Tuesday, October 30, 2012

Аргаль угалз-Ovis ammon

Аргалийн эрийг угалз, эмийг аргаль, төлийг нь хурга гэдэг. Угалзын биеийн урт 140-180 см, сэрвээний өндөр 100-125 см, жин 110-200 кг, аргалийн биеийн урт 130-160 см, сэрвээний өндөр 95-115 см, жин нь 80-100 кг хүрдэг. Угалз хүчирхэг том угалзалсан эвэртэй, аргаль богино жижигхэн эвэртэй.
Алтайн аргаль Монгол оронд байгаа бүх зүйлийн аргаль угалзнаас бие эвэр, толгойн хэмжээгээр хамгийн том юм. Аргаль угалзны зүс цайвар хүрэн, боровтор хүрэн байдаг. Алтайн нуруу, Хар Азарганы нуруу, Бурхан Буудай, Алагхайрхан, Бүс хайрхан зэрэгт аргаль бий. Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 4 сүрэгт 50 гаруй, Баяндэлгэрт 3 сүрэгт 45, Дарьгангын Баруун нартад 12, Онгоны Будрын чулуунд 16, Мөнххааны Баян ууланд 13, Сүхбаатар сумын Дарханхаан, Наран саранд тус бүр 1 толгой нийт 140 орчим аргаль хонь байршин нутаглаж байна.
Аргаль уулын өтгөн өвстэй зоо нуруу, уулын задгай хээр хад асга багатай толгод орчмоор амьдралтай. Зуны өглөө үдэш идэвхтэй, өвлийн улиралд өдөржин билчээрлэдэг. Олон зүйлийн өвслөг бутлаг ургамлын ногоон хэсэг, цэцэг, навч, иш, хялгана, улалж, сонгино, мангираар зонхилон хооллодог. Аргаль 2,5-3 настай бие гүйцэж үржилд ордог. Угалз таван настайгаасаа эхлэн ороо хөөцөлдөөнд орж 10-20 аргаль хурааж өөрийн хуй сүрэгтэй болно. 11-р сарын эхээр нийллэгт орж 5,5 сар хээлээ тээнэ. Алтайн өвөр говьд 4дүгээр сарын сүүлчээр, Монгол Алтай, Хангай орчимд арай орой хургалж эхэлнэ. Ихэвчлэн ганц сөнгө, хааяа ихэрлэнэ.
Манай оронд 1953 оноос эхлэн агнахыг хориглож, ЗГ-ын шийдвэрээр ховор амьтны зэрэглэлд, Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд тус тус бүртгэгдэж, тархац нутгийн 14 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газарт орсон. 

Байгаль хамгаалагч

-    Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сурагчын оролцооны байгууллагуудтай хамтран “Эрүүл бие цэвэр орчин” аяллыг сумынхаа түүхэн болоод байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулсан. Уг аялалд 85 хүүхэд, удирдах 5 багш, миний бие оролцож аяллын үеэр түүхэн газруудыг цэвэрлэх, түүхэн орчинтой танилцаж 3 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгууллаа.
-    Мөн сумын нутаг Болор Хонхор, Баянголын Харганга, Төхөмын бор овоонд тавьсан тарваганд мониторинг судалгаа хийж тарваганы ичээг судалж, хүний ямар нэгэн нөлөөнд автаагүй байна.
-    Аймгийн хэмжээнд зохион байгуулж буй “Эрүүл орчин Эрүүл амьдрал” хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий сумын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэгт оролцон ажиллаж, төлөвлөгөө гаргаж ажилласан. Уг хөдөлгөөний үеэр ард иргэд хүүхэд багачуудын аюулгүй эрүүл орчинг бүрдүүлэх зорилгоор 2-р багийн Засаг даргатай хамтран золивон нохой устгалыг засаг даргын тамгын газраас зохион байгуулж  ажиллаа. Мөн аж ахуйн нэгж, айл өрх, албан байгууллагуудыг бүх нийтийн цэвэрлэгээг аяны хүрээнд зарлан зохион байгуулав.
-    Хүйтэний улирал эхлэж байгаатай холбогдуулан сумын нутагт цагаан зээр ихээр орж ирэхтэй холбогдуулан хууль бус агнуурыг зогсоох зорилгоор өдөр болон шөнийн эргүүлийг хийж, гарсан зөрчлийг хуулийн дагуу цаг тухайд нь арилгаж байна.
 
Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Ганбулган мэдээлэв.

᠋Байгаль хамгаалагч

-    Хууль бус ан агнуурын тухай 45 хоногийн хугацаатай удирдамж боловсруулж гарган БОХУБ, Цагдаа, Төлөөлөгчийн хамт сумруу орох гарах зам болон цагаан зээр нутаглаж байгаа газруудаар эргүүл хяналт хийж байна. Мөн цагаан зээр хууль бусаар агнан худалдан борлуулж байгаа иргэдийн мэдээллийг худалдан авах, зээрний зөвшөөрөл өгч байгаа талаар зарлал бичиж үйлчилгээний газруудад наасан. 
-    Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу нөлөөлөх байдлын үнэлгээнд ороогүй буюу хугацаа нь дууссан ААНБ болон үйлчилгээний газруудын бичиг баримтыг холбогдох газарт хүргүүлээд байна.
-    Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих өдрөөр Идэвхтэн байгаль хамгаалагчийн чацарганы талбайд улиас, хайлс нийлсэн 30 гаруй суулгацыг суулгалаа.

Баяндэлгэр сумын байгаль хамгаалагч Ч.Мөнхзул мэдээлэв.

Monday, October 29, 2012

Байгаль хамгаалагч

-    Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрөөр Онгон сум тус бүр нь 3500 төгрөгийн үнэтэй нийт 70 ш чацарганы мод суулгасан.
-    Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон СИТХ-ын тогтоолын дагуу барилга орон сууц барьж байгаа албан газар, аж ахуйн нэгж, иргэдэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр төлөх тухай албан мэдэгдэл хүргүүлсэн.
-    Орон нутагт бүтээн байгуулалт хийж байгаа Хүн эмнэлэг болон Онгон суманд баригдаж байгаа тагнуулын барилгад хяналт тавьж, тагнуулын барилга нийтийн эзэмшил газар элс асгасан зөрчлыг арилгуулж мөн жорлонтой болох шаардлага тавиад байна.

Онгон сумын байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг мэдээлэв.