Thursday, January 20, 2011

Байгалийн нөөц газар

Лхачинвандад уул: Эрдэнэцагаан сумын нутагт орших энэ уулыг 1965 онд АИХ-ын  Тэргүүлэгчдийн  17-р зарлигаар ДЦГ  болгож,  1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор “Байгалийн нөөц” газрын ангилалаар Улсын тусгай хамгаалалтанд авсан юм.
Байгалийн өвөрмөц хэв шинжтэй, ховор ховордсон ургамал  амьтдыг хамгаалахаас гадна буга амьдрах орчныг хамгаалах зорилго бүхий “Байгалийн нөөц” газар юм.  Tус БНГ нь 75 км2 буюу 58.8 мянган га талбайг эзлэнэ.
Лхачинвандад уулыг эрт дээр үеэс дархлан хамгаалж байсан түүхтэй. Егүзэр хутагт Ж.Галсандаш 1886 онд Өвөр Монголын Хянганы орчмоос ирүүлсэн буга согоог анх бойжуулан маллаж 1905 оны үед 20 гаруй, 1915 оны үед 100 орчим толгойд хүрэхэд нь хашаа хамгаалалтаас гаргаж байгальд нь тавьсан байна.
 Лхачинвандадын БНГ-ын орчим хамгийн их тархсан туурайтан бол цагаан зээр юм. 

Хар ямаат уул нь: Хэнтий аймгийн Баяновоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын нутагт   50594 мянган га талбай байдгаас Түмэнцогт сумын нутагт  10217 га газрыг  эзлэн оршино. Хар ямаатын уулыг  1998 онд УИХ-ын 28-р тогтоолоор “Байгалийн нөөц” газар болгож  Улсын тусгай хамгаалалтад авсан.
Хар ямаат нь Хэнтий нурууны төгсгөл, бэсрэг уулс бөгөөд тал нутгийн  “Хангай” гэж нэрлэгддэг газар. Хад цохио элбэгтэй, хээрийн бүсэд ховор тохиолдох байгалийн өвөрмөц тогтоцтой.  Сөөг, буйлс, улиангарын ширэнгэ 70 гаруй га талбайг эзэлдэг. Гандигар, яшил, гүйлс, нохойн хошуу, чаргай, мойл, үрэл, долоогоно нарс, улиасны төгөл, жимс, жимсгэнэ өргөн тархсан ховор болон эмийн ургамал ургадаг Улаан номонд орсон эмийн бамбай  2 зүйл, алтан цэгцүүхэй, монгол догор, алтан товч, сөд, хунчир, мэхээр, сараана, хусандай, тосондой ургадаг. Ховор амьтан болох  бор гөрөөс, бугатай.
 

Thursday, January 6, 2011

Байгалийн цогцолборт газар

 Дарьгангын байгалийн цогцолборт газар
            УИХ-ын  2004 оны 04 сарын 29-ний өдрийн 22 тоот тогтоолоор Дарьганга сумын Ганга нуурын байгалийн дурсгалт газрыг /32860га/ оролцуулан, Алтан овоо /2600 га/, Наран сумын Молцог элс орчмын /13500 га/ газар нутгаар өргөтгөн 48860 га талбайг “Байгалийн цогцолборт газар” болгон өөрчилж хилийн цэсийг баталсан. 
            “Байгалийн цогцолборт газар”-т Төрийн тахилгат уул Алтан Дарь овоо, шилийн сайн эр Торой бандийн хөшөө, түүхийн дурсгал болох хаан, хатан, хүү, бэрийн хөшөө, Дагшин, Зэгстэй, Дуут зэрэг нуур, хүний дууны чимээнээр оргилж байдаг  Оргихын булаг, Ганга нуур зэрэг үзэсгэлэнт газрууд багтдаг.

Алтан овоо: Дарь овоо гэж нэрлэх ч бий. Дарьгангын галт уулсын нэг далайн төвшнөөс дээш 1354 м өргөгдсөн, баруун хойшоо сэтэрч урссан тогоотой. Дарьганга сумын төвийн дэргэд оршдог энэ уул нь Монголчуудын шүтэн бишэрдэг уул. Эзэн хааны сүрэг байгуулагдсан цагаас Дарь овоог тахиж шүтэх  болсон ба Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12-ны өдөр Сугар гараг, гал бичин өдрийн Луу цагт анх тахижээ. Үүнээс хойш намрын дунд сард хошуу хотлоороо 4 жил тутамд нэг удаа их тахилгыг явуулж ирсэн. Алтан овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гарч болдог бас бэлээр нь тойрдог зам бий. Овооны орой дээр Батцагаан суварга байх ба Батцагаан нь овоо гэр хэлбэртэй, шаталсан 3 давхар бөгөөд доод тал нь 3 метр, нэг, хоёрдугаар давхарын шаталсан өндөр нь тус бүр 1 метр түүний дээр модон иш суурьтай уран нандин хийцтэй алтан шаргал өнгөтэй ганжир байдаг. Дарьгангад тэр үед байсан 13 сүм хийдийн лам нар, хошууны дарга ноёд , бүх хэргэм тушаалтнууд отго жинстэй малгай, цол хэргэмтэйгээ ирж наадамд оролцдог байжээ. Ирсэн лам нар сууж, сүм тус бүр хонины махан цонхор боов, чихэр цагаан идээгээр бэлтгэсэн идээ, цай бэлтгэж, сэржим өргөн тахилгынхаа журам номыг уншиж, сүм хийд бүхэн хонх дамар, хэнгэрэг цан бүрээ бишгүүр нэгэн зэрэг дуугаргадаг нь сонирхолтой үйл явдэл болдог байжээ. Овооны тахилгыг хийгээд ар тал руу бууж ноён, хатан, бэр, хүүхдүүд нь хөргүүдэд мөргөж, хадаг тавьж идээ будааныхаа дээжийг өргөдөг байсан түүхтэй гэж өндөр настан Ө.Монголжийбуу гуай түүх дурссан байна. 
            Молцог элс: Дарьганга, Наран сумын нутагт 248 ам км талбай эзлэн орших өвс ургамлаар бэхлэгдсэн цагаан шаргалдуу өнгөтэй элсэн манхан. Энэ элсний захаар олон нуур бий. Тухайлбал: энэ элсний захад Дагшин нуур бий.. Элсний дунд тунгалаг устай нуур, булаг элбэг байдаг. лсэн манханд тэхийн шээг, хайлаас, буйлс, дэгд, цагаан мөөг, хунчир, таван салаа, улаан сонгино, яшил, цагаан ба бор бургас зэрэг ховор ургамал ургадагаас гадна түүх дурсгалын газар элбэг байна.

 Хаан, хатан, хүү, бэр хөрөг: Дарьганга сумын төвийн зүүн хойхон “ноён, хатан, хүү, бэр” хөрөг хэмээн нэрлэж хадаг яндар тавин идээ цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ. Дээрх хөргүүдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж шинжилэн судлах хүрээнд танилцуулжээ. Түүнчлэн Монголын эрдэмтэн судлаач Н.Сэр-Оджав /1961 онд/, Д.Баяр /1985 онд/ нарын харьцуулсан судалгаагаар эдгээр хөргүүдийг XIII-XIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь тогтоогджээ. Ноён хөргийг цайвар, бусад хөргийг шаргал саарал, улбар өнгөтэй гантиг болон галт уулын гаралтай чулуугаар урлан хийжээ Энэ дурсгалыг 1998 онд хамгаалалтанд авсан. 


Wednesday, January 5, 2011

Дархан цаазат газар

Дорнод монголын хялганат тал
             Энэ Дархан цаазат газар нь Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нийт 570374 га талбайг эзлэн оршдог.  Дорнод Монголын хялганат талын экосистем, цагаан зээрийн байршил нутгийг хамгаалах зорилгоор 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор Дархан цаазат газрын ангилалаар УТХ-нд авсан бөгөөд Эрдэнэцагаан сумын нутагт 115142 га талбайг эзэлдэг.
              Энд  Монгол орны цагаан зээрийн 70 гаруй хувь нь идээшилж амьдардаг. Монголын Дорнод тал төдийгүй Ази тивийн хуурай хээрийн унаган төрхийг хадгалж буй тал хээрийн иж бүрдлийг төлөөлөх газар бөгөөд энд Монгол уцлсын улаан номд орсон Дорнодын сармаахай, дагуурын зараа зэрэг хөхтөн, хошуу галуу, гангар хун, цэн тогоруу, тоодог, азийн цууцаль гэх мэт шувууд бүртгэгдээд байгаа.

Saturday, January 1, 2011

Шинэ оны анхны нар харах аялал боллоо

Сүхбаатар аймагт анх удаа уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах” аялал аймгийн төвөөс 30 гаруй км-т орших Баяншарга ууланд зохион байгуулагдлаа. 


Аялалд нийт 160 гаруй иргэд оролцож шинэ оны нарнаасаа энерги авч, хийморь сүлдээ сэргээж, ажил үйлсээ наранд даатгалаа. Уг арга хэмжээг Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц төрийн бус байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Шунхлай ХХК, Skytel ХХК, Тэнгэрийн өнгө ХХК, Онцгой байдлын хэлтэс, Ертөнцийн аялгуу FM 107.5, Эрдэнэмандал хийд зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгон зохиогдох аж. Аялалын үеэр Уулын орой булаалдах, Сумо бөхийн тэмцээнүүд зохиогдож хүмүүсийг багагүй хөгжөөсөн. Тэнгэр хангай  аялалыг минь ивээн тэтгэж, тунгалаг хөх тэнгэрт улбар шар наран мандаж, захиалсан мэт цаг агаар таатай байсан нь аялагч олонд сэтгэлийн илч хайрлаж байлаа. Энэ өдөр Баяншарга хайрханд нар 8 цаг 09 минутад мандсан бол орой 16 цаг 33 минутад жаргаж байсан.