Wednesday, November 23, 2011

МОНОС - / PADUS ASIATICA /

Монос нь сарнай овогт багтдаг. Дэлхий дээр хэд хэдэн төрлийн монос ургадгаас манай оронд Азийн монос тархсан байдаг.
Монос хавар эрт бусад мододоос түрүүлж цэцэглэхийн дээр чийглэг хөрсөнд илүү сайн ургадаг, мөн хүйтнийг маш сайн тэсвэрлэдэг. Монос анхилам сайхан үнэр бүхий цагаан цэцэгтэй. Тэрээр жил бүр цэцэглэдэг хэдий ч хаврын сүүлчийн хүйтрэлтээр цэцэг нь хөлдөх тул үр жимсний хэмжээ жил жилд харилцан адилгүй байдаг. Монос чимэглэлийн болоод эмийн чухал ургамал мөн. Тэрээр агаар дахь нянг фитонцидийг навчнаас ялгаруулж агаарыг цэвэршүүлдэг. Мөн төрөл бүрийн модон эдлэл чимэглэл хийгдэхэд ашиглагдахаас гадна түүний холтосноос ногоон, хүрэн, улаан өнгийн будаг гаргаж авдаг. Монос нь балт ургамал, цэцэглэлтийнхээ үеэр зөгийн бэлчээрт тун тохиромжтой.
Моносыг цэцэрлэгжүүлтэнд тарихдаа барилга, орон сууц, гудамж талбайд нэг нэгээр нь эсвэл бүлэглэж төгөл үүсгэж, мөн эгнээгээр тарьж болдог.
Хавар эрт монос дун цагаан цэцгээр бүрхэж орчиндоо анхилам сайхан үнэр түгээнэ. Намар хяруу унаж сэрүүн болох үеэр навчны өнгө хувирч улаан ягаан болох тул хус, агч, улиас зэрэг шаргал навчтай модны өнгө талаар тарихад чимэглэлийн содон өнгө төрхийг харуулна. Моносыг эгнээгээр тарихад мод хооронд 3-4 метр, бүлэглэж төгөл үүсгэн тарихад 2-3 метр зайтай тарина.
Монос нь чийглэг,сүүдэр газарт ургах дуртай тул барилга байгууламж, мөн бусад мододын сүүдэр талд тарих нь илүү тохиромжтой. Монос нэг дороос хэд хэдэн шилбэ үүсгэж ургах боловч багаас нь зөв арчлан хэлбэржүүлж чадваас ганц шилбэтэй, өргөн саглагар титэм бүхий мод хэлбэртэй ургана.

1 comment: