Thursday, June 16, 2011

Зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн, сургалт

 Аймгийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлын холбоо, Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2011 оны 06-р сарын 13-15 ны өдрүүдэд Дарьганга сумын Нью дарьганга амралтын газар “Зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн, сургалт”-ыг амжилттай зохион байгуулж дуусгалаа. Зөвлөгөөн, сургалтанд Монголын зочид буудлын холбооны тэргүүн Батцэнгэл, менежер Одончимэг, сургагч багш Өнөрцэцэг нар урилгаар ирж хичээл заасан нь энэ удаагийн сургалтыг нилээн үр дүнтэй сургалт болсоныг харуулж байлаа. 
 Сургалтын эхний өдөр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, зоогийн газар, жуулчны баазуудын зөвөлгөөн болж Аймгийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэсийн мэргэжилтэн Д.Батхүрэл “Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжил, бодлого чиглэл”-ийн талаар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэл”-ээр сургалт явуулж, салбарын бэрхшээл болон дутагдалтай тал цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж чин сэтгэлийн яриа өрнүүлсэн. Сургалтын дараагийн өдрүүдэд зоогийн газрын үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ гэж хоёр хэсэг болон хуваагдаж практик дадлагыг хийсэн нь сургалтыг нилээн ач холбогдолтой болголоо гэж сургалтанд сууж байгаа хүмүүс хэлж байв. 
Аялал жуулчлалын зөвлөгөөн, сургалтанд Тансаг зочид буудал, Ганга зочид буудал, Баруун-Урт зочид буудал, Эрдэнэзаан зочид буудлуудаас гадна Дарьганга сумын Нью дарьганга амралтын газар, Оргих зочид буудал, Бадрах зоогийн газар оролцож “Сертификат”-аа гардан авсан. 
Мөн энэ үеэр Монголын зочид буудлын холбооны удирдлагууд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудын эзэдтэй уулзалт хийж цаашдын үйл ажиллагаагаа танилцуулж, Монголын зочид буудлын холбооны дэргэдэх Сүхбаатар аймгийн зочид буудлын салбар зөвлөл байгуулах талаар санал бодлоо солилцсон. Аймгийн зочид буудлын салбар зөвлөл байгуулснаар уг зөвлөл нь хуримтлалаа аймагтаа төвлөрүүлэх, цаашлаад Монголын зочид буудлын холбоогоор дамжуулан зочид буудлын чиглэлээр ажиллаж байгаа компаниудтай холбоо тогтоох, сургагч багш бэлдэх, ажилчдын мэргэшүүлэх сургалтыг авах бүрэн боломжтой болох юм.

No comments:

Post a Comment