Онгон сумын төвөөс урд зүгт 40 гаруй км зайд Шивээт хэмээх навхавтар ухаагийн зүүн өмнөд энгэрээр дөрвөн хүн хөрөг чулуу хоорондоо 97-116 м зайтай хойноос урагш цувран байрласан буй. Эдгээр хөргүүд нь ойролцоогоор 10 м голчтой, 70-80 см өндөр, дүгрэг хэлбэрээр чулуу овоолж хийсэн байгууламжийн дунд байна. Хөргүүдийн нэгээс бусад нь тун уран нарийн хийцтэй, Xlll-XlV зууны монгол хүн чулууны шинж төрхийг бүрэн илэрхийлж чадахуйц төгс дүрслэлтэй байжээ. Ялангуяа ногоовтор өнгийн элсэн чулуугаар хийсэн хөрөг нь нэн гайхамшигтай уран чадварлаг хийц дүрслэлтэй юм. Энэ хөргийг түшлэгтэй зөрүүлсэн хөлтэй исэр сандал дээр залран суусан байдлаар урлаж баруун гараа цээжиндээ авч ямар нэгэн сав суулга барьж байсан бололтой. 1983, 1985 оны шинжилгээгээр хамгийн хойд болон урд захын хөргүүдийн дэргэдэх чулуун байгууламжийг малтан судалж эдгээрийн цаг үеийг тодотгох олдвор илрүүлж олсон билээ. Тухайлбал: эхний малтлагаар хамгийн болхи хийцтэй хөргийн арын чулуун дараасын дор зангидмал модон авсанд хийж оршуулсан эмэгтэй хүний оршуулга гарсныг дагалдуулан Xl, Xll зууны үед холбогдох зоос гарсан нь Юан гүрэн буюу Xlll-XlV зууны үед гүйлгээнд байсан зоос байжээ
No comments:
Post a Comment