Friday, February 25, 2011

Ижилгүй хүчтэний тухай эргэн дурсахад

         Их Норов буюу бөх Нооноо гэж алдаршсан гайхамшигт хүчтэй хүн 1891-1938 он хүртэл Дарьганга нутгийн хоньчин гарт амьдарч байжээ. 1938 оны хавар, цагаан сараас хойхно Норов гуай манайд тэмээтэй ирж билээ. Ээж хоол хийхээр бэлтгэж эхлэхэд Танайх хоол зэхэж байгаа бол цадах хоол хийгээрэй гэсэнд аавын хор буцлав бололтой гадаа тэрэгний аралд хэц татаж борцолсон махны аль өөхтэйгөөс нь авч ирж хөшиглөв. Ээж гурил зуурч хонин тогоо дүүрэн хийгээд бүслүүртэй зөс агаруунд уудлаад өгөхөд цөмийг нь идэж билээ. Түүнээс хойш арваад хоногийн дараа “Бөх Норов баригдаж гэнэ гэж дуулаад” аав маань Миний нөхөр сүүлчийн удаа манайд хооллож дээ гээд уйлж байсан юм. Учир нь Норов гуай аав хоёр нас чацуу, нэг хийдийн нэг зиндааных байсан гэдэг. Бөх Норовын тухай миний ээжийн нагац ах Хаймчигийн Думбаа, Норовын хүчийг хэмжих аргагүй. Шадав гуайн манайхан нэг намар баруун Тосонгийн зүлгэн дээр эсгий хийж байлаа. Норов тэр үед ид хаваа гайхуулсан хорин хэдтэй залуу эсгий татаж байгаад тоогоо гүйцэхээр нь дээсээ мулталчихсанд эцэг нь “Тэнэг банди чи, эсгий задлахгүй газар дээр дур мэдэн дээс мулталлаа” гэж загнасанд Норов юу ч дуугаралгүй мориноосоо үсрэн бууж боодолтой эсгийг тэвэрч аваад “Хаана задлах гэсэн юм бэ, дуртай газарт чинь тавиад өгье” гэж байсан. Тэгэхэд Шадав гуай “Тэнэг банди чи эсгий тасалчихлаа, тавь” гэж загнан тавиулж байсан юм. Усанд цадсан гурван том эсгийг үхрийн хоёр нойтон ширний хамт нэг хүн өргөнө гэхэд хүний санаанд багтах уу гэж хуучилж байсныг хүүхэд ахуй цагтаа сонирхон сонсож билээ.
       1946 оны намар манайхыг Цагаан бургастайд намаржиж байхад Асгат сумын өвгөн Ваань гуай миний авга ах бүдүүн хэмээх Жамбаагийнд ирж хонохдоо өөрийн барилдаж явснаа дурсан ярихдаа: Би Дарьгангын Алтан овооны тахилгад Норовтой үзүүр түрүүнд гурав таарч, гурвууланд нь нь хаяж түрүүлсэн. Гарт нь баригдаагүйн аз. Хэрвээ тэр үед       Норовын гарт баригдсан бол шолго Ваань архи уугаад өдийд ингэж явж байхгүй байсан. Норов намайг барьсан бол гудас сэгсрэхээс амархан газар гуядах байсан даа. Норов зээрднүүдийн муу шолго хар гээд над их муу байдагсан. Учир нь овоо тахилга болоход би түүний хор шарыг хөдөлгөх санаатай бүсэндээ хазаар хавчуулж, хормойгоо шуучихаад аль олон хүн бөөгнөрсөн газар очиж “Тартай хүн түрүүлдэг юм бол би түрүүлнэ, тарган банди түрүүлдэг юм бол Норов юм нэг тэгэх байлгүй” гэж уурлуулан барилдааны ур чадвар, арга ухааныг нь мартагдуулах муу арга хэрэглэдэг байсан. Барилдахаар өрөхөд тэр намайг лавхан барьж авахаар хөөгөөд би баригдахгүй бултаж хөл алдуурах байдлаар өөрийн нь хүч бяраар шахуу гурав хаясан болсондоо гэж хуучилж байж билээ. Норов гуай бяр чадлаараа гайхуулаад зогсоогүй шашны урлагт гарамгай хүн байсан гэдэг. Дарьгангын хошуунд Молцогийн хийдийн цам шиг гайхалтай сайхан цамтай газар байгаагүй гэж хуучцуул ярьдаг. Түүнийг Норов гуай дэглэж найруулдаг байсан гэдэг юм. Цамын сургууль хийж байгаад Дамдингийн Осор, Дамчаан Содном гэсэн хоёр танхай банди муудалцаад ноцолдоход Норов гуай ар бүснээс нь нэг нэг гараараа шүүрч аваад дээр өргөн сарвагануулж байгаад “Яасан ууртай банди нар вэ, Дахиад ноцолдох уу” гээд довжоон дээрээс давхраар нь шидэж орхисон юм. Тохуурхан зөөлөн шидээгүй бол бид яаж амьд гарах вэ дээ гэж хожим нь Осор гуай ярьж байж билээ.
        Молцогийн хийдийн долоон цагаан банди гэж алдаршсан долоон сайн бөх байсан гэдэг. Бөх Норов, Жамъянбалдан, Мичгээренчин, Гоцгоренчин, Дэндээ, Жамба нарыг мэдэх бөхийн хорхойтнууд ингэж шагшин магтацгаадаг байсан. Норов гуайн зээ хүү Гонгорын Пүрвээ, Жамъянбалдан гуайн зээ охин Содвоогийн Байгалмаа нар өнөр өтгөн айл болж хотод амьдран суудаг дуулдсан.

Monday, February 14, 2011

Дарьгангын сүрэг хошуу үүссэн түүхээс

         Феодалын нийгмийн хөгжлийн замд тохиолддог тархай байдал XVll зууны үеэс нэн даамжирч, их хааны захиргаа суларсан  үед хөрш зарим орнууд монголын аль нэг хэсгийг алгуур татах, эсвэл эзлэн дагуулах бодлого ил далд явуулах болсны улмаас Монгол улсын дотоод нэгдэл алдагдаж, харь гүрнүүдийн идэш болсон тул оршин тогтнохоо больж, Манж Чин, хаант Орос зэрэг улсуудын захиргаанд орсон билээ. Тэгэхэд Өмнөд Монгол буюу Өвөр Монгол 1636 онд, Ар Монгол буюу Халх Монгол 1691 онд Манжийн захиргаанд тус тус орж Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт нь Ойрд буюу Баруун Монгол болж, тэнд шинэ мандсан Зүүнгарын хант улс XVlll зууны хоёрдугаар хагас хүртэл тусгаар байдлаа хамгаалан Манжийн түрэмгийлэгчидтэй тэмцэж байгаад давуу хүчинд цохигдон эзлэгдэхэд, Орос улс Монголчуудаас Манжийн эсрэг хийж байгаа тэмцэл ялангуяа Ойрадын Галдан бошогтыг зарим талаар дэмжих дүр үзүүлэн Монголын хойд хэсэг Буриад болон Ойрадын үлдэгдлээс өөртөө нэгтгэхийг хичээж байлаа. Манж нар Зүүн Монголын өмнөд хэсгийг буюу Өвөр Монголыг дотоод 6 чуулган, Ар Монголыг дөрвөн чуулган болгох зэргээр засаг захиргааны хувьд монголчуудыг бутаргасан зохион байгуулалт хийж байлаа. Түүний нэг жишээ бол Чин улсын эзэн хааны зарлигаар 1697 онд Дарьгангад анх цэргийн зориулалттай адуун сүргийг байгуулсан явдал юм. Сүргийг анхлан байгуулахдаа Халхын дорно замын дундад дахь зүүн этгээдийн xошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян сумын нутаг, Түмэнцогтын зүүн хэсэг, Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумдын нутгийн хагас/, Халхын дорно замын дундад дахь адгийн хошуу /одоогийн Хэнтий аймгийн Галшар, Буянт зэрэг сумдын багахан хэсэг/, Халхын дорно замын баруун гарын өмнөд хошуу ( Одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумуудын нутаг), Өвөр Монголын Авга, Сөнөд хошуунаас таслан авч байгуулсан ажээ. Дарьганга зөвхөн адуу мал адгуулан өсгөдөг газар байсангүй, Зүүн гарын улстай хийж байсан олон жилийн дайны туршид газар газраас татсан цэргийг хураан цуглуулах, бэлтгэх, цэрэг болвсруулан сургаж өнгөрүүлдэг чухал бааз, дамжлага газар болж байв. Дарьганга өмнөд талаараа Шилийн голын чуулганы баруун, зүүн Сөнөд ба баруун, зүүн Авга хошуудтай, зүүн талаараа Түшээт хан аймгийн Мэргэн вангийн засгийн хошуу, хойд талаараа Сэцэн хан аймгийн Эрх засаг, Ёст засаг, Хурц засгийн хошуудтай тус тус зах нийлж байжээ.
        Таван гар тус бүрийн бэлчээр нутгийн байдлыг одоогийн сумд ба газрын нэртэй харьцуулж гаргавал:
1.    Баруун гар адуучны сүрэг нь Бухын Ширээгээс Харцав хүртэл буюу Онгон, Халзан сумдын нутгийн зааг Ноёны хөндий, Логийн чулуу
2.    Зүүн гарын адуучны сүрэг нь Хуандайн Салаанаас Харгилтай хүртэл буюу Асгат, Дарьганга, Халзан сумын нутаг, Орлой, Гурван зээрд
3.    Баруун гар тэмээчний сүрэг нь Хөшөө Цагаан, Хөөвөрөөс Төгрөг, Жирэм, Аргалийн уул хүртэлх нутаг буюу Баяндэлгэр сумын Дөхөм, Баян Тээгийн говь, Орлой, Гурванзээрд.
4.    Зүүн гар тэмээчний сүрэг нь Сэхүүл, Баянбулагаас Жингэр, Цагаан тэмээт, Өөш, Морин хошууны говь буюу одоогийн Халзан, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Уулбаян сумдын зааг нутагт байгаа говирхог бэлчээр.
5.    Хоньчины сүрэг Их уулаас Дарьганга, Молцог, Онгон элс, Баруун булаг, Шардат, Тавантолгой, Бударын чулуу зэрэг одоогийн Дарьганга, Онгон, Наран сумдад болон Баян дэлгэр сумын Хонгор, Дөхөмийн бригадын нутгийг хамарч байсан бололтой.
Хүн амын үндсэн хэсэг нь гурван төрөл малын 198 сүргийг захирах, адуулж маллах ба бусад үйлчилгээний хүмүүсээс бүрдэл болж байв. Тэдгээр албаны хүмүүсийн эхнэр хүүхэд, эцэг эх болон албанд өртдөггүй хүмүүсийг “Сул хар” гэдэг. Нийт хүн ам нь шарын шашныг шүтдэг. Дарьгангад бүгд 13 сүм хийд хурал байсны дотроос гол сүм нь овоон сүм байлаа. Сүм бүрт хамбо ахлан, банди нарыг да лам тэргүүлэн, дэмч нар тусгайлан захирдаг. Хурлыг Хамбо, гэвхий нар тэргүүлдэг. 1912 оны байдлаар зөвхөн хонин сүргийн гарт гурван сүм байв. Чин улсын ноёрхолын жилүүдэд Дарьгангад ганц ч сургууль байсангүй. Монголын уламжлалт гэрийн сургалтаар авхаалж самбаатай залуучууд Монгол Манж хэл бичиг, тоо бодлого зэргийг сурдаг байжээ.  
            Дарьгангын сүргийг байгуулсны дараа тахих овоо анх тогтоох үед нутгийн эрх баригчид Их булгийн Зүүн хойно байдаг, Давхар энгэрийн ард байдаг Дашлүнг тахина гэхэд ардууд Дарь-Овоог тахина гэж маргалдахад ноёд нь албадаж гар тутмаас тодорхой тооны хуяг эр, азарга дайчлан гаргуулж Давхар энгэрээс чулуу зөөлгөж Дашлүн дээр овоо босгуулж эхлэхэд нутгийн шударга эр Жамъян, Магсар нар ард олныг тухирч зарга тэмцэл үүсгэж Гусай /хошуу захирагч/ амбанд заалдахдаа: Дарь-Овоог байхад Дашлүнг тахина гэж Давхар энгэрээс чулууг зөөлгөж, Дээдсийн сүргээс 70 гүү сувайруулан, албаны олон эрчүүдийг чирэгдүүлэн, ар гэрийг нь зовоож байгааг илчилсэн тул зарга авч Дарь-Овоог дарьгангынхан жил тутмын тахилгатай болж “Дарь Алтан-Овоо” гэж алдаршсан ажээ.  
             Олноо Өргөгдсөн Монгол улс 1911 онд байгуулагдсны дараа 1912 онд Дарьгангын сүргийнхэн бусад нутгийн монголчуудын адил тусгаар улсыг хүлээн зөвшөөрч захирагдах болсноос хойш Дотоод Хэргийг Бүгд Захирах Шийтгэгч Яам ны шууд мэдэлд аанай л бүгдийн тэргүүний захиргаатай таван гар хэвээрээ байлаа. Ардын Засаг тогтсоны дараа ч гэсэн Дотоод Яамны харъяанд байснаа засаг захиргааны шинэ хуваариар 1925 оноос Дарьгангын хошуу гэгдэх болоход гарууд нь сумын зохион байгуулалтад шилжиж Хан Хэнтий уулын аймагт харьяалагдах болов. 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог,Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга ( Сүхбаатар) аймагт харъяалагдах болжээ.

Thursday, February 10, 2011

“Жаахан шарга”-ын домог

           Олондоо Инжээноров хэмээн алдаршсан нэгэн лам Дарьгангын хошууны Овоон сүмийн цогчин умзад байжээ. Тэрээр Дарьгангынхаа Чимидлхам гэгч сайхан хүүхэнтэй танилцаж, хайр сэтгэлтэй болсон төдийгүй лам хувраг хүн боловч хайр сэтгэлийнхээ их хүчинд адтагдан ханилан суухаар тохирчээ. Гэтэл эцэг эх нь охин Чимидлхамыгаа лам хувраг хүнтэй суулгахаас дургүйцэн Жигаа ноёнд эхнэр болгон өгөхөөр тохирч оторт гарах нэрийдлээр Наранбулагийг зорин нүүжээ. Нүүж хулжсаныг мэдээгүй байсан Цэрэнноров амраг хүүхэн Чимидлхамтайгаа уулзахаар болзсон өдрөө зорин ирэхэд нүүсэн тул уулзалгүй холдуулсандаа ихэд харамсан гуниглажээ.
Цэрэнноров ямар ч байсан хайрт хүнийхээ хойноос нэхэн очиж амраг сэтгэл нь хувирч уу? Аргагүйн хүчийг дагаж уу? Мэдье хэмээн шийдээд хос шаргаа хөлөглөн замд гарчээ. Ингэж явахдаа:
                             Нуруу нуруун дээгүүр
                             Нутгийн дээс нь хөвөрнө
                             Нуугаад нуугаад уйлсан ч
                             Нулимсны минь гарз уу даа
                             Жаахан шаргын шогшоонд нь
                             Томоо муухай тасраад байна
                             Жаахан түүнийхээ аашинд нь
                             Сэтгэл муухай гуниад байна гэж
Зохион дуулсаар явсан гэнэ. Тэгж явсаар, сураг ажиг тавьсаар Наранбулаг очсон /Одоогийн Наран сумын Оргил нэгдлийн төв/ Жигаа ноёныхыг олж Чимидлхамтайгаа ая эвийг олон уулзаж амраг сэтгэл нь хувирч, ариун хайраасаа няцаагүйг мэдээд эргэж уулзах болзоо тавиад баяртай буцжээ.
Явдал замдаа хайрт хүнээ яаж бусдын булхайнаас салган авах, ханилан жаргах хорвоод хаалт болсон хуврагийн ёсоо хэрхэн орхих зэргийг эргэцүүлэн бодож явахдаа:
                            Дэвээд байгаа дээврийг
                            Дээсний үзүүрээр дардаг даа хөө
                            Дэнэгэлзэж байгаа сэтгэлийг
                            Одоо юугаар тогтооно вэ? Гэж дуулжээ. 
Гэвч бас эрс санаа шийдэж:
                            Үхрийн чинээ чулууг
                            Үер дайраад яах вэ
                            Үнэнч хоёр сэтгэлд
                            Үг ороод яах вэ? 
Гэж хайрт Чимидлхамынхаа хүнч сайхан сэтгэл, хувиршгүй зан аашинд нь итгэн дуулж нутаг усандаа иржээ. Удалгүй хайрт хүүхэн Чимидлхамыгаа Жигаа ноёноос булаан авч ханилан сууж, үр хүүхэд олонтой өнөр өтгөн айл болж нутаг усандаа амьдарчээ.

Дарьгангын жаахан шарга

Дарьгангын жаахан шаргыг
Уяхан дуулсаар ганхирлаа
Дарьгангын жаахан хонгорт
Унан дурласаар бишэрлээ

Ар халхын нутаг минь
Дуугаар дутаад дуулсангүй
Арын сайхан хангай минь
Охидоор дутаад дурласангүй

Дуулах дуртай дуу минь
Үнэн сайхан үгтэй
Дурсан санаашрах тэр минь
Түвшин монгол зантай

Сайн дуу дуулаагүй бол
Сэтгэл юундаа уярах вэ
Сайхан чамтай учраагүй бол
Зүрх юундаа догдлох вэ

Эхийн агуй

 Эрдэнэцагаан сумаас баруун тийш 50 гаруй км-т орших Зотолхаан уулын ар дор байх “Эхийн агуй” нь хоёр салаа амтай, хонгил нь 6-7 хүн багтах уужим зайтай. Орсон хүн хонгилоос зүүн тийш чиглэсэн 4м урт нарийн ганц хүн багтах сувгаар мөлхөн гадагш гардаг. Үүгээр гарсан хүн дахин төрж ариуслыг оллоо гэж үздэг. Үүнийг “Эхийн агуй” гэх ба энэ нь газрын хөрсөн дээр тогтсон хүрмэн чулуун тогтоц юм.

Wednesday, February 9, 2011

Шивээтийн хүн чулуу

Онгон сумын төвөөс урд зүгт 40 гаруй км зайд Шивээт хэмээх навхавтар ухаагийн зүүн өмнөд энгэрээр дөрвөн хүн хөрөг чулуу хоорондоо 97-116 м зайтай хойноос урагш цувран байрласан буй. Эдгээр хөргүүд нь ойролцоогоор 10 м голчтой, 70-80 см өндөр, дүгрэг хэлбэрээр чулуу овоолж хийсэн байгууламжийн дунд байна. Хөргүүдийн нэгээс бусад нь тун уран нарийн хийцтэй, Xlll-XlV зууны монгол хүн чулууны шинж төрхийг бүрэн илэрхийлж чадахуйц төгс дүрслэлтэй байжээ. Ялангуяа ногоовтор өнгийн элсэн чулуугаар хийсэн хөрөг нь нэн гайхамшигтай уран чадварлаг хийц дүрслэлтэй юм. Энэ хөргийг түшлэгтэй зөрүүлсэн хөлтэй исэр сандал дээр залран суусан байдлаар урлаж баруун гараа цээжиндээ авч ямар нэгэн сав  суулга барьж байсан бололтой. 1983, 1985 оны шинжилгээгээр хамгийн хойд болон урд захын хөргүүдийн дэргэдэх чулуун байгууламжийг малтан судалж эдгээрийн цаг үеийг тодотгох олдвор илрүүлж олсон билээ. Тухайлбал: эхний малтлагаар хамгийн болхи хийцтэй хөргийн арын чулуун дараасын дор зангидмал модон авсанд хийж оршуулсан эмэгтэй  хүний оршуулга гарсныг дагалдуулан Xl, Xll  зууны үед холбогдох зоос гарсан нь Юан гүрэн буюу Xlll-XlV зууны үед гүйлгээнд байсан зоос байжээ

Байгалийн нөөц газар

Монгол Улсын Их Хурлийн 2011 оны 01-р сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгуудын зарим сумын нутгийг дамнан орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим сумын нутгийг дамнан орших Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авлаа. 
Баруун булаг /Онгон таван булаг/
Гүн булаг /Онгон таван булаг/






Дунд булаг /Онгон таван булаг/





























































Tuesday, February 8, 2011

Будрын чулууны зураг

 Онгон сумын төвөөс баруун урагш 70 км-т Бударын чулуу хэмээх газар энэхүү эртний дурсгал орших ба нутгийнхан “Догшин Бударын чулуу” хэмээн нэрлэдэг хад цохиот сонин тогтоц бүхий газар юм. Бударын чулууны дунд хавьцаах ханан хаднаа хоёр хэсэг газар хүн, адуу мал, ан амьтдын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон сийлсэн байна. Энэ дурсгалыг 1996 онд Монгол, Солонгосын хамтарсан “Дорнод монгол” төслийн хээрийн шинжилгээний экспедиз илрүүлэн судалсан байна. Бударын чулууны зурагт зээр, чоно зэргийг ихэд цэвэрхэн, тод томруун дүрсэлсэн байх бөгөөд адуу мал, хүн рүү хандан зог тусан зогсож, үргэн зайлж байгаагаар харуулжээ. Нэг сонирхолтой нь могойн зураг юм. Могойг хадны зурагт дүрсэлсэн нь элбэг байдаг бөгөөд эртний хүмүүс могойг сайн, муу үйлийн аль алинд нь билэгшээж байсан гэж үздэг.

Monday, February 7, 2011

Таван толгойн хүн чулуу

Онгон сумын төвөөс баруун урагш 30 гаруй км зайтай Таван толгойн хэмэээх намхавтар ухаа толгодын дунд 2 хүн чулуун хөрөг бий. Уг хөрөг нь хийц, дүрслэл, бүтээсэн ур чадварын хувьд нийт монгол нутагт байгаа хүн чулуудын дотор нэн онцгой бөгөөд ерөөсөө Төв азийн хүн чулуу бүтээх урлагийн оргил нь гэж үзэж болно. Эдгээр хөргүүдийг цагаан болон хөх өнгийн гантиг чулуугаар түшлэгтэй, зөрүүлсэн хөлтэй исэр сандалд залран сууж буй байдлаар урлан хийж уртавтар гонзгой дүгрэг хэлбэртэй чулуун байгууламжийн зүүн өмнө хэсэгт тавьсан байна. Эдгээр хөргүүдийн төрх намба, хувцас өмсгөл, гэзэг үсээ засаж янзалсан байдал тэргүүнтэн нь Xlll-XlV зууны монгол хаад язгууртны дүр төрхийг илтгэх бөгөөд  дурьдсан цаг үе холбогдох уран зургийн дурсгал, эртний судлалын малтлагаар илрэн олдсон эд өлгийн зүйлстэй бүрэн дүйцэж байна.