Tuesday, October 30, 2012

Аргаль угалз-Ovis ammon

Аргалийн эрийг угалз, эмийг аргаль, төлийг нь хурга гэдэг. Угалзын биеийн урт 140-180 см, сэрвээний өндөр 100-125 см, жин 110-200 кг, аргалийн биеийн урт 130-160 см, сэрвээний өндөр 95-115 см, жин нь 80-100 кг хүрдэг. Угалз хүчирхэг том угалзалсан эвэртэй, аргаль богино жижигхэн эвэртэй.
Алтайн аргаль Монгол оронд байгаа бүх зүйлийн аргаль угалзнаас бие эвэр, толгойн хэмжээгээр хамгийн том юм. Аргаль угалзны зүс цайвар хүрэн, боровтор хүрэн байдаг. Алтайн нуруу, Хар Азарганы нуруу, Бурхан Буудай, Алагхайрхан, Бүс хайрхан зэрэгт аргаль бий. Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 4 сүрэгт 50 гаруй, Баяндэлгэрт 3 сүрэгт 45, Дарьгангын Баруун нартад 12, Онгоны Будрын чулуунд 16, Мөнххааны Баян ууланд 13, Сүхбаатар сумын Дарханхаан, Наран саранд тус бүр 1 толгой нийт 140 орчим аргаль хонь байршин нутаглаж байна.
Аргаль уулын өтгөн өвстэй зоо нуруу, уулын задгай хээр хад асга багатай толгод орчмоор амьдралтай. Зуны өглөө үдэш идэвхтэй, өвлийн улиралд өдөржин билчээрлэдэг. Олон зүйлийн өвслөг бутлаг ургамлын ногоон хэсэг, цэцэг, навч, иш, хялгана, улалж, сонгино, мангираар зонхилон хооллодог. Аргаль 2,5-3 настай бие гүйцэж үржилд ордог. Угалз таван настайгаасаа эхлэн ороо хөөцөлдөөнд орж 10-20 аргаль хурааж өөрийн хуй сүрэгтэй болно. 11-р сарын эхээр нийллэгт орж 5,5 сар хээлээ тээнэ. Алтайн өвөр говьд 4дүгээр сарын сүүлчээр, Монгол Алтай, Хангай орчимд арай орой хургалж эхэлнэ. Ихэвчлэн ганц сөнгө, хааяа ихэрлэнэ.
Манай оронд 1953 оноос эхлэн агнахыг хориглож, ЗГ-ын шийдвэрээр ховор амьтны зэрэглэлд, Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд тус тус бүртгэгдэж, тархац нутгийн 14 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газарт орсон. 

No comments:

Post a Comment