Wednesday, June 29, 2011

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

“Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх байнгын удирдамж, Аймгийн Засаг даргын 2011 оны “ Ажлын хэсэг байгуулах тухай ” 207 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, түүх соёлын дурсгалт зүйлийн хайгуул /археологийн/ судалгаа хийж байгаа байдалд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, биелэлтийг хангуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөд хяналт шалгалтын зорилго оршлоо. Хяналт шалгалтын ажлыг 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд  хийж гүйцэтгэлээ.
 Хяналт шалгалтыг Дорнод аймгийн МХГ-ын Зүүн бүсийн соёлын хяналтын улсын байцаагч Б.Мангалжав ахлан , Засаг даргын тамгын газрын соёлын бодлогын мэргэжилтэн Л.Нарангарав, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатар, Боловсрол соёлын газрын Соёлын мэргэжилтэн С.Цогдэлгэр, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Аялал жуулчлал асуудал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд нар хамтран сумдын соёлын төвийн эрхлэгч, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг татан оролцуулж хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтанд аймгийн угсаатны зүйн музей, нийтийн номын сан, хөгжимт жүжгийн театр болон Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумдын Засаг даргын тамгын газар, соёлын төвүүд, тус сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшиж байгаа уул уурхайн 24 компанийг хамруулан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж байгаа нийт 24 уурхайд хийсэн шалгалтаар 2 байгууллага / Сентера гоулд Монголия ХХК/ /Цайрт минерал ХХК/  урьдчилсан хайгуул судалгаа хийлгэж, бусад бүх лиценз эзэмшигч байгууллагууд урьдчилсан хайгуул судалгаа хийлгээгүй зөрчил илэрсэн тул  зөрчил гаргасан байгууллагуудад “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4 дахь заалтаар нийт 4577600 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллав.
Шалгалтанд хамрагдсан 150 орчим иргэд, албан тушаалтнуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, соёлын өвийг хамгаалах хуулийг  биелүүлж ажиллах талаар  мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч,  25 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг газар дээр нь очиж хадгалалт хамгаалалтыг үзэж, 200 фото зургаар баримтжуулан , сумдын засаг даргын тамгын газруудад хяналт шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийж зарим сумдын соёлын төвүүдэд нэн шаардлагатай байгаа техник хэрэгсэлийн асуудлыг газар дээр нь шийдүүлж 2250 орчим км явж ажиллаа.Ажлын хэсэг 2011 оны 06-р сарын 29-ны өдрийн 11 цагт Засаг даргын зөвлөлд ажлаа тайлагнаж цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.




 

Thursday, June 16, 2011

Зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн, сургалт

 Аймгийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлын холбоо, Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2011 оны 06-р сарын 13-15 ны өдрүүдэд Дарьганга сумын Нью дарьганга амралтын газар “Зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн, сургалт”-ыг амжилттай зохион байгуулж дуусгалаа. Зөвлөгөөн, сургалтанд Монголын зочид буудлын холбооны тэргүүн Батцэнгэл, менежер Одончимэг, сургагч багш Өнөрцэцэг нар урилгаар ирж хичээл заасан нь энэ удаагийн сургалтыг нилээн үр дүнтэй сургалт болсоныг харуулж байлаа. 
 Сургалтын эхний өдөр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, зоогийн газар, жуулчны баазуудын зөвөлгөөн болж Аймгийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэсийн мэргэжилтэн Д.Батхүрэл “Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжил, бодлого чиглэл”-ийн талаар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэл”-ээр сургалт явуулж, салбарын бэрхшээл болон дутагдалтай тал цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж чин сэтгэлийн яриа өрнүүлсэн. Сургалтын дараагийн өдрүүдэд зоогийн газрын үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ гэж хоёр хэсэг болон хуваагдаж практик дадлагыг хийсэн нь сургалтыг нилээн ач холбогдолтой болголоо гэж сургалтанд сууж байгаа хүмүүс хэлж байв. 
Аялал жуулчлалын зөвлөгөөн, сургалтанд Тансаг зочид буудал, Ганга зочид буудал, Баруун-Урт зочид буудал, Эрдэнэзаан зочид буудлуудаас гадна Дарьганга сумын Нью дарьганга амралтын газар, Оргих зочид буудал, Бадрах зоогийн газар оролцож “Сертификат”-аа гардан авсан. 
Мөн энэ үеэр Монголын зочид буудлын холбооны удирдлагууд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудын эзэдтэй уулзалт хийж цаашдын үйл ажиллагаагаа танилцуулж, Монголын зочид буудлын холбооны дэргэдэх Сүхбаатар аймгийн зочид буудлын салбар зөвлөл байгуулах талаар санал бодлоо солилцсон. Аймгийн зочид буудлын салбар зөвлөл байгуулснаар уг зөвлөл нь хуримтлалаа аймагтаа төвлөрүүлэх, цаашлаад Монголын зочид буудлын холбоогоор дамжуулан зочид буудлын чиглэлээр ажиллаж байгаа компаниудтай холбоо тогтоох, сургагч багш бэлдэх, ажилчдын мэргэшүүлэх сургалтыг авах бүрэн боломжтой болох юм.

Friday, June 10, 2011

Базарын хавчиг

“Газар шороо” романы гол баатар Хангай Базарын хүү Хавчиг гэдэг нэг үеийн сайн бөх болохыг Дарьгангын өндөр настнууд захаас аван ярина. Энэ бөх ид залуу насандаа өвөрлөгч хошууны нэг хот айлд очиход нь тэнд нэг залуу эр үхрийн ширээр сур хийхээр үсийг нь авч байжээ. Тэр шир нь цоохор үхрийн шир байсан тул Базар “цоохор шир хэврэг байдаг юм цоохроороо урагддаг” гэхэд гэрийн эзэн “тэгвэл урчихалдаа” гэжээ. Б.Хавчиг уг нойтон ширийг авч цоохор, цоохроор нь түүртэлгүй тасалсан гэдэг.
Базарын Хавчиг өвлийн цастай үед Сөнд хошуунд бадар барихаар гүйж яваад зэлүүд цөл газарт нэг айлд очсон байна. Тэр нь адууны оторчин байжээ. Тэгээд газар заалгаад явах гэхэд гэрийн эзэн манай энд айл амьтангүй цөл, чоно нохой дагадаг, эндээ унтаад өглөө явахыг урьсан боловч газар дөхөхийг боджээ.
Гэтэл харуй бүрий болохын урьд 7 чоно дагаж өмнө, хойно нь гарч хоргоосоор гэнэт дайрахад нь барьж явсан муна модоороо хоёрыг алаад ухаан алджээ. Гэтэл үүр цайхын үед нөгөө айлын хаалгыг хүчтэй угзарч түгжээг мултлан нэг хүн орж ирээд ойчсон нь нөгөө бадарчин Хавчиг мөн бөгөөд хувцас, гар нь улаан цус байхыг харсан гэрийн эзэн түүнийг асарч тойвлон нэг хэсэг хэвтүүлээд халуун цай, унд өгч учрыг асуувал 7 чоно дагаж, өөрт нь халдсан хоёрыг алаад бусдыг нь яасныг мэдэхгүй гэжээ. Түүний мөрөөр адуучид хөөн очиход 2 чоно цохиж алаад муна нь хуга үсэрсэн учир үлдсэн таван чоныг гараараа тас татан хаясан байсан гэнэ. Энэ бол яриа биш бодит үнэн болохыг одоо ч өндөр настнууд мэдэх юм. Харамсалтай нь Дарьганга хошуу, уулаас алс зайдуу хязгаар нутаг байсан тул тэр их хүчтэнгүүд долоон хошуу даншигийн наадам зэрэг халх монголын тэр үеийн их наадамд оролцох боломжгүй байснаас монголын бөхийн түүх шаштирт орж, нэр алдар нь дуурсагдаагүй гэдэг.

Monday, June 6, 2011

Гөхөлийн ширээний хүн чулуу

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т Гөхөлийн ширээд хүн чулуу бүхий хоёр дурсгал бий.
Хоорондоо 50 м орчим зайтай бөгөөд эхний хүн чулууг 5х2,5 м хэмжээтэй гонзгойвтор чулуун байгууламжийн зүүн хэсэгт нүүрээр нь зүүн урагш хандуулан зоожээ. Галт уулын хар саарал хүрмэн чулуугаар болхидуухан урлаж хийсэн бөгөөд толгой нүцгэн бололтой, орой хэсгээс холтрон унажээ. Хамар хугарсан, хоёр чих болон нүд ам мэдэгдэнэ. Хоёр гараа хэвлий өмнө нийлүүлж баруун гартаа хундага хэлбэрийн сав барьжээ. Доод хэсэгт хоёр богинохон хөл хийгээд эр хүйсийн тэмдэг сийлжээ. Хэмжээ 77х42х30 см.
Нөгөө хүн чулуу нь гурван метр голчтой, голдоо хонхор бүхий дүгрэг чулуун овооны төвд зүүн урагш харан зоолттой буй. Мөн хар саарал хүрмэн чулуугаар хийсэн бөгөөд толгойдоо тоорцог маягийн жижиг дүгрэг малгайтай. Өргөн дүгрэг царайтай, нүүрийн дүрс тодорхой мэдэгдэнэ. Зүүн гараар хэвлийн өмнө бортого хэлбэрийн сав барьж баруун гараа унжуулжээ. Хэмжээ 76х32х23см.
Эдгээр хүн чулуудад дээл хувцас, эд хэрэглэл огт дүрслээгүй боловч ерөнхий хийц дүрслэлийн онцлог, хийсэн чулууны төрөл болон дэргэд нь буй чулуун овооны хэлбэр зохион байгуулалт зэрэг нь эдгээртэй ойр орших Хөрөгийн хөндийн бүлэг хүн чулуутай нэн ойролцоо байгаагаас үндэслэн Xlll-XlV зууны монголын түүх соёлын дурсгал гэж судлаачид үзсэн.