Tuesday, March 15, 2011

Чоно

 Саарал чоно (Canis lupus) буюу чоно Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан. ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг. Нэгэнтээ Еврази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хүний түрэлтээс болж энд тэнд устсаар хуучин эзэлж байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт амьдардаг болжээ. Гэсэн ч саарал чонын нийт тоо толгойг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй гэж үзсэн. Одоо чоно зарим нутагт хамгаалагдсан бол зарим нутагт спорт агнуурын амьтанд тооцогдсоор байгаагийн зэрэгцээ, малын дайсан хэмээн агнах явдал бий.
          Хүн, чоно хоёр зэрэгцэн оршдог нутагт чоныг домог, үлгэрт сайнаар ч муугаар ч олонтаа дүрсэлдэг.
          Түүхийн үүднээс авч үзэхэд монгол оронд Сибирийн хөх, төв азийн заримдаг цөлийн цөөвөр гэсэн хоёр төрөл чоно амьдарч байжээ.
Монгол нутагт орших Сибирийн хөх чоно биеийн галбир, үс зүс, эр чадал, үржих удамших зохицол, амьдрах арга, байрлал, хөдөлгөөн зэрэг онцлох шинжүүдээр дотроо:
1.Хангайн хөх
2.Дорнод талын буюу олны нэрлэснээр зээрийн цагаан 
3. Алтайн цаадахь говь заримдаг цөлийн шарга /улаан/ гэсэн гурван омогт хуваагддаг байна. Цаашид хангайн хөх, зээрийн цагаан, говийн шарга гэнэ.
Хангайн хөх нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, их говийн дархан газар, өмнө болон дорнын говь, Орхон, Дэлгэр мөрөн, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туулын сав, Дорнодын тал, хээрийн бүсийн өргөн уудам нутагт тархан амьдардаг.
Биеийн гальбир нь хөл богино, толгой том, махлаг, үс сахлаг, хар сор хөхөлбөр ноолууртай, дэлэрхүү, хөдөлгөөн удаан, үржимтгий багахан газар тогтвортой байрлаж, бартаатай газар бараадаж амьдарна.

 Зээрийн цагаан нь Сүхбаатар аймгийн Асгат, Зотол, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын нутаг Цагаан тэмээтийн говиос зүүн тийш Дорнод аймгийн Хөлөн Буйр, Булган, Матад, Лаг, Сангийн далай, Бангийн цагаан уул, Тамсаг, Бадам-Иш, Мэнэнгийних талууд, Хэрлэнгийн бургас, Халхын таван өндөр буйр нуурын сав, хилийн зурвас хавиар мэр сэр тааралдана. Зээрийн цагаан биеийн гальбир сайтай, цэх өндөр, хөл урт, шилбэ нарийн, борви суунги ясархуу, мах, сор бага, үс тачир, цайвар ноолууртай. Гайхалтай хурдан, холоос харна, сонсоно. Хөдөлгөөн түргэн, цагт 65 км хүртэл хурдална. Тарвага, цагаан зээр дагаж амьдарна. Бусад ан амьтан, малд төдийлөн хавьтдаггүй. Хангайн хөхтэй хамт амьдарч хоршин үрждэг. Ерөнхийдөө зожиг, ганц нэгээрээ голдуу үзэгдэнэ. 

Говийн шарга чоно Монгол Алтайн нурууны торгон үзүүр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Өндөр Богдын өвөр хоолой, Борзонгийн говиос Говь-Алтай аймгийн нутаг Хонин усны говь хүртэлх Алтайн цаадахь заримдаг цөлд амьдарна. Энэ чоно үл ялиг улаан шаргал зүстэй, монголд тэр бүр тааралддаггүй , урт бөгөөд том биетэй, гальбир сайтай аргагүй л өөр омгийн говийн чоно юм. Дэлэрхүү учир алсаас цээж өндөртэй мэт харагдана. Бие, сарвуу том, үс тачир, улаан шаргал ноолууртай, голлосон хар дэл, махлаг, хүч чадал ихтэйгээрээ бусад омгоос ялгарна. Өргөн уудам нутагт байрлана. Хөдөлгөөн удаан, илүү сонор, үнэрч. Тэмээ, хуланг тун төвөггүй барина. Тооны хувьд олон биш. Аюул ихтэй. Хангайн хөхтэй холилдон амьдарна.
Азарга бол сүргийн манлай сүр хүчин, хамгийн эр чадалтай чоно. Бүл бүрэлдүүлэгч хүчин, сүргийн удирдагч, гичийний насны хань байдаг. Яс бие сайтай азарган чоно 14 нас хүрнэ. Гэхдээ үржлийн чадвартай үе нь 2-9 нас юм. Гичий ямар нэгэн шалтгаанаар эндээгүй байхад азарган чоно өөр гичийд хавьтахгүй, бусад азаргыг ч сүрэгт ойртуулахгүй. Сүргийн гишүүдийг захирч тэднийг нарийн дэг горимд оруулахад гичийнд туслана. Ёс журам, дэг алдагсдад архирч санаа дохио өгч, хазаж хэмхэж тухай бүр хувийн арга хэмжээ авна. Азарганаас эмээдэггүй чоно гэж үгүй. Гичий хүртэл жийрхэнэ. Азарган чоно гичийний хээл хамгаалах, зулзагалах нүхийг ухаж бэлэн болгох, хээл хүндэрсэн, зулзагалсан үед мах, ус зөөж гичийг тэжээж ундалж, сувилах, асрах үүргийг дагнан гүйцэтгэнэ. Гичий байхгүй үед сүргээ хооллуулж, орчин тойрны аюулыг мэдэрч сэрэмжлэж, зулзагаа зөөж шинэ байрлал, орчинг сонгоно. Орооны хугацаанд болон гичийг зулзагалсан үед сүргийн цэгц, харуул, сэргийлэгч, мэдээлэгч, удирдлага зохицуулагчийн зэрэг хүний санаанд оромгүй ер бишийн олон үүргийг азарган чоно дангаар гүйцэтгэнэ. Азарга орооныхоо өмнөх 7-10, орооны 7, дараахь хээл хамгаалах 45, нийтдээ 60 хоног гичийнд ямар ч эрх мэдэл өгөхгүй бүрэн захирч, зулзагалахын өмнөх 20, хойнох 10 хоног, мөн өвчилсөн , шархадсан үед хоол унд зөөж үйлчилнэ.

 Гичий бол сүргийн амьдрал, байрлал, хөдөлгөөн үйлдэл, дэг ёс, дотоод гадаад харилцааг зохицуулагч гол удирдлага юм. Жилийн ихэнх хугацаанд бүл сүргийг удирдан чиглүүлэх цэгцийн хариуцлагатай үүргийг гичий чоно гүйцэтгэнэ. Тийм ч учраас сүргийн дотор нутаг орчноо хамгийн сайн мэдэгч, үнэрч, ажигч гярхай нь гичий чоно байж тухай бүр гарсан өөрчлөлтийг тагнан мэдэрч шинжиж зохицуулна. Хаа газрын аюултай, хамгийн хадарган чоно нь гичий байдаг. Мал, ан амьтан юу тааралдсаныг голдуу гичий чоно барина. Чонын нэг сонин зохицол нь азарга, гичий хоёр үе тэнгийн, насны зөрүүгүй шахам байдаг явдал юм. Гичий насан туршдаа нэг азаргатай нийлж 7-8 удаа зулзагална. Залуухандаа буюу анхныхаа 1-2 дахь зулзагалалтаараа хааяа 12 хүртэл бэлтрэг гаргах бөгөөд, нас ахих тутам гаргах зулзаганы тоо 2 хүртлээ цөөрдөг байна. Түүнээс хойш азаргаа хавьтуулахаа больж насны эцэс рүү 2-3 жил зулзагалдаггүй. Сүргээр явахдаа гичий бусдаас түрүүлж явж, зах барьж, зайдуу хэвтэнэ.
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12-р сарын 24-ны өдрийн 411-р тушаалаар тоо толгой нь цөөрч байгаа саарал чоныг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай агнахыг хориглосон байдаг.

No comments:

Post a Comment