Monday, October 29, 2012

Байгаль хамгаалагч

-    Тус сум нь орон нутагтаа “Тохьжилт 2012” болзолт уралдааныг зохион  багуулж дүгнэсэн. Үүнд: албан газар 2, ААНБ 2, Айл өрх 10-ыг тус тус шагнаж нийт 1.7 сая төгрөгөөр урамшуулсан. Энэхүү шагналыг гардуулах үйл ажиллагаан дээр АХА тэмцээнийг зохион байгуулсан.
-    Сумын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж айл өрх тус бүр хашаанаасаа 50*50 метрийн зайтай цэвэрлэгээ хийсэн. Тус цэвэрлэгээнд гараагүй буюу эзэнгүй байсан 23 айлуудад мэдэгдэл хүргүүлж цэвэрлүүлсэн.
-    Сумын Засаг даргын тамгын газраас амьдралын нөхцөл баталгаажих түвшингээс доогуур айл өрхүүдэд лизингээр хашаа барьж өгөх ажилд тамгын газрын бүх ажилчдыг тайчлан 5 хоног ажилласан. Ажлын хугацаанд 8 айлын хашаа барьсан.
-    Д.Маамын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн багш Г.Амгаланбаатартай хамтран байгальтай зөв боловсон харьцах, ан амьтан, ургамлыг танин мэдэх зорилгоор 8-р ангийн хүүхдүүдийн дунд сумаас баруун урагш байрлах Зараагийн уул руу явган аяллыг зохион байгуулсан. Мөн аяллын үеэр хог хаягдлыг түүж, хүүхдүүдэд хог хаягдлын талаар мэдээлэл өгсөн.
 
Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Байгаль хамгаалагч

-    Сумын хөгжил үзэсгэлэн худалдаанд сумын иргэдийн хийсэн бүтээгдэхүүн болон тарьж ургуулсан хүнсний ногоо, тасалгааны цэцэг зэргээрээ оролцсон. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр байгаль орчны хууль тогтоомжуудын талаар гарын авлага бэлдэж тараасан.
-    Сумаас баруун тийш 40 орчим км-т цагаан зээрийн хууль бус агналтын талаар эргүүл хийсэн. Энэ үеэр хууль бус ангийн талаар зөрчил гараагүй.
-    Дэлхийн байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй хамтарч “Хэний анги хамгийн аривч, хямгач, бүтээлч вэ?” хог хаягдалаар бүтээл хийх уралдааныг зохион байгуулсан.
-    Улаанбаатар хотын “Хот тохьжилт үйлчилгээний газрын ажлын хэсэгтэй хамтарч сумын төвийн эзэнгүй 70 нохойг устгасан.

Уулбаян сумын байгаль хамгаалагч П.Болортунгалаг мэдээлэв.

Monday, October 15, 2012

Хүнт ухаагийн хүн чулуу

Наран, Онгон, Дарьганга сумдын заагт Хүнт цагаан нуур гэдэг газар Хүнт ухаа нэртэй хоёр хүн чулуун хөрөг байдаг. Энэ хоёр хүн чулуу нь Дарьгангын хүн чулуун хөргөөс ихээхэн ялгаатай бараг Монголд ганцхан гэж хэлж болохоор тийм өвөрмөц хүн чулуу юм. Энэ хүн чулууг зарим хүмүүс бөхийн хүн чулуу гэж нэрлэдэг. Учир нь наадмын талбай бүхий өндөрлөг толгой дээр баруун, зүүн талын бөхчүүд шиг хооронд нь 80 орчим метрийн зайтай байрлуулж бөхийн өмсгөл бүхий зодог, туушуутай дүрсэлсэн ижил хос хүн чулуу болно. Биеийн хэлбэр нь булчинлаг бөхийн хэв шинжийг харуулснаас гадна эр хүний бэлэг эрхтэнг тод томруун дүрсэлсэн байдаг. Хоёр гарыг хүйсний дээд талд зангидаж хийсэн. Ийм учраас энэ хоёр хүн чулууг зарим эрдэмтэн судлаачид бөхийн хүн чулуу гэж үздэг.

Friday, October 12, 2012

“Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монгол, Хятад талуудын оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран энэ сарын 11-ны өдөр Баруун-Урт хотод Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аялах тав тухтай байдлыг хангах, хилийн боомтоор иргэдийг түргэн шуурхай, саадгүй нэвтрүүлэх, хоёр орны хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилгоор “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монгол, Хятад талуудын оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтанд Монголын талаас Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ж.Жавхаатөгс, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Мөнх-Учрал, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Шархүү, Цагдаагийн хэлтсийн дарга С.Эзэннайрамдах, Бичигт боомтын Шалган нэвтрүүлэх боомтын дарга М.Энхманлай, Хилийн цэргийн 0146-р ангийн Шалган нэвтрүүлэх тасгийн ажилтан А.Ариунзориг, Бичигт боомтын ажлын албаны дарга Д.Гансүх, Аян Трэйлс ХХК-ны Ерөнхий захирал Ч.Батзаяа, гүйцэтгэх захирал Урангоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Батболд, ӨМӨЗО-ны талаас Зүүн үзэмчин хошууны Засгийн ордны орлогч дарга Батмөнх, Аялал жуулчлалын товчооны дарга Цэцэнбаатар, аялал жуулчлалын товчооны ажилтан Х Дагуул, Гадаад явдлын албан гэрийн ажилтан Санчир, Хорио цээрийн байцаан шалгах товчооны дэд дарга Зан Юн Хун нар болон иргэд оролцлоо. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Аялал жуулчлалын чиглэлээр 2012, 2013 онуудад хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, ирэх 2013 оны 1-р сард ӨМӨЗО-ны Улиастай хошуунд “Хөх дорно” уран зургийн үзэсгэлэн, худалдааг хийхээр болсон.