Monday, January 1, 2018

Шинэ оны анхны нар харах аялал боллоо

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, дээлтэй монгол арга хэмжээг сурталчлах, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд Баруун-Урт сум, Асгат сум, Халзан сумынхан оролцсноос гадна алс холын Наран, Түвшинширээ сумаас хүмүүс ирж оролцон ажээ.
Шинэ оны анхны харах аяллаар “Мөнгөн өвөл-2018” монгол үндэстний өвлийн хувцасны үзүүлбэр болон морьтон залуучуудын дунд ташуур шүүрэх, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. “Мөнгөн өвөл-2018” өвлийн хувцасны үзүүлбэрийн “Сайхан дээлтэй хос”-ийн төрөлд тэргүүн байрыг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн З.Мөнхбаяр, Б.Батцэцэг, дэд байрыг Мэргэжлийн хяналтын газрын Мөнхтулга, Мөнхнаран нар эзэллээ. Үндэсний бөхийн барилдаанд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Пунцаг тэргүүн байранд шалгарсан. Морьтон залуучуудын дунд зохион байгуулагдсан ташуур шүүрэх тэмцээнд нэгдүгээр байрыг Асгат сумын Бямбажав, хоёрдугаар байрыг Халзан сумын Пүрэвээ нар эзэлсэн.

 Аялалд 130 гаруй машин, 700 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 6 минутанд  мандаж цугларсан олонд халуун дулаан энерги өгсөн юмаа. Арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Боловсрол соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар, SB телевизийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

No comments:

Post a Comment