүүлэн Монгол орны тал хээр, говь цөлийн тууртны нөөцийн үнэлгээг 2009 онд хийсэн. Энэ нөөцийн үнэлгээгээр цагаан зээрийг өмнөх онуудынхтай харьцуулахад Сүхбаатар аймагт 41,1%-иар илүү буюу 476970 буюу 500000 мянган толгой байна гэсэн дүн гарсан.
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар цагаан зээрийн ооно 500000, шаргачин 550000 төгрөгөөр экологи-эдийн засгийн үнэлгээ нь тогтоогдсон. Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд экологи эдийн үнэлгээг буруутай этгээдээр 2 дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг  ХХДХ-г 2-4 дахин өсгөж торгох гэж Ан агнуурын тухай хуульд заасан байна.

Saturday, October 1, 2011

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

 Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв, Гадаадын сайн дурын багш нартай хамтран Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан 9-р сарын 25-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиудын 7, 9, 11-р ангиудын дунд “Нэг өдрийн тойрон аялал”-ыг зохион байгууллаа. 
Аялал Сүхбаатарын талбай- Өүлэн эхийн хөшөө- Угсаатны зүйн музей- Их бууны хөшөө гэсэн маршрутын дагуу явагдсан бөгөөд бүх үзмэрийг англи хэлээр тайлбарласан нь нилээн үр дүнтэй болсон. 
 Ингэснээр хүүхдүүдийн хэлний мэдлэгт тодорхой хэмжээгээр тус дөхөм болж, хүүхдүүд маань гадаад багш нараараа дуу бүжиг заалгаж, тэдэнтэй англиар ярьж байсан нь аялалыг  үр дүнтэй болсныг харуулсан юм.