Tuesday, April 26, 2011

Ламтын хүн чулуу

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 40 гаруй км-т Ламт хэмээх уулын баруун хормойд гурван хүн чулуун дурсгал байдаг.
Эдгээрийг шаргал өнгийн элсэн чулуугаар уран гоёмсог сийлж хийсэн бөгөөд бүгд түшлэгтэй исэр сандалд сууж байгаа дүрстэй. Хоёрынх нь толгой бүтэн бөгөөд оройдоо сампин бүхий зузаан хүрээтэй, бөмбөгөр оройтой, арагшаа налсан шилэвч бүхий малгайтай. Малгайн оройгоос урт залаа ар тийш нурууг нь даган унжжээ. Хоёр чихний араар олон салаалан гөрж багцалсан боосон шибилгэр гэзэг унжина. Нүүр царайг тун урлагтай сайн цоолборлож урласан бөгөөд хоёул тун төстэй, өргөн махлаг дугуй царайтай, хүүхдийн дүрс гэмээр. Нарийн ханцуй, урт хормойтой дээл өмссөн бөгөөд дээлийн энгэр заамыг гаргаагүй. Хөлдөө мөлгөр хоншоортой гутал өмссөн нь хормойн доороос цухуйна. Баруун гартаа урт иштэй цомбон хундага цээжний өмнө барьж зүүн гараа өвдөг дээр тавьжээ.
 
Гурав дахь хүн чулуу толгойгүй, цээжин бие баруун мөрнөөс зүүн өвдөг хүртэл ташуу цуурчээ. Мөн адил баруун гартаа хундага барьж зүүн гараа өвдөг дээр тавин түшлэгтэй сандалд суусан дүрстэй. Нарийн ханцуйтай урт дээлийн гадуур, тохойноос дээгүүр богино ханцуйтай дээлийн адил урт хормойтой хувцас давхарлан өмссөн байна. Зөв тийш ташуу энгэртэй, гурван өргөн эмжээртэйгээс гадна дээлийн зах орчимд малгайн сувсан сагалдрагын үлдэгдэл бий. Өвдөгт тавьсан гарын хуруу хумсыг маш бодитой уран сийлсан байна. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хавтага зүүсэн нь хормойн онооны завсраар цухуйж харагдана. Сандлын доод хэсгийг хар өнгийн бэхээр хээлэн будаж гоёсны үлдэгдэл бий. 
 
Эдгээр хүн чулууд нь дүгрэг хэлбэртэй, голыг нь хотойтол ухсан чулуун овооны төв дунд байсан бөгөөд чулуун овоо тус бүрийг малтан шинжихэд хүн оршуулсан булш бус, харин онгон тахилгын шинж чанартай дурсгал болох нь мэдэгдсэн билээ. Эндээс бас олон тооны мал алж хойлголон тахиж байсны үлдэгдэл олдсон билээ.
Эдгээр хүн чулууд Xlll-XlV зуун монголчуудын хүн чулуу бүтээх урлагийн бүх л онцлог шинжүүдийг агуулжээ.

No comments:

Post a Comment