Friday, February 25, 2011

Ижилгүй хүчтэний тухай эргэн дурсахад

         Их Норов буюу бөх Нооноо гэж алдаршсан гайхамшигт хүчтэй хүн 1891-1938 он хүртэл Дарьганга нутгийн хоньчин гарт амьдарч байжээ. 1938 оны хавар, цагаан сараас хойхно Норов гуай манайд тэмээтэй ирж билээ. Ээж хоол хийхээр бэлтгэж эхлэхэд Танайх хоол зэхэж байгаа бол цадах хоол хийгээрэй гэсэнд аавын хор буцлав бололтой гадаа тэрэгний аралд хэц татаж борцолсон махны аль өөхтэйгөөс нь авч ирж хөшиглөв. Ээж гурил зуурч хонин тогоо дүүрэн хийгээд бүслүүртэй зөс агаруунд уудлаад өгөхөд цөмийг нь идэж билээ. Түүнээс хойш арваад хоногийн дараа “Бөх Норов баригдаж гэнэ гэж дуулаад” аав маань Миний нөхөр сүүлчийн удаа манайд хооллож дээ гээд уйлж байсан юм. Учир нь Норов гуай аав хоёр нас чацуу, нэг хийдийн нэг зиндааных байсан гэдэг. Бөх Норовын тухай миний ээжийн нагац ах Хаймчигийн Думбаа, Норовын хүчийг хэмжих аргагүй. Шадав гуайн манайхан нэг намар баруун Тосонгийн зүлгэн дээр эсгий хийж байлаа. Норов тэр үед ид хаваа гайхуулсан хорин хэдтэй залуу эсгий татаж байгаад тоогоо гүйцэхээр нь дээсээ мулталчихсанд эцэг нь “Тэнэг банди чи, эсгий задлахгүй газар дээр дур мэдэн дээс мулталлаа” гэж загнасанд Норов юу ч дуугаралгүй мориноосоо үсрэн бууж боодолтой эсгийг тэвэрч аваад “Хаана задлах гэсэн юм бэ, дуртай газарт чинь тавиад өгье” гэж байсан. Тэгэхэд Шадав гуай “Тэнэг банди чи эсгий тасалчихлаа, тавь” гэж загнан тавиулж байсан юм. Усанд цадсан гурван том эсгийг үхрийн хоёр нойтон ширний хамт нэг хүн өргөнө гэхэд хүний санаанд багтах уу гэж хуучилж байсныг хүүхэд ахуй цагтаа сонирхон сонсож билээ.
       1946 оны намар манайхыг Цагаан бургастайд намаржиж байхад Асгат сумын өвгөн Ваань гуай миний авга ах бүдүүн хэмээх Жамбаагийнд ирж хонохдоо өөрийн барилдаж явснаа дурсан ярихдаа: Би Дарьгангын Алтан овооны тахилгад Норовтой үзүүр түрүүнд гурав таарч, гурвууланд нь нь хаяж түрүүлсэн. Гарт нь баригдаагүйн аз. Хэрвээ тэр үед       Норовын гарт баригдсан бол шолго Ваань архи уугаад өдийд ингэж явж байхгүй байсан. Норов намайг барьсан бол гудас сэгсрэхээс амархан газар гуядах байсан даа. Норов зээрднүүдийн муу шолго хар гээд над их муу байдагсан. Учир нь овоо тахилга болоход би түүний хор шарыг хөдөлгөх санаатай бүсэндээ хазаар хавчуулж, хормойгоо шуучихаад аль олон хүн бөөгнөрсөн газар очиж “Тартай хүн түрүүлдэг юм бол би түрүүлнэ, тарган банди түрүүлдэг юм бол Норов юм нэг тэгэх байлгүй” гэж уурлуулан барилдааны ур чадвар, арга ухааныг нь мартагдуулах муу арга хэрэглэдэг байсан. Барилдахаар өрөхөд тэр намайг лавхан барьж авахаар хөөгөөд би баригдахгүй бултаж хөл алдуурах байдлаар өөрийн нь хүч бяраар шахуу гурав хаясан болсондоо гэж хуучилж байж билээ. Норов гуай бяр чадлаараа гайхуулаад зогсоогүй шашны урлагт гарамгай хүн байсан гэдэг. Дарьгангын хошуунд Молцогийн хийдийн цам шиг гайхалтай сайхан цамтай газар байгаагүй гэж хуучцуул ярьдаг. Түүнийг Норов гуай дэглэж найруулдаг байсан гэдэг юм. Цамын сургууль хийж байгаад Дамдингийн Осор, Дамчаан Содном гэсэн хоёр танхай банди муудалцаад ноцолдоход Норов гуай ар бүснээс нь нэг нэг гараараа шүүрч аваад дээр өргөн сарвагануулж байгаад “Яасан ууртай банди нар вэ, Дахиад ноцолдох уу” гээд довжоон дээрээс давхраар нь шидэж орхисон юм. Тохуурхан зөөлөн шидээгүй бол бид яаж амьд гарах вэ дээ гэж хожим нь Осор гуай ярьж байж билээ.
        Молцогийн хийдийн долоон цагаан банди гэж алдаршсан долоон сайн бөх байсан гэдэг. Бөх Норов, Жамъянбалдан, Мичгээренчин, Гоцгоренчин, Дэндээ, Жамба нарыг мэдэх бөхийн хорхойтнууд ингэж шагшин магтацгаадаг байсан. Норов гуайн зээ хүү Гонгорын Пүрвээ, Жамъянбалдан гуайн зээ охин Содвоогийн Байгалмаа нар өнөр өтгөн айл болж хотод амьдран суудаг дуулдсан.

No comments:

Post a Comment