Wednesday, January 1, 2014

Шинэ оны анхны нар харах аялал

 Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Байгаль орчны газар хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд амжилттай зохион байгууллаа. Уг нар харах аялал дөрөв дөхь жилдээ зохион байгуулагдаж байгаа аялал бөгөөд анх Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц ТББ байгууллага санаачлан зохион байгуулж байсан ажээ.  
Шинэ оны анхны харах аялалаар олс таталт, цасны сумо, хөгжөөнт буухиа тэмцээнүүд зохион байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. Аялалд 100 гаруй машин, 500 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 6 минутанд үүлгүй сайхан мандсан нь цугларсан олонд халуун дулаан энерги өгсөн юмаа.

Friday, December 6, 2013

Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Улиастай балгасад ажлын айчлал хийлээ

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, ИТХТ-ийн 64 тогтоол, Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цаашид орон нутагт хил орчмын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, Эрдэнэцагаан суманд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын отог байгуулах, ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Соёл, спорт, радио телевиз, аялал жуулчлалын товчоотой хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Жаахан шарга театр, Номын сан, Угсаатны зүйн музей, Эрдэнэцагаан, Дарьганга, Мөнххаан сумын Соёлын төвийн эрхлэгч, Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Шилийн гол аймаг, Улиастай балгасад ажлын айчлал хийж, Шилийн гол аймгийн музей, театр, Улиастай балгасын музей, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо.
Ажлын айлчлалын үеэр Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, ӨМӨЗО-ны Улиастай балгасын Соёл, Биеийн тамир, радио телевиз, аялал жуулчлалын товчоотой хамтын ажиллагааны хэлэлцээрийг хийлээ. Хэлэлцээрт Сүхбаатар аймгаас ССАЖГ-ын дарга Б.Буянзаяа, мэргэжилтэн Б.Золхүү, П.Ариунболд, Ж.Идэрмөнх, нябо Б.Наранцацралт, аж ахуй Гүрбадам, ХЖТ-ын дарга Шинэхүү, НС-ийн дарга М.Энэбиш, Угсаатны зүйн музейн нябо Гэрэлтуяа, Аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн А.Лхагва-Очир, Нармандах, Мөнхчимэг, Эрдэнэцагаан сумын соёлын төвийн дарга Ариунтунгалаг, Мөнххаан сумын Соёлын төвийн дарга Сарангоо, Дарьганга сумын Соёлын төвийн дарга Үржинлхам оролцсон бол ӨМӨЗО-ны талаас Хошуун дарга Батмөнх, намын дарга Мөнхбаатар, товчооны дарга Сарансүх, орлогч дарга Цэцэнбаатар, улаан мөчрийн дарга Өнөрцэцэг, залуучуудын нийгэмлэгийн төлөөлөл оролцсон үр дүнтэй хэлэлцээр болсон. Хэлэлцээрээр соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамжийг бичгийг уйгаржин монгол бичгээр үйлдсэн нь уйгаржин монгол бичгээр үйлдсэн анхны санамж бичиг болсон юм.

Monday, September 16, 2013

Танин мэдэхүйн эко аялал

 Байгаль хамгаалах сан, Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “Танин мэдэхүйн эко аялал, сургалт”-ыг 2013 оны 09-р сарын 13- аас 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Эко аялалд Баруун-Урт сумын төвийн 1, 2, 3 дугаар бүрэн дунд сургууль, Сүхбаатар сум, Асгат сум, Халзан сум, Уулбаян сумдын 9-р ангийн сурагчид болон нийгмийн ажилтнууд нийт 67 хүн аялалд оролцсон.
Танин мэдэхүйн эко аялал байгалийн болон түүхийн дурсгалт газрууд болох Бичигтийн шахаа, Хөргийн хөндийн хүн чулуу, Талын агуй, Шилийн богд, Торой банди, Ганга нуур, Оргихын булаг, Алтан овоо зэрэг газруудыг үзэж сонирхон Бичигтийн шахаа, Шилийн богд, Торой бандийн хөшөөнд их цэвэрлэгээ хийхэд Шилийн богд уулаас нэг
том мяти машин хог гарсан. Уг хогийг Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран зөөж шатаасан.
Аялалд оролцож байгаа хүүхдүүдийг хөгжөөх зорилгоор АХА, хөгжөөнт буухиа, олс таталт, дартс, уулын орой булаацалдах зэрэг хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгууллаа. Аялалын төгсгөлд Нью дарьганга амралтын газрын клубэд хүүхдүүдэд зориулан эко аялал жуулчлал, цаг ашиглалт, шинэ зууны иргэн түүний шалгуур, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил зэрэг сэдвээр илтгэл тавьсан.
Танин мэдэхүйн эко аялалыг зохион байгуулахад хөрөнгө санхүү болоод эд материалын дэмжлэг үзүүлсэн Байгаль хамгаалах сан, УИХ гишүүн М.Зоригт, Аймгийн ЗДТГ, Жаахан шарга театр, Сүхбаатар кино театр, Угсаатны зүйн музей, Талын агуй жуулчны бааз, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нью дарьганга амралтын газар, Z фильм студи, ерөнхий боловсролын сургуулиуддаа гүн талархал илэрхийлье.