Thursday, January 17, 2013

ӨМӨЗО-ны Улиастай балгасад болсон Мөнгөн өвлийн найр арга хэмжээнд амжилттай оролцлоо

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Аялал жуулчлалын товчооны урилгаар “Мөнгөн өвлийн найр” арга хэмжээнд амжилттай оролцлоо. Уг арга хэмжээ нь ӨМӨЗО-ны 8 муж  хошууг хамарсан томоохон баяр бөгөөд энэ арга хэмжээний үеэр хувцасны загварын уралдаан, бөхийн барилдаан, морь, тэмээний уралдаан зохион байгуулагддаг ажээ. Энэхүү баяр наадамд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зураач урчуудын холбоо хамтран нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Мөнгөн өвлийн найр арга хэмжээний үеэр Монгол, Хятад хоёр орны зураачдын хамтарсан “Хөх дорно” уран зургийн үзэсгэлэн болж үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн гаралтай зураачид 40 гаруй зотон тосон зургаараа оролцож  монголын уран зургийн гайхамшигийг олон улсад сурталчилсан томоохон үйл явдал боллоо. Энэ үзэсгэлэн хойшид хавар, зун, өвлийн улиралд дахин гаргахаар тохиролцсон бөгөөд мөн Хөх хотод гаргахаар гэрээ хийсэн болно.
       Мөн баяр наадмын үеэр хоёр орны аялал жуулчлалын компаниудын хэлэлцээрийн уулзалт болж монгол улсын Аян трэйлс ХХК, хятад улсын  Чингис хаан аялал жуулчлалын ХХК, Ил хаан аялал жуулчлалын ХХК, Да лиан Шэн тие аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хөрш зэргэлдээ орны жуулчид монгол орноор аялан жуулчлах, найз нөхөд, ах дүү хамаатан садныдаа зочлохоос гадна монголын жуулчид Баруун-Урт хотоос Хятадын үзэсгэлэнт сайхан газар орон руу аялах боломж бүрдэж байгаа юм.


No comments:

Post a Comment