Thursday, March 24, 2011

"Байгаль орчны ажилтнуудын 2-р зөвлөгөөн боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн Засаг даргын тамгын газар хамтран  Дэлхийн ойн өдөр болон Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Байгаль орчны ажилтнуудын 2-р зөвлөгөөн”-ийг энэ сарын 21- 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.  
Уг зөвлөгөөнд урилгаар БОАЖЯ-аас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Д.Шижирболд, Ойжуулалтын зураг төслийн товчооны газрын дарга  Д.Чулуундорж нараас гадна бүх сумдын БОХУБ, байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ, Ойжуулалт хайлааст ХХК зэрэг 70 гаруй хүн оролцлоо. Зөвлөгөөний үеэр БОАЖГазар салбартаа амжилт гаргасан БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагчид, идэвхтэн байгаль хамгаалагчиддаа шагнал гардууллаа. БОАЖЯ-ны жуух бичгээр Баяндэлгэр сумын БОХУБ А.Дамдинжав нарын хүмүүсийг шагнаж урамшууллаа. Мөн БОАЖГ-ын тэргүүний ажилтан цол тэмдгээр МХГ-ын улсын ахлах байцаагч Г.Ариунболд энгэрээ мялаасан бол аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр Тохижилт-үйлчилгээ ОНӨҮГ-ын Б.Цэрэнлхам, Ус цаг уур орчны шинжилгээний албаны Х.Туул, БОАЖГ-ын шагналаар Ойжуулалт-Хайлааст ХХК-ийн Р.Сарангэрэл, Баруун-Урт сумын идэвхтэн байгаль хамгаалагч Д.Лхагважав, Б.Гомбожав нар тус тус шагнагдлаа. Мөн өнгөрсөн  онд БОХУ-ын байцаагч нарын дунд зарласан уралдаанд нэгдүгээр байр шалгараагүй учир 2-р байрыг Баруун-Урт сумын БОХУ-ын байцаагч Н.Гантөмөр өргөмжлөл 100 мянган төгрөг, 3-р байрыг Дарьганга сумын БОХУБ Ц.Оюунгэрэл, Түвшинширээ  сумын БОХУБ Я.Батцогт нар тус тус эзлэн өргөмжлөл 50 мянган төгрөгөөр шагнууллаа. 
Зөвлөгөөн хоёр хэсэгтэй болсон бөгөөд эхний өдөр байгаль орчны ажилтнуудын зөвлөгөөн болон телевизийн хэлэлцүүлэг болж өндөрлөсөн бол хоёрдахь өдөр МБОИЗ-ийн хурал цуглаан, байгаль орчны ажилтнуудын дунд гар бөмбөгийн тэмцээн, теннесний тэмцээн болж өндөрлөсөн юм. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 10 баг оролцсоноос 1-р байранд Прокурорын баг, 2-р байранд Цайрт-Минерал ХХК-ийн баг,  3-р байранд ЗДТГазрын баг тус тус шалгарлаа.  

Tuesday, March 15, 2011

Чоно

 Саарал чоно (Canis lupus) буюу чоно Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан. ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг. Нэгэнтээ Еврази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хүний түрэлтээс болж энд тэнд устсаар хуучин эзэлж байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт амьдардаг болжээ. Гэсэн ч саарал чонын нийт тоо толгойг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй гэж үзсэн. Одоо чоно зарим нутагт хамгаалагдсан бол зарим нутагт спорт агнуурын амьтанд тооцогдсоор байгаагийн зэрэгцээ, малын дайсан хэмээн агнах явдал бий.
          Хүн, чоно хоёр зэрэгцэн оршдог нутагт чоныг домог, үлгэрт сайнаар ч муугаар ч олонтаа дүрсэлдэг.
          Түүхийн үүднээс авч үзэхэд монгол оронд Сибирийн хөх, төв азийн заримдаг цөлийн цөөвөр гэсэн хоёр төрөл чоно амьдарч байжээ.
Монгол нутагт орших Сибирийн хөх чоно биеийн галбир, үс зүс, эр чадал, үржих удамших зохицол, амьдрах арга, байрлал, хөдөлгөөн зэрэг онцлох шинжүүдээр дотроо:
1.Хангайн хөх
2.Дорнод талын буюу олны нэрлэснээр зээрийн цагаан 
3. Алтайн цаадахь говь заримдаг цөлийн шарга /улаан/ гэсэн гурван омогт хуваагддаг байна. Цаашид хангайн хөх, зээрийн цагаан, говийн шарга гэнэ.
Хангайн хөх нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, их говийн дархан газар, өмнө болон дорнын говь, Орхон, Дэлгэр мөрөн, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туулын сав, Дорнодын тал, хээрийн бүсийн өргөн уудам нутагт тархан амьдардаг.
Биеийн гальбир нь хөл богино, толгой том, махлаг, үс сахлаг, хар сор хөхөлбөр ноолууртай, дэлэрхүү, хөдөлгөөн удаан, үржимтгий багахан газар тогтвортой байрлаж, бартаатай газар бараадаж амьдарна.

 Зээрийн цагаан нь Сүхбаатар аймгийн Асгат, Зотол, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын нутаг Цагаан тэмээтийн говиос зүүн тийш Дорнод аймгийн Хөлөн Буйр, Булган, Матад, Лаг, Сангийн далай, Бангийн цагаан уул, Тамсаг, Бадам-Иш, Мэнэнгийних талууд, Хэрлэнгийн бургас, Халхын таван өндөр буйр нуурын сав, хилийн зурвас хавиар мэр сэр тааралдана. Зээрийн цагаан биеийн гальбир сайтай, цэх өндөр, хөл урт, шилбэ нарийн, борви суунги ясархуу, мах, сор бага, үс тачир, цайвар ноолууртай. Гайхалтай хурдан, холоос харна, сонсоно. Хөдөлгөөн түргэн, цагт 65 км хүртэл хурдална. Тарвага, цагаан зээр дагаж амьдарна. Бусад ан амьтан, малд төдийлөн хавьтдаггүй. Хангайн хөхтэй хамт амьдарч хоршин үрждэг. Ерөнхийдөө зожиг, ганц нэгээрээ голдуу үзэгдэнэ. 

Говийн шарга чоно Монгол Алтайн нурууны торгон үзүүр Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Өндөр Богдын өвөр хоолой, Борзонгийн говиос Говь-Алтай аймгийн нутаг Хонин усны говь хүртэлх Алтайн цаадахь заримдаг цөлд амьдарна. Энэ чоно үл ялиг улаан шаргал зүстэй, монголд тэр бүр тааралддаггүй , урт бөгөөд том биетэй, гальбир сайтай аргагүй л өөр омгийн говийн чоно юм. Дэлэрхүү учир алсаас цээж өндөртэй мэт харагдана. Бие, сарвуу том, үс тачир, улаан шаргал ноолууртай, голлосон хар дэл, махлаг, хүч чадал ихтэйгээрээ бусад омгоос ялгарна. Өргөн уудам нутагт байрлана. Хөдөлгөөн удаан, илүү сонор, үнэрч. Тэмээ, хуланг тун төвөггүй барина. Тооны хувьд олон биш. Аюул ихтэй. Хангайн хөхтэй холилдон амьдарна.
Азарга бол сүргийн манлай сүр хүчин, хамгийн эр чадалтай чоно. Бүл бүрэлдүүлэгч хүчин, сүргийн удирдагч, гичийний насны хань байдаг. Яс бие сайтай азарган чоно 14 нас хүрнэ. Гэхдээ үржлийн чадвартай үе нь 2-9 нас юм. Гичий ямар нэгэн шалтгаанаар эндээгүй байхад азарган чоно өөр гичийд хавьтахгүй, бусад азаргыг ч сүрэгт ойртуулахгүй. Сүргийн гишүүдийг захирч тэднийг нарийн дэг горимд оруулахад гичийнд туслана. Ёс журам, дэг алдагсдад архирч санаа дохио өгч, хазаж хэмхэж тухай бүр хувийн арга хэмжээ авна. Азарганаас эмээдэггүй чоно гэж үгүй. Гичий хүртэл жийрхэнэ. Азарган чоно гичийний хээл хамгаалах, зулзагалах нүхийг ухаж бэлэн болгох, хээл хүндэрсэн, зулзагалсан үед мах, ус зөөж гичийг тэжээж ундалж, сувилах, асрах үүргийг дагнан гүйцэтгэнэ. Гичий байхгүй үед сүргээ хооллуулж, орчин тойрны аюулыг мэдэрч сэрэмжлэж, зулзагаа зөөж шинэ байрлал, орчинг сонгоно. Орооны хугацаанд болон гичийг зулзагалсан үед сүргийн цэгц, харуул, сэргийлэгч, мэдээлэгч, удирдлага зохицуулагчийн зэрэг хүний санаанд оромгүй ер бишийн олон үүргийг азарган чоно дангаар гүйцэтгэнэ. Азарга орооныхоо өмнөх 7-10, орооны 7, дараахь хээл хамгаалах 45, нийтдээ 60 хоног гичийнд ямар ч эрх мэдэл өгөхгүй бүрэн захирч, зулзагалахын өмнөх 20, хойнох 10 хоног, мөн өвчилсөн , шархадсан үед хоол унд зөөж үйлчилнэ.

 Гичий бол сүргийн амьдрал, байрлал, хөдөлгөөн үйлдэл, дэг ёс, дотоод гадаад харилцааг зохицуулагч гол удирдлага юм. Жилийн ихэнх хугацаанд бүл сүргийг удирдан чиглүүлэх цэгцийн хариуцлагатай үүргийг гичий чоно гүйцэтгэнэ. Тийм ч учраас сүргийн дотор нутаг орчноо хамгийн сайн мэдэгч, үнэрч, ажигч гярхай нь гичий чоно байж тухай бүр гарсан өөрчлөлтийг тагнан мэдэрч шинжиж зохицуулна. Хаа газрын аюултай, хамгийн хадарган чоно нь гичий байдаг. Мал, ан амьтан юу тааралдсаныг голдуу гичий чоно барина. Чонын нэг сонин зохицол нь азарга, гичий хоёр үе тэнгийн, насны зөрүүгүй шахам байдаг явдал юм. Гичий насан туршдаа нэг азаргатай нийлж 7-8 удаа зулзагална. Залуухандаа буюу анхныхаа 1-2 дахь зулзагалалтаараа хааяа 12 хүртэл бэлтрэг гаргах бөгөөд, нас ахих тутам гаргах зулзаганы тоо 2 хүртлээ цөөрдөг байна. Түүнээс хойш азаргаа хавьтуулахаа больж насны эцэс рүү 2-3 жил зулзагалдаггүй. Сүргээр явахдаа гичий бусдаас түрүүлж явж, зах барьж, зайдуу хэвтэнэ.
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12-р сарын 24-ны өдрийн 411-р тушаалаар тоо толгой нь цөөрч байгаа саарал чоныг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай агнахыг хориглосон байдаг.

Wednesday, March 9, 2011

Байгаль орчин, аялал жуулчлалын газар


АЛСЫН ХАРАА: Аймгийн хэмжээнд өнөө болон ирээдvй vеийнхний эрх ашгийн үүднээс байгаль орчныг хамгаалах, тvvний баялгийг зүй зохистой ашиглах, жам ёсоор нь нөхөн  сэргээх боломжийг бүрдүүлэх хэрэгт  төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын чармайлт тэмцэл, санаачлагыг чиглүүлж, хүний эрүүл, аюулгvй орчинд амьдрах эрхийг бүрэн хангасан, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулсан байна.
ТАНИЛЦУУЛГА: Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь анх БО-ны сайдын  2003 оны 01-р сарын 31-ний өдрийн  18 тоот тушаалаар Байгаль орчны  Алба нэртэйгээр    Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагаар ажиллаж, баталсан дүрмийн дагуу  5 орон тоотойгоор, байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас санхүүжин, албаны дарга, 2 мэргэжилтэн, ня-бо, жолооч гэсэн орон тоотойгоор ажиллаж байсан.
2008 оны 12-р сарын 24-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын 67 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар  байгуулагдаж, дотроо Ус, цаг уур, орчны шинжилгээний албатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.  Мөн Байгаль орчны чиглэлээр сумдын Тамгийн газарт БО-ны бодлого, хяналт, газрын асуудал хариуцсан ажилтнууд, байгаль хамгаалагчдтайгаа хамтран байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр  төрийн  болон нутгийн захиргааны байгууллагуудаар бодлогын шийдвэр гаргуулах, гарсан шийдвэрийн   хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд нь технилогийн хяналт тавих зэрэг асуудлыг хариуцан гүйцэтгүүлдэг.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН  БҮРЭЛДЭХҮҮН:
1.Дарга  М.ИДЭРБАТ
2. Ус, БОНБҮ хариуцсан,   ахлах мэргэжилтэн, Н.МӨНХБААТАР
3. Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан мэргэжилтэн П.АРИУНБОЛД
4. Ан агнуур, амьтны аймаг хариуцсан мэргэжилтэн  Ш. БАЛДАНДОРЖ
5.Ойжуулалт, ургамлын аймаг, цөлжилт хариуцсан мэргэжилтэн  М.БОРЧУЛУУН
6.Уул уурхай, газрын хэвлий хариуцсан мэргэжилтэн Ш.НЯМХҮҮ
7. Мэдээллийн сан, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Р.ОТГОНБААТАР
8. Нягтлан бодогч Х.БАЯРМАА
9. Бичиг хэрэг, архив, дотоод ажил хариуцсан  ажилтан Т.ТҮМЭНЖАРГАЛ
10. Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.ГҮРСОРОНЗОН
11. Наран сумын байгаль хамгаалагч М. ГАНБАЯР
12.Эрдэнэцагаан  сумын байгаль хамгаалагч  Ц.ПҮРЭВНЯМ
13. Баруун-Урт сумын байгаль хамгаалагч  Б.ЭРДЭНЭБАЯР
14. Эрдэнэцагаан суман дахь “ Бичигт ” ОУХБ-ын байгаль хамгаалагч А.ГАНСҮХ
15. Жолооч  Д. МИЖИДДОРЖ
Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний алба /Дарга нь  Х.ЭНХБАЯР/, нийт 60 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг юм. Мөн 5 сум, 1 хилийн боомтод байгаль  хамгаалагч ажилладаг.  

Wednesday, March 2, 2011

Халиун буга

 Засгийн газрын 2001 оны 264 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан “ХОВОР АМЬТНЫ” жагсаалтанд орсон Халиун буга /Cervus elaphus/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Баруун зүүн араат орчимд 2002 онд 187, 2004 онд 154, 2009 онд 200 гаруй тоотой болж 40 км-ийн урт, 18 км-ийн өргөнтэй бэлчээрт дархан нутаглаж байна. Өвөл зузаан цас, зун ялаа шумуул, халуунаас зайлж байршлаа өөрчлөх бөгөөд зүйл бүрийн нарийи өвс, мод, бутны залуу мөчир, навч нахиа, хушны самар, хагд өвс, мөөгөөр хооллоно. Ерөнхийдөө халиун зүсмийн боловч цаг  улирлын байдлаар улаавтар, хүрэвтэр, цайвар, хөхөвтөр халиун болж өнгөө сольдог.
           Манай орны туурайтны дотор томд тооцогддог халиун бугын биеийн урт нь 130-140 см, өндөр нь сэрвээгээрээ 115 - 155 см, хүнд нь 350 кг хүрнэ. Бие гүйцсэн буга нэг талдаа 5-6 (хааяа 7-9) салаа бүхий хос эвэртэй. Хос эврийн хүнд 3- 7 кг байна. Буга арав гаруй толгойгоор сүрэглэх боловч, аргил бүдүүн буга голдуу ганцаар явна. Бие гүйцсэн бугын эрийг дайр, тураг, эмийг согоо, марал, нялх тугалыг илий, нэг настай тугалыг зоргол, хоёр настайг жий, гурван настайг цөх, дөрвөн настайг дайрга гэж нэрлэдэг.
           Согоо нь зуны эхээр нэг илий төрүүлнэ. Илий нь нялхдаа цоохор зүстэй байдаг. Бугын ясан эвэр II-V сард унаж, оронд нь III - VII" сард цусан эвэр ургаж эхлэн VIII сард ясжина. Халиун буга бол сайн чанарын арьс, амтлаг мах, чухал түүхий эд болох ясан ба цусан эвэр өгдөг амьтан юм. Мах нь ерөнхий чанарын хувьд үхрийн махтай адил тул борц хийсэн ч болдог. Нас гүйцсэн том буганаас 180 кг мах, 40 кг гадар өөх авч болно. Арьсны талбай нь дунджаар 170-294 дм2 хүрдэг. Арьсаар иь сайн чанарын хөм, хром, илэг хийж болно. Мөн цусан эврийг нь эм бэлдмэл хийхэд өргөн хэрэглэдэг.
           Манай аймагт байгаа халиун бугын тоо толгой 2004 онд мэргэжлийн байгууллагын хийсэн нөөцийн үнэлгээнээс хойш буураагүй өссөн байж болох магадлалтайг дараах тоо баримт харуулж байна. БОАЖГ-ын мэргэжлийн баг 2009 оны 8-р сард Лхачинвандад уулын халиун бугын тархалт байршлыг тандан хэсэгчилсэн нөөцийн үнэлгээ хийсэн. Энэ үед Зүүн араат, Ар хөндлөн, Лхачинвандад орчмын 20 км-ийн замналд 38 толгой буга тааралдсны 10 тухайн жилийн төл Илий байсан. БОАЖЯ-аас 2009 оны 11-р сард хийлгэсэн цагаан зээрийн нөөц тогтоолтоор явах үед Ар бургастай гэдэг газар 100 гаруй бугатай тааралдлаа гэж Эрдэнэцагаан сумын Л.Тулга, ХЦ-ийн  гэрээт хилчин С.Баяр нар тус тусдаа бидэнд мэдээлсэн нь дээрх таамаглалыг баталгаажуулж байна.