Tuesday, April 26, 2011

Ламтын хүн чулуу

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 40 гаруй км-т Ламт хэмээх уулын баруун хормойд гурван хүн чулуун дурсгал байдаг.
Эдгээрийг шаргал өнгийн элсэн чулуугаар уран гоёмсог сийлж хийсэн бөгөөд бүгд түшлэгтэй исэр сандалд сууж байгаа дүрстэй. Хоёрынх нь толгой бүтэн бөгөөд оройдоо сампин бүхий зузаан хүрээтэй, бөмбөгөр оройтой, арагшаа налсан шилэвч бүхий малгайтай. Малгайн оройгоос урт залаа ар тийш нурууг нь даган унжжээ. Хоёр чихний араар олон салаалан гөрж багцалсан боосон шибилгэр гэзэг унжина. Нүүр царайг тун урлагтай сайн цоолборлож урласан бөгөөд хоёул тун төстэй, өргөн махлаг дугуй царайтай, хүүхдийн дүрс гэмээр. Нарийн ханцуй, урт хормойтой дээл өмссөн бөгөөд дээлийн энгэр заамыг гаргаагүй. Хөлдөө мөлгөр хоншоортой гутал өмссөн нь хормойн доороос цухуйна. Баруун гартаа урт иштэй цомбон хундага цээжний өмнө барьж зүүн гараа өвдөг дээр тавьжээ.
 
Гурав дахь хүн чулуу толгойгүй, цээжин бие баруун мөрнөөс зүүн өвдөг хүртэл ташуу цуурчээ. Мөн адил баруун гартаа хундага барьж зүүн гараа өвдөг дээр тавин түшлэгтэй сандалд суусан дүрстэй. Нарийн ханцуйтай урт дээлийн гадуур, тохойноос дээгүүр богино ханцуйтай дээлийн адил урт хормойтой хувцас давхарлан өмссөн байна. Зөв тийш ташуу энгэртэй, гурван өргөн эмжээртэйгээс гадна дээлийн зах орчимд малгайн сувсан сагалдрагын үлдэгдэл бий. Өвдөгт тавьсан гарын хуруу хумсыг маш бодитой уран сийлсан байна. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хавтага зүүсэн нь хормойн онооны завсраар цухуйж харагдана. Сандлын доод хэсгийг хар өнгийн бэхээр хээлэн будаж гоёсны үлдэгдэл бий. 
 
Эдгээр хүн чулууд нь дүгрэг хэлбэртэй, голыг нь хотойтол ухсан чулуун овооны төв дунд байсан бөгөөд чулуун овоо тус бүрийг малтан шинжихэд хүн оршуулсан булш бус, харин онгон тахилгын шинж чанартай дурсгал болох нь мэдэгдсэн билээ. Эндээс бас олон тооны мал алж хойлголон тахиж байсны үлдэгдэл олдсон билээ.
Эдгээр хүн чулууд Xlll-XlV зуун монголчуудын хүн чулуу бүтээх урлагийн бүх л онцлог шинжүүдийг агуулжээ.

Monday, April 25, 2011

Байгаль орчин, аялал жуулчлалын газар Түмэнцогт суманд тарвага сэргээн нутагшууллаа

 Монгол орны газар нутгийн 92%-д тархан байршиж мах арьсны тэргүүн зэргийн ан болж байсан монгол тарвага 2002 он гэхэд Сүхбаатар аймгийн нутагт эрс ховордож Дарьганга сумын Шилийн богд, Энгэрийн, Талын ухаа орчмын 100 орчим дошинд байгаа 300-аад тарвагыг эс тооцвол устаж үгүй болоод байна. Монгол тарвага нь оршиж амьдарч байгаа газар нутгийнхаа экосистемийн тогтолцооны чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж экологийн тэнцвэрт байдалд гол үүрэг гүйцэтгэдэг амьтан. Монгол оронд алтайн тарвага, монгол тарвага гэсэн хоёр зүйл бий. Алтайн тарвага зөвхөн Ховдын Булган голоос хойших Монгол Алтайн нуруунд, Монгол тарвага Ховдын Булган гол, Индэрт, Гоогийн нуруу, Баян-Өлгийн Дэлүүн сумын зүүн талаас эхлэн говиос бусад бүх нутагт түгээмэл тархаж байсан. Сүүлийн жилүүдэд мөнгөний төлөө заралсан хэт их агнуур, байгалийн гамшиг зэрэг антропологи экологийн янз бүрийн хүчин зүйлээс болж дэлхэц нутаг нь хумигдаж, тоо нөөц нь эрс цөөрч багассаар ихэнх нутаг огт тарвагагүй болоод байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж хүн бүр буу саадаглан, харагдсан тарвагыг толгой дараалан хядан, цөөрч хашир болсон үед нь дош болгоны аманд хавх булж, хавар ид үржлийнх нь үед олноор нь агнаж, заримдаа намар өвлийн заагаар нь ичээ үүрийг нь онгичин ухаж тэнд байгаа бүх бодьгалийг хүйс тэмтэрсэний улмаас ачааллыг даалгүй сөхөрч монгол орон 10 хан жилийн дотор 13 сая тарвага дуусгалаа. Тооцоо судалгаагүй хүйс тэмтэрсэн агналтын зэрэгцээ идээшин нутагшсан нутгийн экологийн нөхцөл хүндэрч ган зуд тохиолдон хулгайн гарт өртөөгүй хэд нь үүр ичээндээ хөлдөж, өлбөрч үхэж дууссан юм. Ийм хар гай, гамшиг монгол орны уулын хээр, тал хээрийн бүсийн экосистемийн иж бүрдлийн чухал нэгэн гишүүн монгол тарвагыг нэлд нь нөмөрч монголын тал нутгийг үгүйрүүлэн хоосрууллаа.
Сүхбаатар аймгийн тал хээрийн бүс эрт дээр үеэс тарвагатай байсан төдийгүй тарваганы арьс, мах бэлтгэлд чухал үүрэг гүйцэтгэдэг тэр үе түүх болон үлджээ. Хуучин тарвагагүй байсан Эрдэнэцагаан сумын нутагт 1969 онд тухайн үеийн эрдэмтэд, орон нутгийн удирдлага  тарвага сэргээн нутагшуулах ажлыг санаачилан хийж агнуурын нөөцтэй болтол өсгөсөн баримт байдаг.
Сүхбаатар аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар 2011 оны 5-р сард “Байгаль орчны ажилтнуудын 2-р зөвөлгөөн”-ийг хийж байгаль хамгаалах мэргэжлийн хүмүүс, аймаг сумдын удирдлага, хийт ард иргэддээ устан алга болж буй тарвага зэрэг ан амьтнаа сэргээн нутагшуулж өсгөн үржүүлэх талаар санаачлага гарган ажиллахыг онцгойлон анхааруулж харилцан санал солилцсон юм.  
Энэ зөвөлгөөний үр дүн гарч сумдын удирдлага нутгийн нийт ард иргэдэд шинэ санаа өгч тодорхой зөв шийдэлд хүрч Түмэнцогт сумын ЗДТГ  /Засаг дарга Б.Ганцогт/ санаачлага гарган БХС-аас хөрөнгө гарган, Нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо /Захирал З.Боргил/ той “Тарвага сэргээн нутагшуулах гэрээ” байгуулан аймгийн БОАЖГ-ын мэргэжлийн ажилтнуудыг оролцуулан Хэнтий аймгийн Норовлин, Баянадарга, Батноров сумдын зааг Цогтын хоолой гэдэг тарваганы нягтшил сайтай газраас 21 толгой тарвагыг Түмэнцогт сумын Баян-Овоо гэдэг газар сэргээн нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тарвага сэргээн нутагшуулах ажилд:
Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын агнуурзүй, амьтны аймаг хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаяр, Х.Гүрсоронзон, жолооч Д.Мижиддорж, НИББ-ны захирал З.Боргил нар хамтран ажиллаа.


Tuesday, April 12, 2011

Ширээтийн цагаан адуу

Ширээтийн цагаан адуу гэж ёстой нэг хурдан хүлгийн бүх шинж бүрдсэн гайхалтай сайхан адуу байсан гэдэг. Одоо ч удам угсаа нь хараахан тасраагүй байх гэж настнууд ярилцахыг олон таа сонсож явлаа. Дарьгангын хэдэн суманд энэ адууны тухай ярих нь бий. Хурдан морьдын хорхойтнуудын нүдэнд нь харагдаж, зүүдэнд нь учирч байдаг энэ адууны удам судрыг лавлавал Дарьгангын баруун гар тэмээчин сүргийн хошуунд Ширээтийн хийдийн цагаан адуу гэж алдаршсан мянган цагаан адуу байжээ. Баяндэлгэр сумын нутаг, Баянгийн гол, Хужиртын уул, Уртын нуруу, Гүйлстэйн сэрвэн бол энэ адууны өсөж үржсэн нутаг. 1915 оноос Ширээтийн цагаан адуу шандаст хүлэг болох нь тодорч, олны анхааралд өртөн, хурдан морьдын уяа сойлгод хэд хэдээрээ уягдан түмэн агтын түрүү болж уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэсэн нь олон ажээ.
Тэр нэгэн цагт нургин нуугисан алтан шаргал элс нь их далайн давалгаа шиг үелэн хээтэж, заг тооройн шугуй нь салхин аясаар, хөөмийлөн байсан монголын өмнө зүгийн их говийн тэнгэр ширтсэн баян бүрдүүдийг шүтэж хулан сүрэг сүргээрээ амьдардаг байжээ. Мөнөөх хулангийн сүргээс ямар нэг хувь тавилангийн тохиолдлоор ганцхан эр даага хулжин тасарч одоогийн Баяндэлгэр сумын нутаг Далай, Өөш, Сонингийн говьд үлдэж хоцорчээ. Энэ нь Орлой мэргэн амбаны адуучдын нүдэнд өртөж тэд хулангийн даагыг адуундаа аажмаар дасган ойртуулжээ. Уг эр даага, удмын монгол адуундаа төрхөмсөж эр бие гүйцсэн эсгэл хангал азарга болсон гэдэг. Энэ азарганд хэдэн цагаан гүү хураалгаж үр төлийг нь өсгөж үржүүлье гэтэл хулангийн азарга өөрийн үр төл болох эр унагаа таалсангүй барьчихаад болдоггүй гэнэ. Ингээд Орлой мэргэн амбаны адуучид зөвшин хэлэлцэж зарим гүүгээ хээлтэй байхад нь ялган маллажээ. Аз болоход нэг цагаан гүүнээс эр цагаан унага гарч, түүгээр азарга тавьснаар адуучдын үлгэрийн гэмээр хүсэл мөрөөдөл биелэж, Ширээтийн цагаан адуу өсөж үржих эхлэл тавигдсан домогтой гэнэ. Яваандаа энэ адууг хайрлан өсгөхийн үүднээс Дарьгангын хошууны хурдны удамтай адуунаас цагаан зүсмийн шилмэл гүүг ялгаж цус холдуулах, жил бүр өөр өөр азарганд хураалгах замаар өсгөснөөр мянгад хүрч Ширээтийн хийдийн жасын мянган цагаан адуу гэж алдаршсан гэдэг. Энэ адууны морь, гүү аль нь ч гойд хурдалдаг байлаа. Жил бүрийн наадамд нас болгоноос гурван морь уяж уралдуулахад бүгдээрээ айргийн тавд хурдалдаг байсан. Хээлтэй гүүг нь барьж унаад 40-50 км-ийн тэртээгээс гэртээ ирж уяж хоноод өглөө нь мордож Гүйлстэйн сэрвэн, Уртын нуруу орж үдийн өмнө адуугаа хураахад ажирсан шинжгүй ам булаалдан байдагсан гэж жасын адуучин байсан Жамбалцэрэн, Дорждэрэм нар ярьдаг байлаа. Ширээтийн цагаан адууг хурааж услахаар явахад ойр орчмынх нь айлууд тоосонд нь дарагдана гээд дэлгэцтэй ааруул, ээзгийгээ оруулж өрхөө бүтээдэг байснаас үзэхэд шандастай хүлгүүд байсан байж таарна гэж хоёр жилийн өмнө энэ нутгийн буурал Нүржав агсан ярьж байсан. Нэг удаа жасын төвд адуу хурааж байтал сүргийн хатираан дунд нэгэн цагаан гүү явуут унагалжээ. Эх дэлхийд дөрвөн хөл дээрээ тэнцэж төрсөн тэр унага дааган цагаасаа олон удаа түрүүлж, хошуундаа Гуранз улаан хэмээх хурдан хүлэг болж алдаршжээ. Гуранз улаан нас хөгширч, уяхаа байснаас хойш Нартын /Баяндэлгэрийн/ ууланд дураар тэнэж, морьтой хүн харагдвал толгой хаялан уралддаг байсан гэж настангууд ярьж байдагсан. 
Махбуриадын улаан азарга
Ширээтийн цагаан адууны удам болох олон хурдан цагаан, бор, борлог, улаан морьд Баяндэлгэр, Түвшинширээ, Асгат суманд саяхан хүртэл байлаа. Асгат сумын Махбуриадын улаан гэгч олон хурдан үр төл өгсөн азаргыг ч Ширээтийн цагаан адуунаас угсаатай гэлцэнэ. Аймгийн баяр наадамд удаа дараа түрүүлэх буюу айрагдаж байсан Асгат сумын Наваандамбын /Одоо хүү Н.Ренчиндоржид бий/ улаан морийг настангууд: Жинхэнэ Ширээтийн цагаан адууны удам мөн байна гэж дуу алдан шагшиж байсан гэдэг. Дарьгангын алдартай Тожин азарга ч хурдан цагаан адууны удам угсаа бололтой.

Wednesday, April 6, 2011

Сэнжит хад

 Сэнжит өндөр гэж Шилийн богд уулын зүүн урд нь 10-аад км газарт талын дунд морины уяа, зэлний гадас маягтай хоёр сэнжтэй 5-6 метр өндөр хад байх бөгөөд хоорондоо нэг км орчим зайтай юм. Энэ хоёр хад бол Чингисийн гүүн зэлний гадас юм гэнэлээ гэж нутгийн ард түмэн домоглон ярилцдаг. Нарийн ажиглавал үнэхээр тэдгээр хадны хооронд хэсэг хэсэг газар нь хонхор, зарим дэвсгэр чулуун хаданд адуу, унаганы мөр байдаг нь сонирхолтой юм.

Эртний бууц суурин газар

 Археологич А.П.Окладников, Н.Сэр-Оджав, Д.Дорж нарын 1961 онд Сүхбаатар аймагт хийсан хайгуул судалгааны үр дүнд нэлээд газраас шинэ чулуун зэвсгийн үед холбогдох бууц суурин олж ирүүлсний нэг нь Мөнххаан сумын нутагт орших Устай Бургастайн суурин юм. Уг суурин нь сумын төвөөс урагш 10 км зайтай газарт оршино. Эндээс нийт 62 үлдэц, 3 бэлдэц, цөөн тооны зэвсгийн зүйлс, 1200 залгас, 464 ялтас зэрэг олдсон байна.

Monday, April 4, 2011

Маршрут 6

Баруун-Урт- Баяндэлгэр- Түвшинширээ- Уулбаян- Баруун-Урт чиглэл
Баруун-Урт -63км- Халзан -30км- Тосонгийн замын нуурын хадны бичээс -45км-  Хүрээ бүрд жуулчны бааз -25км- Онгон таван булаг -25км- Байншинт туурь -20км- Баянголын булш -15км- Баяндэлгэр сумын төв -27км- Хужиртын хавцал -90км- Зараагийн уул -13км- Түвшинширээ сум -28км- Алтанбулаг хийд -35км- Дэлгэрхаан уулын булш -42км- Уулбаян сум -77км- Баруун-Урт.