Monday, January 24, 2011

Байгалийн дурсгалт газар

а. Шилийн богд уул: Дарьганга сумын төвөөс зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м өргөгдсөн Сонин тогтоцтой сүрлэг өндөр сөнөсөн галт уул, Шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж байсан түүхт уул бөгөөд энэ уулын ойролцоо Чингис хааны нэртэй холбоотой түүхэн домог болж үлдсэн Чингисийн гүүн зэлний гадас, Чингисийн морины уяа зэрэг олон дурсгалт газрууд бий.
Түүнчлэн баруун Ацаа дахь шилийн сайн эрс морьдоо усалж тухалдаг байсан цэвэр цэнгэг уст долоон тогоо, Ду ноёны адуу дүүрч багтдаг “Агт нь хүрээт” хэмээх хонхор зэрэг домогт газруудыг нэрлэж болно. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий. Энэ газарт 70 гаруй зүйлийн эмийн болон идэшний ургамал, монос, гандигар, хайлаас, бургас, гүйлс, буйлс, харгана зэрэг модлог ургамал ургадаг.
 
Талын агуй: Шилийн богд уулаас баруун хойш 14 км-т цагаан тал дээр оршино. Галт уулын хүрмэн чулууны хийн зайд тогтсон энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай бөгөөд манай галт уулын хүрмэн чулууны хийн зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь юм. Талын агуй бол Монгол оронд мэдэгдээд байгаа 200 гаруй агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь юм гэж манай агуй судлаачид бичсэн юм. 
Агуй дотор хүрмэн чулуун асга хад, мөсөн цацаг, цан хүүрэгтэй хүрмэн чулуу хөрөхдөө мушгиран унин тогтсон сонин тогтоцтой нэн үзэмжтэй. 
 
 
б. Хөргийн хөндий: Дарьганга сумаас зүүн тийш 45 км-т хойноосоо урагш чиглэлтэй нарийхан хөндий бий. Энэ хөндий дунд хөрөг зураг гэлтэй 7 хүн чулуун хөшөө байдаг. Эдгээр хүн чулуунууд XIII-XIV зууны түүхэнд хамаарах бөгөөд ихэнх нь малгай гуталтай хирнээ биедээ ямар ч хувцасгүй дүрслэгдсэн онцлогтой.  Түүнчлэн бүгд наран ургах зүгт хандсан байрлалтай.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ах дүү хоёр овооны домог

Шартын хад
Алтан овоо, Дөхөмийн Баян-Овоо хоёр ах дүү юм гэнэ. Дөхөмийн Баян-Овоо алс газар одоод эргэж ирэх замд нь их цэрэг тааралдаж саатуулснаас тэндээ үүрд үлдсэн байна. Тэр их цэрэг нь Шартын хад юм гэнэ. Тиймээс Шартын хадыг цэрэг шинжтэй гэдэг. Дөхөмийн Баян-Овооны дээр гараад баруун тийш харахад холоос ирсэн гэлтэй өргөн зурвас байдаг.
Түүнийг Дөхөмийн Баян-Овооны заларч явсан зам нь гэдэг. Ах дүү хоёр овоо алсаас бие биедээ харагддагийн учир ийм гэнэ.

Овооны тахилга наадам

Одоогоос 200 гаруй жилийн өмнө Алтан овоог Захын хар өндөр, Баяндулаан уулыг Хүйтэн хар өндөр гэж нэрлэдэг байжээ. Энэ нутагт Манжийн хааны сүргийг байгуулсантай холбогдуулж Захын хар өндрийг тахиж шүтэн Алтан дарь овоо /Алтан овоо/ гэдэг нэртэй болжээ. Алтан овооны тахилга наадам ямархуу болдог байсан талаар 1922-1936 онуудад тус овооны тахилга наадамд хүүхэд ахуй цагаасаа эхлэн жил тутам оролцож байсан Баруун-Урт хотын ОСГ-ны зургадугаар хорооны харьяат өндөр настан Ө.Монголжийбуу дурсахдаа:
          Тус овооны наадмаас хойш 53 жил болжээ. Овооны тахилга нь хоёр цаг орчим үргэлжилдэг байсан. Урьд орой нь жороо морьдын уралдаан явагддаг. Овооны наадам нь гурван өдөр болдог бөгөөд эхний өдрийн наадмыг овооны баруун талд хийж, их насны морьдыг баруун хойноос уралдуулж, хоёр дахь өдөр нь асар майханаа овооны зүүн талд шилжүүлж азарга, соёолон хоёрыг хамтад нь, гурав дахь өдөр нь хязаалан насны морьдыг зүүн урд талаасаа уралдуулдаг байсан. Шүдлэн, дааган насны адууг уралдуулдаггүй байв. Их насны морины уралдаанд Ламын гэгээний саарал морь олон удаа түрүүлсэн. Тус наадамд 100 гаруй хүчит бөх барилдаж, овоон сүмийн Довжир гэдэг хүн олон удаа түрүүлсэн. Овооны тахилгыг одоогийн Уулбаян сумын нутагт байсан Ламын хүрээнд шавилан сууж байсан Ламын гэгээн /Орлой мэргэн хутагт/ гэдэг лам манжийн хааны зарлигаар удирдан явуулдаг байжээ. Овооны орой дээрх Алтан ганжирт Батцагаан суварганы баруун зүүн талд чулуугаар босгосон жижигхэн зургаа зургаа зургаа нийтдээ арван гурван овоо байдаг бөгөөд овоо тахих үед Дарьгангын хошууны дарга Авирмэдийн хийлгэсэн хоёр метр гаруй өндөр Алтан овооны наамал хөргийг урагш нь харуулж Батцагаанд өлгөж байрлуулдаг байв. Дарьгангад тэр үед байсан 13 сүм хийдийн лам нар, хошууны дарга ноёд, бүх хэргэм тушаалтнууд отго жинстэй малгай, цол хэргэмтэйгээ ирж наадамд оролцдог байлаа.
            Батцагааны урд талд байрлуулсан дэлгэмэл овооны зүүн гар талд баруун тийшээ дунжаалан харж суусан Овоон сүмийн лам нарын эхэнд Ламын гэгээн /Орлой мэргэн хутагт/ сууна. Молцогийн хийдийн лам нар баруун гар талд нь зүүн тийшээ өөд өөдөөсөө харж суудаг. Дээрх маягаар тус хошууны бүх сүм хийдээс ирсэн лам нар сууж, сүм тус бүр хонины махан цонхор боов, чихэр цагаан идээгээр бэлтгэсэн идээ цай бэлтгэж, сэржэм өргөн тахилгынхаа журам номыг уншиж, сүм хийд бүхэн хонх дамар, хэнгэрэг цан, бүрээ бишгүүр нэгэн зэрэг нижигнүүлэн дуугаргадаг нь сонирхолтой бөгөөд сүр нүргээнтэй үйл явдал болдог байсан. Овооны тахилгыг хийгээд ар тал руу нь бууж ноён, хатан, бэр, хүүхдүүд нь хөргүүдэд мөргөж, хадаг тавьж, идээ будааныхаа дээжийг өргөдөг байсан.

Friday, January 21, 2011

Торойн зам

Торой банди Хүрээний шоронгоос ардын тусламжтайгаар гараад Дарьганга чиглэн мордсон гэнэ. Түүний оргон зугтсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэг Торойн хойноос нэхсэн гэнэ. Торой банди баригдахгүй л гээд давхисан гэнэ. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дарьганга нутагт хүрчээ.
             Торой банди Алтан-Овоо буюу Дарь овоонд нуугдах гэж бодсон бололтой. Тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нарч мөн  самбаатай эрс юм. Хэдийнээ мэдээд Дарь овоог гурван талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүслэлтийн аргад их мэргэжсэн бололтой Дарь овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүйг мэдээд хойно, баруун, зүүн гурван талыг бүслээд уул өөд урагшилж гэнэ. Моринд сайн арга самбаатай Торой, Дарь овооны өмнө зүг ажиг ч үгүй буугаад давхичихаж гэнэ. Цагдаа нарын мэргэн арга Торойн аргыг дийлсэнгүйд уурласан бололтой уулан дээрээс ширүүхэн шиг буугаад бас л нэхэж гэнэ. Нэхээд ч яахав дээ Торой бараа сүүдэргүй торойгоод морилчихсон байжээ.
             Алтан-Овоо буюу Дарь овооны өмнө зүг буусан замыг Дарьгангачууд Торойн зам гэж нэрлэжээ. Торойн зам гэвэл Дарьгангад мэдэхгүй хүн бараг байхгүй.
***    ***    ***
Торой банди баяд ноёдоос авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад түгээн өгдөг байжээ. Торой банди нэгэн ядуу хүнд нэг морь өгсөн гэнэ. Тэгээд Торой банди хэлсэн нь: Энэ морийг газрын түшмэлийн адуунаас авсан юм шүү! Адуучин нь ирээд морио үзэж танивал Торойгоос худалдаж авсан гэх буюу эсвэл Торой өгсөн гэж хэлээрэй. Хэрэв авч явбал нутаг ус, нэр овгийг нь сайн асууж мэдээрэй! Гэж хэлээд явсан гэнэ. Тэгтэл түүнээс хойш нөгөөх түшмэлийн адуучин нь ирээд морио үзэж таниад аваад явсан гэнэ. Тэр хүн Торойн хэлснээр овог нэр, нутаг усыг нь мэдээд Торой бандид хэл хүргүүлжээ. Торой банди сонсоод өөрийн хань нөхдийн хамт тэр морины эзнийд очоод адуунаас нь шилж байгаад 10-20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Торой банди “Төрийн бөөс” гэж алдаршсан бөгөөд баяд, ноёд өөрийн адуу малаа үзэж таниад...”Торой өгсөн”, “Торойгоос авсан” гэвэл буцааж авдаггүй, авах гэж хөөцөлддөг ч үгүй болсон гэнэ. Учир нь аягын чинээ алтаа хайрлаж, авдрын чинээ алт гээхээс айгаад авахаа больсноос бус өрөвдөж өршөөсөн биш гэнээ.