Monday, September 7, 2015

Ганга нуурын чуулган-2015 арга хэмжээ боллоо

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 5, 6-ны өдрүүдэд “Ганга нуурын чуулган” боллоо. Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах зорилготой, хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Наран, Халзан, Асгат сумдын иргэд оролцсон юм. Эдгээр сумд нь гурван зууны тэртээ Манжийн дарангуйллын үед анх Сүрэгчин хошуу болон үүсч, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед бие даасан Дарьганга хошуу болж, хожим БНМАУ-ын үед задран хуваагдсан түүхтэй.
Ганга нуурын чуулганы үеэр жороо болон хос морьтны үзүүлбэр, марзай дуудах гэх мэт Дарьганга адууны соёлыг танилцуулах үзүүлбэрүүд, Дарьганга нутгийн ардын авъяастнуудын нэгдсэн тоглолт, Дарьганга дархчуудын гар урлал, Эрдэм шинжилгээний хурал, түүнчлэн гэр буулгах, шинэ нутаг сонгох, гэр барих, нүүдэл тосох, шинэ нутагтаа идээ будаа өргөх зэрэг НҮҮДЛИЙН ЁСОН гэхчлэн  сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байлаа.
БОНХЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, "Соёл, яруу найргийн академи", “Нью Жуулчин Турс” компани хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нээж, үг хэлэхдээ "Ганга нуурын чуулган бол дэлхий даяаршиж, өв соёлууд бүдгэрч байгаа энэ цаг үед нутгийн, тэр дундаа Дарьгангын соёлыг Монгол Улсдаа төдийгүй дэлхий даяар сурталчлах зорилготой арга хэмжээ юм. Дэлгэсэн үзмэрүүдийг үзэхэд бидний бага нас, аав ээжийн маань ахуй амьдрал бодитоор харагдаж байна. Ямар ахуй соёлыг бид өөрсдөө ч мэдэлгүйгээр тээж байгаагаа олж харлаа." хэмээн сэтгэл догдлон өгүүлж байлаа.
Тэрээр цааш нь хэлэхдээ "Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр буй бүх өв соёлын зургийг авч, бичлэг хийн, хадгалж хамгаалах ажлыг хийж байна. Морин хуураа залж, монгол соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ арга хэмжээг хутагтын өлгий болох Дорноговийн Хамрын хийдтэй холбох, тойрон аялал болгох талаар ч мөн хөндөж байна." гэсэн юм.

Wednesday, April 29, 2015

Шилийн богд уулын уриалга

Байгалийн болон хүний сэтгэлийн эрчим хүчний эх булаг болсон ер бусын уул – Шилийн Богдод очиж цог хийморио бадраан, байгаль дэлхийнхээ оюун санааг мэдрэн, хүмүүн биеийнхээ байгаллаг чанарыг ухаарч, эх орноороо бахархах бахархалын галыг бадрааж цэнгэл жаргал эдлэх нь хүмүүний эрхэм ёсон буюу.
Гэтэл сүүлийн жилүүдэд Шилийн Богд уул руу аялан зорчигчдын тоо үлэмж өсч, олон салаа зам бий болж, зарим хүмүүс техникийн чадлыг үзүүлэн уулын өөд машинаар авирах, шинээр жим үүсгэх, бут сөөг, өвс ургамалыг гэмтээх, хад чулууг ховхлон овоо босгох, ан амьтадыг үргээх, өргөсөн идээ ундаа, түүний шил савыг хог болгон хаях зэргээр онгон зэрлэг байгальд сэв суулган бохирдуулах зохисгүй үзэгдэл газар авсаар байгаа нь түгшүүр төрүүлж байна.
Шилийн Богд ууланд зорьж цог хийморио сэргээн, эх орон, төрийн сүлд, орон гэрийнхээ шүтээнийг сэргээн,  эрч хүчээ нэмэгдүүлэн, буян хишгээ арвижуулах, сайхан сэтгэл сайн үйлсийн төлөө зорьж яваа хэн боловч уул ус, хангай дэлхийгээ хайрлан дээдэлж, онгон дагшин байдлаар нь хадгалж хойч үедээ өвлөх үлдээхийг ямагт хичээхийн хамт, хүний адил амь амьсгалтай, мэдрэх биетэй, сэтгэх оюунтай-Уул устайгаа зөв харьцаж, хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулан түмэн үедээ ариун буян үйлдэхийг монгол түмэндээ сонордуулан уриалж байна.

Уриалга.
Байгаль дэлхийгээ хүмүүний адил сэтгэх оюунтай хэмээн үзэж, онцлох өндөр уул усаа онголон тахиж дээдэлж итгэл бишрэлээ зориулж ирсэн нь монголчуудын утга соёлын үнэт өв уламжлал билээ.

Монголын дорнод хээр талын ноёлох өндөрлөг – Шилийн Богд уул бол олон үеийнхний түүх шастир, өв уламжлал, зүрх сэтгэлийн омог бахархалыг шингээсэн байгаль эхийн гайхамшигт уран туурвил – онгон дагшин шүтээн хайрхан билээ. Шилийн Богд хэмээх нэр Монгол хүний сэтгэлд онгон зэрлэг байгаль, ертөнцийн эерэг эрчим, эр хүний цог хийморь, хээр тал нутгийн түүх соёл, эх орноо өмгөөлөн хамгаалахын халуун сэтгэлийг илэрхийлдэг юм. 
Монгол эх орны торгон хилийн харуул , эр хүний цог хийморь бадран гэрэлтэхийн бэлгэдэл-Шилийн Богд уулаа эрхэмлэн шүтэж онгон байдлаар нь хайрлан хамгаалж, байгаль хүмүүний мөнхийн шүтэлцээтэй өв уламжлалыг дээдлэн, хойч үедээ ариун дагшинаар нь хадгалж үлдээхийн учирт ухаант монгол хүн танаа хандан:

Дараах санамжийг толилуулах ану:
Шилийн Богд уулынхаа тэнгэрт хүндэтгэл бишрэлээ илэрхийлэхдээ адис авшиг шингэсэн арвай будаа, хуурай цайны дээж тэргүүтэнийг зай төдий  өргөж байгаарай. Өргөлийн утга учир нь сүр бараандаа бус, сэтгэлээсээ байхдаа болой. Хэрвээ та тахилын идээний чуулгантай ирсэн бол ууландаа залж сэтгэлээ илэрхийлсний дараа буцаан авч гэр орондоо аваачин амраг садангуудтайгаа хуваан хүртэж байх учиртайг ямагт санаж яваарай.
Уулын тэнгэрт  сэтгэлээ илэрхийлж хадаг дарцаг өргөсөн бол түүндээ эрчим шингээж адис оршоогоод буцаан гэр орондоо нандигнан хадгалах нь тохиромжтой. Ингэснээр та байгалийнхаа эрчис долгионтой байнга холбогдох нандин эд баялагийг өөртөө хуримтлуулж байгаа хэрэг юм. 
Танд анхааруулахад:
  • ·    Уулан дээр гарахын өмнө дэргэдэх жуулчны баазаас ууланд гарах, хүндэлж        шүтэх ёс жаягийн талаар асууж тодруулан, ууланд өргөх зүйлээ авах.
  •    Өвлийн цагт ууланд гарахдаа анхаарал болгоомжтой байж, хальтарч гулгах,  даарах хөрөх, гэмтэж бэртэхээс өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ хамгаалах  талаар сэрэмжлүүлж байгаарай. 
  • ·   Гал түймрийн аюулаас сэргийлж, арц хүж асаахдаа болгоомжтой хандаж, уулнаас буухдаа унтарсан эсэхийг сайтар шалгаж байгаарай. 
  •       Уулан дээр болон бэл хормойд хог хаягдал хаях
  •      Уулнаас ховор болон ашигт ургамал түүж бэлдэх уулын бэлд ургаж байгаа мод сөөгийг хугалж гэмтээх, түлж шатаах
  •     Уулын бэл, хормойд өнгө үзэмж алдагдуулсан стандартын бус самбар байрлуулах
  •    Уулын бэл, хормой, хажууд майхан барьж хоноглох, авто тээврийн хэрэгслээр гарах болон гарахыг оролдох

v  Шилийн богд уулан дээр элдэв жижиг овоо босгох, уул руу гарах болон буухдаа маршрутаас өөр замаар явж, өвс ургамал, мод сөөг гэмтээх, шинэ зам гаргах, хадны ан цавд эд зүйл чихэхийг хориглоно гэдгийг анхаараарай.

Цээрлэх ёсон:
Уулын овоонд архи, сүү мах, чихэр, боов, шил сав, уут зэрэг зүйл үлдээх, хадаг яндар зүүх, элдэв дарцаг хийсгэх нь  хог новш болон уул хангайгаа бохирдуулан нүгэл хилэнцийг хураадаг болой.

Ууланд согтуу хөлчүү ирэх, чанга дуу чимээ гаргах, муу уг хэлэх тэргүүтэн нь насанд цөвтэй хэмээн өвгө дээдсээс сургаж ирсэнийг хичээн ан амьтан шувуу жигүүртэнийг цочоон хорлохыг цээрлээрэй.

Уул ус, байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь хайрлан хамгаалж,  Шилийн Богд хайрханаа шүтэн дээдэлсэн  таны хичээл зүтгэл, өгөөмөр сэтгэлийн буянаар цог хийморь тань гэрэлтэн, буян хишиг тань арвижиж амьдралын тань зам мөр ашид ариун цагаан байх болтугай! 




Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал
Аймгийн БОАЖГазар
Дарьганга сумын ИТХурал, ЗДТГазар 
Дарьгангын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа

Friday, March 27, 2015

Шилийн богд уулаа хайрлан хамгаалая

Дарьганга сумын төвөөс зүүн хойш 70 км-т д.т.д 1778 м өндөр. Дарьгангын унтарсан галт уулын нэг. Орчныхоо газраас 400 гаруй метр өндөр энэ уул тэгш тал дээр хаана хаанаасаа 60-аад км холоос майхан шовгор мэт хөхрөн харагдах нь нэн сонин. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ.
Эрт дээр үед энэ уулан дээр шилийн сайн эрсүүд гарч хийморь лундаагаа сэргээж, ургах улаан нарнаас энерги аван, ажил үйлсээ даатган байжээ. Унгарын эрдэмтэн судлаачид Шилийн богд уулын энергийг тусгай зориулалтын багажаар хэмжиж үзээд асар их энергитэй болохыг баталсан байдаг. Богд дээр гарсан хүний энерги нэмэгдэж, ажил үйлс, хийморь лундаа сэргэдэг болох нь амьдрал дээр харагддаг. Ахмад настангуудын ярьснаар Шилийн богд уул нь эм савдагтай учраас эмэгтэй хүн гардаггүй,  архи өргөдөггүй, их дуу чимээ гаргадаггүй, гуйх юмаа шивнэж гүйдаг байжээ. Харин Шилийн богд уулан дээр гол харах зүйл нь босоо цагаан хийморь буюу сүүдрийн орой дээр нь яндагийн утаа шиг зүйл гэрэлтэж харагддаг. Тэрийг харж сүслэн зальбирдаг гэцдэг.
Харин сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдаж уул овоонд идээ будаагаа өргөж, хүндэтгэл үзүүлж байгаа нэрээр баахан архины шил, сүүний сав, уут, хонины ууц, чанасан мах, ул боов, өнгө өнгийн хадаг, хийморийн дарцаг, төрийн мөнгөн тэмдэгт, ариун цэврийн цаас, эмэгтэй хүний дотуур хувцас, эмэгтэй хүний хэрэглэл, чихэр жимс, арц хүж, төрөл бүрийн холбоодийн туг далбаа гээд есөн жирийн зүйлээ хаяаад явдаг болжээ. Энэ нь уул овоондоо хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг үү эсвэл ...
Ялангуяа энэ үзэгдэл цагаан сарын шинийн 8 – 15 ны хооронд илүү ихээр ажиглагдана. Зарим нэг буянтай аав ээжийн буянаар хамраа сөхсөн айлын эрх залуучууд  би эр хүн хаана юугаа хийх нь та муусайнд хамаагүй гээд хилийн хориотой бүсэд хүртэл Галт зэвсгийн дуу хүртэл гаргах аж. 2015 оны шинийн 8 нд Шилийн богд уул үүрэндээ шавааралдсан шоргоолз шиг хүнээр бүчигдэж, ганган хээнцэр машины зогсоол болон хувирсан билээ.
Биднийг бага байхад өвөө эмээ, аав ээж минь уул овоон дээр гарчихаад хог бүү хаяж бай. Хогоо аваад явж бай гэж сургадаг байсан. Нутгийн минь энэ сайхан уул ингэж нүдний өмнө Шилийн богд уул биш Шилэн овоо болон хувирч байгаа нь монгол эр хүн бүрийн  зүрхэн дундуур зүсэх мэт болох юм.
1990 ээд онд Шилийн богд уулан дээр гарахад өвс нь халиурч, гангын үнэр хамар цоргин үнэртдэг байж билээ. Тэр үед уулан дээр чулуун овоо, хар туг, адууны дэл сүүл л байдаг байсан. Хот хөдөөнөөс ирсэн хүмүүс уулын тогооны зүүн хажуугаар дээш гараад чулуун овоог гурав тойроод тогооны баруун амсараар тойрч буудаг уламжлалтай байсан. Харин одоо юун гангын үнэр үнэртэж, өвс халиурах. Өвлийн цагт чулуун овоо нь сүүн овоо болж, хадаг, мөнгөн тэмдэгт, хийморийн дарцаг нь навсайн хөглөрч газраар нэг тарсан, зуны цагт өргөсөн эд зүйл нь муудан ялзарч гахайн ферм дээр байгаа мэт үнэртэх болжээ. Уул овоондоо идээ будаагаа өргөх хүмүүсийн сэтгэлийг гутаах гэсэнгүй. Харин идээ будааныхаа дээжийг өргөчихөөд үлдсэнийг нь ар гэр, ард хоцорсон хүмүүстээ уул овооны хишиг хэмээн хүртээж, хийморийн дарцагаа уул овоогоороо аравнайлуулж, салхи үзүүлчихээд өргөө гэрийнхээ ламын заасан зүгт мандуулдаг уламжлалтай.
Энэ нийтлэлийг би бичихдээ хүн бүрийг буруутгаагүй юм шүү. Харин уул усандаа хүндэтгэл үзүүлэхдээ байгаль дэлхийгээ бохирдуулахгүйгээр ёс жудагтайгаар хандаж байгаачээ гэдгийг л ойлгуулах гэж оролдсон нэгэн илэрхийлэл минь юм.
Энэ дашрамд Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дарьганга сумын Засаг даргын тамгын газар, Шилийн богд орчмын жуулчны баазууд, нутгийн сайн санаат хүмүүс энэ асуудлыг өөрийн чадлаараа зохицуулж, хогийг цэвэрлэж, уул овоогоо ариун дагшин байлгахаар чин сэтгэлээрээ хандаж байгаад сэтгэлийн гүнээсээ талархал илэрхийлье.
Дахин давтан хэлэхэд “ИДЭЭ БУДААНЫХАА ДЭЭЖИЙГ ӨРГӨЧИХӨӨД ҮЛДСЭНИЙГ НЬ АР ГЭР, АРД ХОЦОРСОН ХҮМҮҮСТЭЭ УУЛ ОВООНЫ ХИШИГ ХЭМЭЭН ХҮРТЭЭЖ, ХИЙМОРИЙН ДАРЦАГАА УУЛ ОВООГООРОО АРАВНАЙЛУУЛЖ, САЛХИ ҮЗҮҮЛЧИХЭЭД ӨРГӨӨ ГЭРИЙНХЭЭ ЛАМЫН ЗААСАН ЗҮГТ МАНДУУЛДАГ” уламжлалыг дэлгэрүүлэн түгээцгээе.

Monday, March 9, 2015

Эрдэнэцагаан сумын Лхачинвандад уулын Халиун буганд Био техникийн арга хэмжээ авч, судалгаа шинжилгээ хийлээ

Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Лхачинвандадын УТХГНутагт байршиж буй халиун буганд биотехникийн арга хэмжээг авч, тоолж цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн шийдэлд хүрч ажиллаа. Багийн бүрэлдэхүүн нийт том жижиг нийлсэн 86 толгой согоо, 47 толгой буга нүдээр харж тоолон фото зураг, бичлэг хийж баталгаажууллаа. 2010 оны тооллогоор 190 орчим толгой халиун буга байна гэж тооцолж байсан хэдий ч 2015 оны 03 дугаар сарын байдлаар тус бүс нутагт 300 гаруй толгой халиун буга байгаагаас 150 орчмыг нь тооллоо. 


Мөн бугын аман ус, зүүн Араатын Хэцүү жанжин уулын бэлд хужир тавьж биотехникийн арга хэмжээ авлаа. Эрдэнэцагаан сумын ихэнх нутагт цас их унасан ч Халиун буга байршиж байгаа нутагт цас бага байсан ба зөвхөн унд залгах төдий байна. 
Цаашид ууланд байгаа бугын Аман ус хэмээх шандыг сэргээх, хавар намартаа  хужир шүү тавьж өгч байхаар Өсөхбаяр орлогчтой хилийн цэргийн 0146-р ангийн 4-р заставын хамт олонтой тохиролцлоо. 2012 онд тус бүс нутагт Богд уулнаас 3 буга нутагшуулсан.Цаашид халиун бугын цус ойртох асуудлаас сэргийлж өөр газраас шинээр буга сэргээн нутагшуулах нь зөв зүйтэй болов уу хэмээн бодлогын түвшинд саналтай байна. Мөн энэ ажилд хамтран ажилласан 4-р заставын ахлах ахлагч Баярхүү  ахдаа талархал илэрхийлэе. Үндсэн халиун бугын сүрэг нутаглаж байгаа Зүүн, Баруун Араат уулууд нь ТХГН-ын хилийн цэст ордоггүй учир цаашид ТХГН-ын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байна.
Ан амьтан, амьд байгалиа үр хойчдоо өвлүүлэн үлдээцгээе.