Monday, April 10, 2017

“Аялал Жуулчлалын Бизнес Эрхлэгчдийн Чуулган”


Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын аялал жуулчлалын салбарыг нуруундаа үүрч яваа нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэйгээр сонсох, салбарын хэмжээнд тодорхойгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хөгжлийн гарцыг хамтдаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх стратеги, чиглэлээ тодорхойлох зорилгоор “Аялал Жуулчлалын Бизнес Эрхлэгчдийн Чуулган”-ыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хурлын Их Танхимд зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр бизнес эрхлэгч аялал жуулчлалын компаниудын хууль эрх зүйн тулгамдсан асуудал, гадаад дотоод маркетинг, дэд бүтцийн оновчтой бодлогыг гаргаж, улмаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх арга зам, жуулчны үйлчилгээний байгууллага, салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагаа, жуулчны аюулгүй байдал, үйлчилгээний чанар зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг хийгдэхээс гадна, аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сэдэвт уулзалт зохиогдож, салбарын бодлого төлөвлөлт, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин улмаар салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн цогц бодлогыг хэлэлцэх юм.
Чуулганд аялал жуулчлалын салбарын 50 гаруй мянган ажиллагсдын төлөөлөл болох аяллын компаниуд, жуулчны үйлчилгээний байгууллагууд, багш судлаачид, тээврийн байгууллагууд, жолооч, хөтөч тайлбарлагч, сонирхогчид, хөрөнгө оруулагчид оролцон, нэгэн дээвэр дор чуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм.
Иймд нийт гишүүд дэмжигчид та бүхэн салбарын хэмжээнд зохиогдож буй энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалаж байна.

Бүртгэл: 04-р сарын 12-ны 15:00 цаг хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: МАЖХ-70007820, МҮХАҮТ-70109090 утсаар болон

Friday, April 7, 2017

Аялахад ёс зүйн хувьд тохиромжтой орноор Монгол улсыг дахин нэрлэлээ

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг "Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа орнуудыг байгаль орчин, зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг болсон билээ.
Монгол Улс 2016 онд шилдэг 10 орны нэгээр анх шалгарсан бөгөөд 2017 онд ийнхүү хоёрдахь удаагаа шилдэг 10 орны тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Кабо-Верде, Чили, Коста Рика, Доминика, Палау, Тонга, Уругвай, Вануату зэрэг орон шалгарсан байна.

Monday, March 27, 2017

Дорнын аялал үзэсгэлэн худалдаанд оролцлоо

Дорнод аялал жуулчлалын нэгдэл ТББ нь аялал жуулчлалын бизнес эрхлэгч болон энэ төрлийн бизнес эрхлэх сонирхолтой байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан нийгэмд үйлчилдэг ТББ юм.

Энэхүү зорилго чиглэлийнхээ дагуу аялал жуулчлал эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд сурталчлах, хамтран ажиллах үүд хаалгыг нээх зорилгоор “Дорнын аялал” үзэсгэлэн яармагийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Сүхбаатар аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Худалда аж үйлдвэрийн танхим, Тансаг ХХК, Нью дарьганга ОНӨҮГ хамтран оролцлоо. 

Wednesday, February 22, 2017

“Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дахь жилдээ зохион байгуулагдана

Монголын аялал жуулчлалын холбооноос БОАЖЯ-тай хамтран "Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дахь жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулна. Үзэсгэлэнгийн албан ёсны Түнш аймгаар Ховд аймаг оролцож байна.
Тус үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг томоохон үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай.
ОНЦЛОГ: Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ-ын Буриад, Тува, БНСУ, Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Чита мужийн төлөөлөгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид өндөр ач холбогдол өгч оролцох хүсэлт ирүүлсэн ба үзэсгэлэн 3 хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж, оролцох хүмүүс зөвхөн мандатаар оролцох ба энэ үеэр гадаадын төлөөлөгчид аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдахаас гадна, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдна.
БОЛОМЖ: Бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн Монголд үйл ажиллгаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, Монголд байгуулагдаж буй шинэ сүлжээ зочид буудлуудын танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм.