Thursday, February 10, 2011

“Жаахан шарга”-ын домог

           Олондоо Инжээноров хэмээн алдаршсан нэгэн лам Дарьгангын хошууны Овоон сүмийн цогчин умзад байжээ. Тэрээр Дарьгангынхаа Чимидлхам гэгч сайхан хүүхэнтэй танилцаж, хайр сэтгэлтэй болсон төдийгүй лам хувраг хүн боловч хайр сэтгэлийнхээ их хүчинд адтагдан ханилан суухаар тохирчээ. Гэтэл эцэг эх нь охин Чимидлхамыгаа лам хувраг хүнтэй суулгахаас дургүйцэн Жигаа ноёнд эхнэр болгон өгөхөөр тохирч оторт гарах нэрийдлээр Наранбулагийг зорин нүүжээ. Нүүж хулжсаныг мэдээгүй байсан Цэрэнноров амраг хүүхэн Чимидлхамтайгаа уулзахаар болзсон өдрөө зорин ирэхэд нүүсэн тул уулзалгүй холдуулсандаа ихэд харамсан гуниглажээ.
Цэрэнноров ямар ч байсан хайрт хүнийхээ хойноос нэхэн очиж амраг сэтгэл нь хувирч уу? Аргагүйн хүчийг дагаж уу? Мэдье хэмээн шийдээд хос шаргаа хөлөглөн замд гарчээ. Ингэж явахдаа:
                             Нуруу нуруун дээгүүр
                             Нутгийн дээс нь хөвөрнө
                             Нуугаад нуугаад уйлсан ч
                             Нулимсны минь гарз уу даа
                             Жаахан шаргын шогшоонд нь
                             Томоо муухай тасраад байна
                             Жаахан түүнийхээ аашинд нь
                             Сэтгэл муухай гуниад байна гэж
Зохион дуулсаар явсан гэнэ. Тэгж явсаар, сураг ажиг тавьсаар Наранбулаг очсон /Одоогийн Наран сумын Оргил нэгдлийн төв/ Жигаа ноёныхыг олж Чимидлхамтайгаа ая эвийг олон уулзаж амраг сэтгэл нь хувирч, ариун хайраасаа няцаагүйг мэдээд эргэж уулзах болзоо тавиад баяртай буцжээ.
Явдал замдаа хайрт хүнээ яаж бусдын булхайнаас салган авах, ханилан жаргах хорвоод хаалт болсон хуврагийн ёсоо хэрхэн орхих зэргийг эргэцүүлэн бодож явахдаа:
                            Дэвээд байгаа дээврийг
                            Дээсний үзүүрээр дардаг даа хөө
                            Дэнэгэлзэж байгаа сэтгэлийг
                            Одоо юугаар тогтооно вэ? Гэж дуулжээ. 
Гэвч бас эрс санаа шийдэж:
                            Үхрийн чинээ чулууг
                            Үер дайраад яах вэ
                            Үнэнч хоёр сэтгэлд
                            Үг ороод яах вэ? 
Гэж хайрт Чимидлхамынхаа хүнч сайхан сэтгэл, хувиршгүй зан аашинд нь итгэн дуулж нутаг усандаа иржээ. Удалгүй хайрт хүүхэн Чимидлхамыгаа Жигаа ноёноос булаан авч ханилан сууж, үр хүүхэд олонтой өнөр өтгөн айл болж нутаг усандаа амьдарчээ.

Дарьгангын жаахан шарга

Дарьгангын жаахан шаргыг
Уяхан дуулсаар ганхирлаа
Дарьгангын жаахан хонгорт
Унан дурласаар бишэрлээ

Ар халхын нутаг минь
Дуугаар дутаад дуулсангүй
Арын сайхан хангай минь
Охидоор дутаад дурласангүй

Дуулах дуртай дуу минь
Үнэн сайхан үгтэй
Дурсан санаашрах тэр минь
Түвшин монгол зантай

Сайн дуу дуулаагүй бол
Сэтгэл юундаа уярах вэ
Сайхан чамтай учраагүй бол
Зүрх юундаа догдлох вэ

No comments:

Post a Comment