Friday, September 26, 2014

Ганга нуурын чуулган эвент арга хэмжээг зохион байгууллаа

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл спорт, аялал жуулчлалын газар, Жаахан шарга театр, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сан, Нью жуулчин турс ХХК, Монголын соёл урлаг, яруу найргийн академи хамтран Сүхбаатар аймагт аялал жуулчлал хөгжүүлэх, хүн байгалийн шүтэлцлэлийг нэмэгдүүлэх, Дарьганга түмний ёс, заншил, ардын өв уламжлалыг сэргээж хойч үед өвлүүлэх  зорилгоор Сүхбаатар аймгийн Дарьганга суманд “Ганга нуурын чуулган” түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төслийг 9 сарын 21-23 ны өдрүүдэд анх удаа амжилттай зохион байгууллаа. Ганга нуурын чуулганы нээлтийн  арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Соёл Яруу найргийн Академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Нью Жуулчин Турс Компанийн захирал Ш.Нэргүй, Наран, Онгон, Дарьганга, Халзан, Баяндэлгэр, Асгат сумдын Засаг дарга нар оролцсон.
Төрийн тахилгат Алтан дарь овооныхоо энгэрт хуучнаар Дарьганга хошууны 6 сум буюу Наран, Онгон, Халзан, Баяндэлгэр, Асгат, Дарьганга сумдууд “Дарьганга нүүдлийн өв соёл гэр үзэсгэлэнг гаргаж шавар зуух, мөнгөн тоноглол бүхий эмээл хазаар, арслантай эрээн авдар, эргэнэг зэрэг хуучин эдлэлүүдээ дэлгэсэн нь ирсэн зочдын нүдийг хужирлаж байлаа. Мөн Дарьганга адууны соёл арга хэмжээний үеэр Дарьгангын сумдууд Дарьганга адууны танилцуулга хийж, жороо морины болон мөнгөн эмээл хазаараар тоноглосон хос морьтоны үзүүлбэрүүдийг үзүүлж хурдан шандаст хүлгүүдээ сурталчилсан юм.
Байгалийн цогцолборт газар болох мянга мянган хун шувуу чуулдаг үзэсгэлэнт Ганга нуурыг хамгаалах зорилгоор нутгийн ард иргэд, ирсэн зочид, эрдэмтэд хамтран “Ганга нуураа аврах” хөдөлгөөн өрнүүлж, нуурын эх ундарга болсон Оргихын булгын эхэнд бутлаг ургамал болох бургас, үрэл зэрэг 500 мод тарьсан бол Эрдэнэмандал хийдийн лам хуваргууд Ганга нуурандаа усан балин өргөж, шашны ёс гүйцэтгэсэн юм. 
Чуулганы сүүлийн өдөр Дарьганга сумын Молцог элсний зүүн зах Өргөний голд “Дарьганга нүүдлийн соёл” хэмээх арга хэмжээг зохион байгуулсан ажээ. Тус арга хэмжээний үеэр Дарьганга сумын Засаг даргын тамгын газар Алтан овооныхоо энгэрээс сумын төвөөс зүүн урагш 5 км т орших Өргөний гол руу тэмээн хөсгөөр нүүдэл хийж Нүүдэл тосох зан үйл, шинэ нутагт газар сонгож гэрээ барих, Дарьганга шавар зуух барих, цай чанаж, тогоо нэрж ирсэн аялагч жуулчид, зочид гийчдэд танилцуулсан юм. Мөн Аймгийн Жаахан шарга театрын хамт олон “Жаахан шарга дуу”-ны домгоор жүжигчилсэн тоглолт хийж, сумдууд “бэр мордуулах ёс, “даалууны гуншин дуудах”, “эсгий хийх ёс”, “малын уриа дуудлага”, “тогоо нэрэх ёс” зэрэг ардын аман билигээр соёлын үзүүлбэр үзүүлэв.  
Сумдуудын дунд байр эзлүүлэхэд Дарьганга сум 1-р байр, Онгон сум 2-р байр, Наран сум 3-р байранд тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан юм. 
Цаашид Ганга нуурын чуулган түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төслийг жил бүр уламжлан болгон зохион байгуулна.
Ганга нуурын чуулган түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төслийг амжилттай зохион байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аймгийн Засаг даргын тамгын газар, Нью жуулчин турс ХХК, бусад ивээн тэтгэгч байгууллагууд болон Наран, Онгон, Дарьганга, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдын засаг даргын тамгын газар болон ард иргэд, хэвлэлийн түншээр ажилласан Монгол HD, ETV, SB TV, BBS TV телевизүүд, Өнөөдөр, Өдрийн сонингийн хамт олонд гүн талархал илэрхийлье. 

Tuesday, July 29, 2014

ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт “Өнийн цэнхэр үзэмчин” олон улсын монгол үндэсний хувцас загварын шоу болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцлоо

ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт “Өнийн цэнхэр үзэмчин” олон улсын монгол үндэсний хувцас загварын шоу болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнд Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Лхамсүрэнгээр ахлуулан 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. 
Уг арга хэмжээнд монгол үндэсний хувцасны загварын шоунд 16 модель, уран зургийн үзэсгэлэнд Зураач урчуудын холбооны тэргүүн Ё.Бадарч, зураач Энхбат, гар урлалын үзэсгэлэнд Мөнххаан сумын гар урчин Энхзул нар оролцсон. 

Tuesday, July 1, 2014

Дурсамж дүүрэн Далианы аялалын бүртгэл эхэллээ

Албан байгууллага болон хувь хүмүүс 20 –иос дээш хүнтэй өөрийн группээ бүрдүүлсэн бол компаний зүгээс тусад нь аялалыг зохион байгуулж өгч үнийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн хувь хүн болон албан байгууллага гадаад дотоодын аль ч газар луу аялах хүсэлтэй бол аялалыг хамгийн бага үнээр хамгийн ая тухтайгаар зохион байгуулж үйлчилнэ.

Monday, June 23, 2014

Хил орчмын аялал жуулчлалын уулзалт боллоо

ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Засгийн ордонд Хил орчмын аялал жуулчлалын уулзалтыг хийлээ. Уулзалтанд Монгол улсын Сүхбаатар аймгийн талаас Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Баасандорж, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга О.Батнасан, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд, Зүүн үзэмчин хошуунд суух паспортын төлөөлөгч Шархүү, Зураач урчуудын холбооны тэргүүн Ё.Бадарч, Бичигт боомтын захиргааны дарга Гансүх, И ТИ АЙ ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, менежер Э.Оргил, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Зүүн үзэмчин хошуунаас аймгийн орлогч дарга Ба Жин Хау, Улиастай балгасын орлогч дарга Батмөнх, Соёл, биеийн тамир, радио телевиз, аялал жуулчлалын товчооны дарга Сарансүх, аялал жуулчлалын товчооны орлогч дарга Хүү дагуул болон бусад төлөөлөгч нар оролцлоо. 
            Мөн ӨМӨЗО-ны жуулчдыг хоёр орны компаний гэрээн дээр үндэслэн Монгол улсын Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр аялуулж байхаар шийдвэрлэлээ. Үүний үр дүнд 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн анхны жуулчдыг аялуулахаар хоёр талын компаниуд бэлтгэл ажлыг хийж байна.