Monday, February 5, 2018

СҮХБААТАР АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НӨХӨРЛӨЛИЙН “МОНГОЛ ГЭР” АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.


Нэг. Нийтлэг үндэслэл:
Энэхүү журмыг Сүхбаатар аймагт нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, айлчилж байгаа жуулчдыг тав тухтай, аюулгүй аялж амраах зорилгоор боловсруулан гаргав.
1.1.  Журмын зорилго нь: Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт нутгийн иргэд, нөхөрлөл аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын аялагч жуулчдыг хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх “Монгол гэр” ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.  Энэхүү журам нь Аялал жуулчлалын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Зөрчлийн тухай, Хог хаягдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний, Татварын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөгдөх эко стандарт, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай, Хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага, ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ бусад Монгол улсын хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, аймгийн Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөтэй нийцсэн байна.

Хоёр. Монгол гэр ажиллуулах хүсэлт гаргах:
2.1   Нөхөрлөл ажиллуулах иргэн нь тухайн орон нутагт байнга оршин суугч байна.
2.2   Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах иргэд нь нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулалтанд орж нөхөрлөлийн гэрчилгээ авсан байх бөгөөд тухайн орон нутагт бүртгэлтэй байх.
2.3   Нөхөрлөл аялал жуулчлалын чиглэлээр Монгол гэр ажиллуулах тухай хүсэлтээ сумын Засаг даргад гаргана. Сумын Засаг дарга Монгол гэр ажиллуулах хүсэлтийг хянан үзээд орон нутгийн нөхцөл байдал, тогтоосон журам, шаардлагад нийцэж байгаа бол үйл ажиллагаа явуулах хүсэлтийг нь “Дэмжсэн бичиг”- ийг Тусгай хамгаалалттай  газар нутгийн  Хамгаалалтын захиргаанд өгч зөвшилцөн үйл ажиллагаа явуулах санал авна. Хамгаалалтын захиргаагүй газар сумын Засаг дарга  зохих шийдвэрийг гаргана.
2.4   “Монгол гэр” ажиллуулах тухай хүсэлтээ үйл ажиллагаа эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ. Бүрдүүлэх материалууд:
                               2.4.1. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлт
                               2.4.2. Нөхөрлөлийн гэрчилгээ
                               2.4.3. Иргэний паспортын хуулбар (нотариатаар батлуулах шаардлагагүй)
                               2.4.4. Багийн даргын тодорхойлолт
                               2.4.5. Эрүүл мэндийн бичиг
                               2.4.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
2.5 Сумын засаг дарга, Хамгаалалтын захиргаа тухайн хүсэлтийг хүлээн авч судлан 15 хоногийн дотор хариуг хүргүүлж дэмжсэн бол “Монгол гэр ажиллуулах эрхийн гэрчилгээ”-г олгоно. Эрхийн гэрчилгээ нь жил жилээр сунгагдах, тогтоосон журмуудыг удаа дараалан ноцтой зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах боломжтойгоор хийгдсэн байна.

Гурав. ”Монгол гэр” ажиллуулахад тавигдах
ерөнхий  шаардлага:
3.1.     Монгол гэр нь тухайн орон нутгийн ёс заншил, хэв шинжийг хадгалсан байна.
3.2.     Нэг нөхөрлөлд 3-аас доошгүй өрх айл нэгдэн зохион байгуулагдсан байна.
3.3.     Тухайн орон нутаг, багт харьяалалтай нөхөрлөлийн нэг өрх  аялал жуулчлал эрхлэх чиглэлээр 3 хүртэл “Монгол гэр” ажиллуулах ба үүнээс олон тооны гэртэй тохиолдолд аж ахуйн нэгжийн бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллана.   
3.4.     Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх. Түүний зөвлөмжийг мөрдөж ажиллах
3.5.    Галын аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байна.
3.6.    Үйлчилгээ, үнийн жагсаалт, танилцуулгатай байна.
3.7.    Зочны дэвтэртэй байна.
3.8.     Монгол гэр нь ёс зүйн хэм хэмжээг тогтоосон дотоод журамтай байх ба үйл ажиллагааны дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлж ажиллана.
3.9.     Хамгаалалтын захиргаа болон сумын Засаг даргаас зөвшөөрөл олгосон газарт, түүх соёлын дурсгалт болон зорих үзмэр газруудаас 2- километрийн зайтай /тусгай хамгаалалттай газар нутагт 3 км-ээс гадагш зайд/ эсвэл тухайн зорих газар, үзмэрийн харагдах байдал, хамгаалалтанд сөрөг нөлөөлөхгүй зайд, булаг шанд, задгай ус, баян бүрдээс 400 метрээс доошгүй зайд, голын болон хөрсний усны урсгал, салхины зонхилох зүг, чигээс доор байрлаж үйл ажиллагаагаа явуулах.
3.10.  Үйлчилгээ явуулах гэрүүдийг өөрсдийн амьдардаг гэрээс аль болох чимээ шуугиан хүрэхгүй байх зайд, салхин дээд талдаа, 50-аас доошгүй метрийн зайд, гэр тус бүрийн хооронд галын аюулгүйн дүрмийн дагуу 5 метрээс доошгүй зайд нэг эгнээ, эсвэл тодорхой эмх журамтай байрлуулах.
3.11.  Үйлчилгээний гэрүүдийн дундуур машин мотоцикль явуулах, байрлуулахыг хориглож, гэрүүдийн ард, 30-аас доошгүй метрийн зайд бүх машин нэг дор зогсох зогсоолын талбайг байгуулж  орж гарах чиглэл, замыг заасан горьтиг, тэг татаж олон салаа зам гаргах, хөрс эвдэхийг хязгаарлах
3.12.  Ямар нэгэн шатах тослох материал, хийн зуух, түлшийг зориулалтын саванд хадгалж, заавар, технологийн дагуу, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах, өөрсдийн амьдрах болон үйлчилгээний гэрт хадгалах, оруулахыг хатуу хориглоно.
3.13.  Монгол гэр ажиллуулж буй өрх тус бүр бие биенээсээ 500 м – ээс багагүй зайтай байрлах ба жуулчны баазаас 1 км – ээс доошгүй зайд, төв замаас 500 м-ээс доошгүй зайд байрлаж үйл ажиллагаагаа явуулна.
3.14. Ердийн хөсөг, морь уналгын зогсоолыг авто машины зогсоолоос тусад нь байрлуулна.
3.15.  Эмнэлэгийн анхан шатны яаралтай тусламжийг газар дээр нь үзүүлэх мэдлэг, чадвартай байх. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сантай /шаардлагатай эмийн жагсаалт/ байх /сургалтанд хамрагдах/

Дөрөв. Монгол гэрт тавих нийтлэг шаардлага
4.1      Монгол гэр ажиллуулж буй өрх нь жуулчин хүлээж авах гэрийн бүрээсийг нэгэн жигд өнгөтэй, аадар бороо, мөндөр, салхи шуурганд амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангахуйц бат бэх, цэвэр байлгах.
4.2      Нэг гэрт 4-өөс дээшгүй ортой байх
4.3      Модон шалтай байх.
4.4      Монгол гэр нь дотор, гадна түгжээ, цоожтой байна.
4.5      Нэг хүний орны хэмжээ нь 2100 мм х 1100 см, хоёр хүний орны хэмжээ нь 2100 м х 1500-1600 м-ээс багагүй байна.
4.6      Орны гудас  нь 10 см-ээс багагүй зузаантай, зөөлөн хөвсгөр материалаар хийсэн, гадартай байх ба дээр нь даавуун гадар бүхий нимгэн тусгаарлагч гудас дэвсэнэ. Эсвэл гурван давхар эсгий гудас, даавуун гадар бүхий тусгаарлагч нимгэн гудастай байж болно.
4.7      Ор бүрд хөнжил, бүтээлэгтэй, дэр нь 50 х 60 см-ээс багагүй хэмжээтэй байна.
4.8      Ор дэрний цагаан хэрэглэл нь цагаан цайвар, цулгуй өнгөтэй байна
4.9      Орны цагаан хэрэглэл, алчуурыг зочны хүсэлтээр солино.
4.10    Зочин бүрд зориулалтын мөр өлгүүр байна.
4.11    Хогийн савтай байна.
4.12    Монгол гэр нь ширээ, орны тоогоор сандалтай байна.
4.13    Монгол гэр бүрийг лаа, лааны суурь, дэнлүүгээр хангана.
4.14    Монгол гэр бүр зуухтай байна.
4.15    Угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн угаалтуур, дороос нь цохиж нээдэг гоожууртай байна
4.16    Бохир зөөлөн эдлэл хийх бараан, цэвэр зөөлөн эдлэл хийх цайвар өнгийн ууттай байна.
4.17    Галын аюулгүй ажиллагааны зөвлөмж байрлуулах.
4.18    Шаардлагатай утасны жагсаалтуудыг байрлуулах.

Тав. Хоол ундны үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар хамгааллын  
нийтлэг шаардлага
Нөхөрлөл нь зочинд хоол  ундны үйлчилгээг үзүүлэх тохиолдолд ажилчдын амралтын болон хоол үйлдвэрлэлийн тусдаа гэртэй байхаас гадна доорхи шаардлагыг хангасан байна.
5.1      Ус хадгалах, зөөх сав нь хүнсний зориулалтын материалаар хийгдсэн, угааж цэвэрлэхэд хялбар байх.
5.2      Ундны ус хадгалах савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж, угааж халдваргүйжүүлдэг, бүртгэл хөтлөлт хийх
5.3      Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй ус нь Ундны ус MNS 900:2005 стандартын шаардлагыг хангасан байх.
5.4      Хоол үйлдвэрлэлийн ажлын байранд гар угаах цэгтэй, гар угаах саван, халдваргүйжүүлэлтийн бодис, хатаагч эсвэл цаасан сальфеткатай, цэвэрхэн байх.
5.5      Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жилд 2 удаа тогтмол хамрагддаг байх.
5.6      Ажилчид  ил шархгүй, идээт үрэвсэлгүй, халдварт өвчнөөр өвчилсөн шинж тэмдэггүй, эрүүл байх бүртгэл хөтлөх.
5.7      Өөрийн байгууллагын ажилтны эрүүл мэндийг дэмждэг, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг, анхны тусламж үзүүлэх эмийн сантай байх.
5.8      Ажиллагсад нь хөдөлмөр хамгааллын /халад, гутал, хормогч, бээлий, үсийг бүрэн халхлахуйц толгойны өмсгөл зэрэг/ хувцсаар бүрэн хангагдсан, хэрэглэдэг, цэвэрхэн өнгө алдаагүй, 2-оос доошгүй ээлжийн хувцастай байх
5.9      Ажиллагсад ажлын байранд ээмэг, бөгж, зүүлт, бугуйн цаг, гар утас хэрэглэдэггүй, гарын хумс ургуулж будаагүй, гарын ариун цэврийг сахидаг эдгээрт хяналт тавьж бүртгэл хөтөлдөг байх
5.10    Үйлдвэрийн байранд гадны хүн оруулахдаа хамгаалах хувцас /халат, улавч, малгай/ өмсүүлдэг байх
5.11    Нүдэнд харагдах хортон шавьж, мэрэгч болон тэдгээрийн үлдэгдэл байхгүй, тогтмол хяналт хийх
5.12    Хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг, бүртгэл хөтөлж хяналт тавьдаг байх
5.13    Ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийдэг, бүртгэл хөтөлдөг.
5.14    Цэвэрлэгээний багаж хэрэгсэл цэвэрхэн, цэвэрлэгээ хийж дууссаны дараа угааж халдваргүйжүүлсэн, бүртгэлтэй байх.
5.15    Хүнсний зориулалтын угаалга цэвэрлэгээний бодис хэрэглэдэг.
5.16    Болсон болон түүхий мах, ногоо, загас далайн гаралтай бүтээгдэхүүн тус бүрт өнгөөр ялгаж, тэмдэглэгээ тавьсан зориулалтын вандан, тавиур гампанз, тогоочийн багаж хэрэгсэл хэрэглэдэг, тогтмол цэвэрлэдэг.
5.17    Нэг удаад бэлтгэсэн хоол, хүнснээс 150 гр-аас доошгүй хэмжээгээр дээж авч +4 өөс +8 хэмд 48-72 цаг хадгалдаг, бүртгэлийг тогтмол хөтөлнө.
5.18    Хангалттай хэмжээний хүнс, түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
5.19    Хөргөх хөлдөөх төхөөрөмжүүд бүгд температур хэмжих хэрэгсэлтэй байх
5.20    Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг тус тусад нь хаяглаж, зохих нөхцөлд хадгалдаг.
5.21    Хоол үйлдвэрлэл технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулсан байх.
5.22    Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь зориулалтын бөгөөд ган, ус чийгэнд тэсвэртэй материалаар хийгдсэн, гадаргуу тэгш, ан, цавгүй байх
5.23    Хүнсний зориулалтын сав, баглаа боодол хэрэглэдэг байх
5.24    Хоол бүрт жор, технологийн картыг боловсруулан батлаж үйлдвэрлэдэг байх
5.25    Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан мөрдөж ажилладаг.
5.26    Тогооч тогоочийн сургалтанд хамрагдаж үнэмлэх авсан байх
5.27    Мэргэжил дээшлүүлэх давтан сургалт явуулах тусгай хөтөлбөртэй, ажиллагсдыг сургалтад хамруулдаг, бүртгэлтэй.
5.28    Ажилчид болон үйлчлүүлэгчдийн бие засах газрыг цэвэрлэж халдваргүйжүүлсэн, цэвэрхэн
5.29    Хутга, сэрээ, халбага нь зориулалтын, зэвэрдэггүй ган, харин аяга, таваг нь шилэн буюу шаазан байна.
5.30    Гэр бүрт халуун сав, зочны тоогоор аягаар хангах
5.31    Олон улсын стандартын шаардлага хангасан угаалга цэвэрлэгээний бодисыг ашиглана. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд 2 дамжлагатай угаалга хийж болно. Аяга тавгийг зориулалтын тавиурт хатаана.
5.32    Шингэн савангаар хангана
5.33    Бүтээгдэхүүний анхан шатны болон эцсийн боловсруулалтад хэрэглэдэг багаж, хэрэгслийг тусад нь хадгална. Түүхий болон боловсруулсан бүтээгдэхүүн хэрчих бандан тус тусдаа байна
5.34    Хээрийн нөхцөлд хэрэглэж буй ундны усыг байнга буцалгаж хэрэглэнэ.
5.35    Махыг сайтар чанаж болгон, сүүг заавал буцалгаж өгнө.
5.36    Хялбар муудах хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах горимыг чанд сахина
5.37    Ам арчих зориулалтын цаас болон ариун цэврийн цаасаар хангана
5.38    Хуурай, шингэн хог хаягдалыг хийх хогийн сав тус тусдаа байх ба хоол үйлдвэрлэлийн өрөөний хогийн савыг тухай бүр цэвэрлэдэг, бүтүүмжлэгдсэн , цэвэрхэн.
5.39    Саван, ариутгалын бодис хүрэлцээтэй, цаасан сафеткатай,
5.40    Гар бохирдсон үед болон бие засах газарт орсны дараа гараа тогтмол угааж ариутгахыг анхааруулсан санамжуудыг хүний нүдэнд ил харагдах газруудад байрлуулах

Зургаа. Хатуу хог хаягдлыг зайлуулахад тавигдах
нийтлэг шаардлага
6.1  Хатуу хог хаягдлыг цуглуулах сав, цэгийн байрлал
-       Ноёлох салхины чиглэлийн дор
-       Гэр, байшин, хүнс боловсруулах, хадгалах газар, хүүхдийн тоглоомын талбайгаас 20-30 метр зайд
-       Талбайн хөрсийг тэгшлэн нягтруулсан байх
-       Хог тээвэрлэх хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх замтай байх
6.2  Зориулалтын хогийн саванд тавих шаардлага
-       Гэрт 5-10, хашаанд / гадаад орчинд 80-120 литрийн багтаамжтай
-       Ялаа, мэрэгч, нохой, муур бусад амьтдаас хамгаалагдсан тагтай байх
-       хогийн сав нь битүүмжлэл сайтай, цэвэрлэж ариутгахад тохиромжтой материалаар хийгдсэн, тусгай таних тэмдэгтэй байх.
6.3  Хатуу хог хаягдалтай харьцах зөв дадал
-       Монгол гэр ажиллуулагсад “Бохирдуулагч нь цэвэрлэх” журмыг баримталж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчээ авчирсан хог хаягдлаа тухайн орчны төвлөрсөн хогийн цэгт хаядаг журмыг хэрэгжүүлэх
-       Аялагчдын жолооч, орчуулагч нарт өөрсдийн үүсгэсэн хог хаягдлыг авч явж замын сум, суурин газрын зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаядаг болгох.
-       Хог хаягдлаа ангилан ялгаж, цуглуулах
-       Ялгасан хогоо дахин боловсруулах үйлдвэрт тушаах
-       Хогийг тээвэрлэн тухайн нутаг дэвсгэрт байдаг зөвшөөрөгдсөн цэгт хаяулж хэвшүүлэх.
-       Гялгар уутыг эвхэж, зангидан овор хэмжээг нь багасган хогийн саванд хийх
-       Үлдэгдэл хогийг зориулалтын уут саванд хийж битүүмжлэх
-       Ууталсан хог хаягдлыг зориулалтын хогийн цэгт /төмөр торх, сав, хайрцаг/ хийх
-       Хатуу, шингэн хог хаягдлыг  тусгай цэгт түр буюу 3 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй, графикийн дагуу зайлуулдаг, бүртгэл хөдөлдөг, гэрээтэй байх.
6.4  Энгийн бие засах газар, бохир усны нүхэнд тавигдах нийтлэг шаардлага
-       Бие засах газар, бохир усны нүхийг гэрээсээ 30-40 метр зайд зонхилох салхины чиглэлийн доод талд, усны эх булгийг бохирдуулахгүй газар байрлуулна.
-       Монгол гэр ажиллуулж буй өрх тус бүр ариун цэврийг хангасан байгальд ээлтэй био жорлон, бохир цуглуулах аюулгүй байдлыг хангасан нүх бэлтгэсэн байх.  Бохирыг хлорамин болон үнсээр ариутгадаг байх, байнга ялаагүй байлгах, гүн нь 1-м доошгүй.

Долоо. “Монгол гэр” ажиллуулж буй иргэн,
нөхөрлөлийн эрх, үүрэг
7.1       Монгол гэр ажиллуулж буй иргэн, нөхөрлөл дараахь эрхтэй байна.
7.1.1 Орон нутагт мөрдөгдөж буй аялал жуулчлалын чиглэлийн дүрэм, журам болон холбогдох мэдээллийг  авах
7.1.2  Тухайн орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон санал, шүүмжлэл, гомдол гаргах
7.1.3  Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалтын газар, мэргэжлийн холбоодоос  мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, сургалтанд хамрагдсан байна.
7.1.4 Хамгаалалтын захиргаа, сумын Засаг даргын зөвшөөрлийн дагуу тухайн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, Монгол гэр, тэмээ, морин аялал  явуулах.
7.1.5 Сум орон нутагтаа сүү цагаан идээ боловсруулах, айраг эсгэх, хөсөг тэрэг зэрэг нэмэлт үйлчилгээг явуулах.
7.1.6 Монгол гэр бусад үйл ажиллагаа явуулж буй иргэд орчны хог хаягдлаа цэвэрлэж зайлуулах ажилд хүн хүч гарган хамтран ажиллах.
7.1.7  Тухайн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа газар болон сум орон нутгаас зааж өгсөн газарт мод тарьж 3 жилийн хугацаанд арчилан хамгаалж, хүлээлгэн өгөх
7.1.8  Аялал жуулчлалын  үйл ажиллагаа явуулах иргэд, нөхөрлөл нь ажилчдынхаа дотроос идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж болно.
7.1.9  Тал нутгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалууд, малын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн бүтээл, Байгаль орчны багц хууль, журмаар ашиглахыг зөвшөөрсөн байгалийн дагалт баялагаар хийсэн гар урлалын бүтээл, уламжлалт үндэсний хувцас, эдлэл, хэрэглэгдэхүүн зарж борлуулах
7.2      “Монгол гэр” ажиллуулж буй иргэн, нөхөрлөл дараахь үүрэгтэй
7.2.1  Монгол гэр ажиллуулж буй иргэн Аялал жуулчлалын тухай, ТХГН-ийн тухай, Орчны бүсийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Татварын тухай, бусад Монгол улсын хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг мөрдөж ажиллах.
7.2.2  Ирсэн зочдын аюулгүй байдлыг хангаж, тав тухыг алдагдуулахгүй байх.
7.2.3  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсны татварыг сум орон нутгийн орлогод төвлөрүүлэх
7.2.4  Галын аюулгүй байдал, эмнэлэгийн анхан шатны сургалтанд жилд 1-2 удаа хамрагдсан байх.
7.2.5  Монгол гэр ажиллуулах шаардлага хангасан иргэд нь Тусгай хамгаалалттай газар, сумын ЗДТГ-тай гурвалсан гэрээ байгуулан ажиллах /Тусгай хамгаалалтын захиргаагүй газар тухайн сумын Засаг даргатай гэрээ байгуулах/
7.2.6  Гадаад дотоодын жуулчид, амрагчдын бүртгэлийг хөтлөх, гадаад болон дотоодын аялагч жуулчдын урсгал хөдөлгөөн, статистик мэдээ тайланг аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газарт холбогдох маягтын дагуу тайлагнаж байх. /Жил бүрийн 11 дугаар сарын 20 дотор/,
7.2.7  “Монгол гэр” ажиллуулагч нь байгаль орчноо хамгаалах, танин мэдэх, зочид жуулчиддаа орон нутаг, түүх соёлоо сурталчлан таниулах, нүүдэлчин малчин соёл, уламжлалаа хадгалан хамгаалахад манлайлан оролцогч байх үүргийг хүлээхээс гадна хүүхэд залуучуудад монгол гэр, ёс уламжлалын талаар танилцуулга хийдэг байх.
7.2.8 Монгол гэр ажиллуулж буй өрхүүд хариуцан хамгаалах орчны талбайн хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах, гэрийн буйрыг цэвэрлэж, хөрсний бохирдол, эвдрэлээс хамгаалах арга хэмжээг авах.
7.2.9 Монгол гэр ажиллуулж байгаа өрхүүд нь тээврийн хэрэгслийн зогсоол гаргаж салаа зам гаргахгүй, машин техник явахыг хориглосон замын хаалт, тэмдэглэгээ хийх.
7.2.10  Монгол гэр бусад үйл ажиллагаа явуулж буй иргэд зөвшөөрсөн газарт контейнер тавих, сүүдрэвч, жижиг барилга байгууламж барихгүй байх.
7.2.11  Тэмээ болон морин аяллаар үйлчилж буй иргэд шаардлага хангасан иж бүрэн тоноглол бүхий номхон тэмээ, мориор үйлчлэх, аялагч, жуулчдын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байх. /Аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулж гарын үсэг авсан байх/
7.2.12  Хамгаалалтын захиргаа, сумын Засаг даргаас зөвшөөрөл авсан талбайд зөвхөн Монгол гэр байрлуулж, мал аж ахуйгаа эрхлэн явуулдаг айл өрх гэрээ жуулчин авах гэрээс 50 метрээс ойргүй зайтай байлгах.
7.2.13  Тухайн нутаг дэвсгэрийн хамгаалалтын горимыг чанд дагаж мөрдөхийн хамт үйл ажиллагаа /гэрээний хугацаа/ дууссаны дараа газрыг бүрэн цэвэрлэж байгаль хамгаалагч, байцаагчдад хүлээлгэн өгнө.
7.2.14  Байгаль орчны хууль, журмыг сурталчлах арга хэмжээг тогтмол зохион байгуулах
7.2.15  Архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
7.2.16  Гал унтраах багаж хэрэгсэлтэй байх
7.2.17  Гарч болох эрсдлийг тухайн нөхөрлөл өөрсдөө хариуцна.
7.2.18  Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин, нутгийн иргэдээс эрүүл мэндийн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг байх, орон нутгийн иргэдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг байна.
7.2.19  Тэмээ болон морин аяллын хөтөчөөр ажиллаж буй иргэд хуулийн хариуцлага хүлээх чадвартай, 18 насанд хүрсэн байх. Монгол үндэсний хувцасыг заавал өмссөн байх
7.2.20  Хөтөч нь байгаль газарзүй, түүх соёл, ховор үзмэр, зан заншлын талаар мэдлэгтэй байх.

                             Найм. Хамгаалалтын захиргаа болон сумын ЗДТГ-ын эрх үүрэг
8.1  Монгол гэр ажиллуулах тухай хүсэлт ирүүлсэн иргэний шаардлага хангасан өрхүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллах.
8.2      Хамгаалалтын захиргаа сумын ЗД-тай  хамтран тухайн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, Монгол гэр, тэмээ, морин аялал болон бусад үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах комисс томилон ажиллуулж болно.
8.2.1  Томилогдсон комиссын дүгнэлтийг үндэслэн “Монгол гэр”-т тавигдах шаардлага   хангасан айл өрхүүдтэй  гэрээ байгуулж, эрх олгоно.
8.2.2 Тухайн  иргэн  гэрээгээр  хүлээсэн  үүргээ  биелүүлж  байгаа  эсэхэд  хяналт  тавина.
8.2.3 Монгол гэр ажиллуулж буй иргэд хууль тогтоомж дүрэм, журам шаардлагыг хангаж байгаа байдалд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах.
8.2.4 Хамгаалалтын захиргаа сумын Засаг дарга Монгол гэр ажиллуулах нөхөрлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах.
8.3      Хэрэв тухайн иргэн зөвшөөрснөөс өөр үйл ажиллагаа явуулсан эсвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдолд гэрээг цуцалж зөвшөөрөл авсан газраас нүүлгэх арга хэмжээ авна.
8.4      Монгол гэр ажиллуулах шаардлага хангасан иргэнд үйл ажиллагаа явуулах газар, хариуцан хамгаалах талбайг нь заан өгч тэмдэгжүүлнэ.
8.5      Монгол гэртэй нөхөрлөлтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайлан болон холбогдох судалгаа мэдээг аймгийн Байгаль орчин Аялал жуулчлалын газарт ирүүлж байх /Тухайн жилийн 11 дугаар сарын 15 ны дотор/
                                                              
Ес. Хориглох үйл ажиллагаа, хариуцлага
9.1      Тусгай хамгаалалттай газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулаагүй, гэрчилгээгээ аваагүй, эсвэл хугацааг нь сунгуулаагүй
9.2      Гэрээнд заагдаагүй үйл ажиллагаа явуулах
9.3      Архи согтууруулах ундаагаар үйлчлэх.
9.4      Хуурай хог хаягдал, бохир усыг ил задгай хаяж хөрс, ургамал, агаарыг бохирдуулах болон байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах
9.5      Жуулчдыг батлагдаагүй замаар аялуулах
9.6      Энэхүү журмыг зөрчсөн хувь хүн, байгууллага, албан тушаалтанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, газрын тухай хууль, Байгаль орчны багц хуулиуд болон  бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Арав. Дэмжлэг
10.1  Жилд 1-2 удаа зочилох үйлчилгээ болон бусад чиглэлийн сургалтанд хамруулах
10.2  Бусад аймаг орон нутагт сайн ажиллаж байгаа нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага судлуулах
10.3  Нөхөрлөлүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод сурталчлах
10.4  Дотоод, гадаадын үзэсгэлэн, худалдаанд оролцуулах
10.5  Төсөл хөтөлбөрт хамруулах
10.6  Ном гарын авлага материалаар хангах
10.7  Сум орон нутагт ирсэн зочид төлөөлөгч, жуулчдыг шаардлага хангасан нөхөрлөлийн гэрт байруулах

Арван нэг. Бусад
11.1Гэрээ байгуулсан өдрөөс иргэн, нөхөрлөл нь Монгол гэр ажиллуулж гадаад, дотоодын аялагч жуулчдыг хүлээн авах үйл ажиллагаа явуулах эрх үүснэ.
11.2Хамгаалалтын захиргаа болон сумын Засаг дарга нь гэрээ байгуулсан иргэн, нөхөрлөлд гэр барих газар заан өгч, чиглүүлэн үйл ажиллагааг эхлүүлнэ.
11.3   Монгол гэр ажиллуулах шаардлага ханган гэрээ байгуулаагүй, гэрээнд тусгагдсан нөхцөл болзлыг, ТХГН-н тухай хууль, БОХ тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, нөхөрлөлүүдийг цаашид үйл ажиллагааг зогсоож, эрхийг шууд цуцална.
11.4   Монгол гэр ажиллуулж буй нөхөрлөл нь сум орон нутаг, хамгаалалтын захиргаа, аймгийн БОАЖГазраас байгаль хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран оролцох
11.5   Хамгаалалтын захиргааны байцаагч, БОАЖГазрын мэргэжилтэнгүүд, байгаль хамгаалагчдын болон эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг сахин биелүүлэх.
11.6   “Монгол гэр” гэр ажиллуулж буй иргэд, нөхөрлөл эрх, үүрэг, хариуцлагаа хуулийн дагуу хүлээнэ. 

Арван хоёр. Журам хэрэгжих
12.1Энэхүү журмыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр болсонд тооцно.
--- оОо ---

No comments:

Post a Comment