Monday, January 31, 2011

Зөрчил илрүүлэв

           2011 оны 1-р сарын 27-нд Сүхбаатар суманд хууль бусаар их хэмжээгээр цагаан зээр агнасан байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу БОАЖГ, Цагдаагийн хэлтэстэй хамтарсан шалгалт хийлээ.
         Сүхбаатар сумын иргэн Өлзийхутагийн Цогтбаатар тахиж хүндэлдэг Дарханхаан уулынхаа өврөөс 2010 оны 12-р сард 31 толгой цагаан зээр агнаж ойр орчмынхоо  айлуудад нэг хониор 6 зээр, 1 ямаагаар 5 зээр, нэг бяруугаар 20 зээр  өгнө гэж тохиролцон хувийн ашиг сонирхолоор хууль зөрчин биенес хийж байсныг илрүүлж холбогдох арга хэмжээ авлаа.
Зээр агнасан, зээрийг авч идсэн иргэдийг  50.0 мянган төгрөгөөр торгож  Сүхбаатар сумын Төрийн сан банкны  дансанд  200 000 төгрөг, нөхөн төлбөрийн 2.480.000 төгрөгийг Аймгийн байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэж, хууль бус ан агнахад  хэрэглэсэн Сайга, Калибрь маркийн 2 бууг  Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөв.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар шагналын хур буулаа

Аймгийн засаг даргын 2010 оны 488 дугаар захирамжаар батлагдсан  “Агентлаг, албадын ажлыг дүгнэх  журам”-ын дагуу  2011 оны 01 сард 19 агентлаг албадын ажлыг:
1.     Бодлогын зорилтын хэрэгжилт /Үндэсний хөгжлийн цогц бодлого, ЗГ, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний хөтөлбөрүүд/,
2.    Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ /аймгийн Засаг дарга агендлагуудтай, агентлаг ажилтнуудтай байгуулсан гэрээний биелэлт,дүгнэлт,  байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, Албан хэрэг хөтлөлтийн стандартын хөтлөлт/
3.    Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал /үйл ажиллагааны, Хүний нөөцийн бодлогын,Төсөв санхүүгийн, Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал/,
4.    Үйл ажиллагааны үр дагаварын үнэлгээ/эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, хэрэглэгчийн үнэлгээ/ гэсэн үзүүлэлтүүдээр  дүгнэхэд:
             1 байр: Аймгийн Цагдаагийн хэлтэс  91.45%
             2 байр: Байгаль орчин, аялал жуулчлалын газар  90.57%
             3 байр: Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс  90.55
             4 байр: Татварын хэлтэс  89.59%
             5 байр: Статистикийн хэлтэс 89.27%-тай тус тус шалгарсан.
Мөн Сүхбаатар сумын Байгаль орчны асуудал хариуцсан түшмэл Д.Баттулга нь аймгийн “Төр захиргааны тэргүүний ажилтан”-аар шалгарч, БОАЖГ-ын мэргэжилтэн Р.Отгонбаатар, жолооч Д.Мижиддорж нар аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, мэргэжилтэн Л.Балдандорж, Байгаль хамгаалагч Ш.Бат-Эрдэнэ нар “Баярын бичиг”-ээр тус тус шагнуулав.

Thursday, January 27, 2011

Бичигтийн шахаа /Дарьганга сум/

Бичигтийн шахаа
 Энэ газар нь одоогийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40-өөд км-т байдаг. Зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан 40-өөд м-ийн өндөртэй, 90 градиусын эгц, 1 км хэртэй урт хадан хясаа юм. Буу зэвсэг ховор байсан үед хүмүүс энэ гайхамшигт хясааг ан гөрөөний ажилд ашиглан зээр гөрөөсийг үй олноор нь сууриар нь шахаж оруулан агнадаг байжээ. Ийм учраас “Шахаа” нэрийг олсон байна гэсэн домогтой. Энэ “шахаа”-г “Бичигтийн” гэж нэрлэсэн тухайд: уул хадан хясааны эгц энгэрүүдээр их хэмжээний бичгүүд байснаас болсон гэх бөгөөд тэр бичгүүдийг “Амьтныг ингэж үүрээр нь сүйтгэж болохгүй” гэсэн харууслын бичээс байсан гэсэн домог үлджээ. 

Monday, January 24, 2011

Байгалийн дурсгалт газар

а. Шилийн богд уул: Дарьганга сумын төвөөс зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м өргөгдсөн Сонин тогтоцтой сүрлэг өндөр сөнөсөн галт уул, Шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж байсан түүхт уул бөгөөд энэ уулын ойролцоо Чингис хааны нэртэй холбоотой түүхэн домог болж үлдсэн Чингисийн гүүн зэлний гадас, Чингисийн морины уяа зэрэг олон дурсгалт газрууд бий.
Түүнчлэн баруун Ацаа дахь шилийн сайн эрс морьдоо усалж тухалдаг байсан цэвэр цэнгэг уст долоон тогоо, Ду ноёны адуу дүүрч багтдаг “Агт нь хүрээт” хэмээх хонхор зэрэг домогт газруудыг нэрлэж болно. Энэ уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий. Энэ газарт 70 гаруй зүйлийн эмийн болон идэшний ургамал, монос, гандигар, хайлаас, бургас, гүйлс, буйлс, харгана зэрэг модлог ургамал ургадаг.
 
Талын агуй: Шилийн богд уулаас баруун хойш 14 км-т цагаан тал дээр оршино. Галт уулын хүрмэн чулууны хийн зайд тогтсон энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай бөгөөд манай галт уулын хүрмэн чулууны хийн зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь юм. Талын агуй бол Монгол оронд мэдэгдээд байгаа 200 гаруй агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь юм гэж манай агуй судлаачид бичсэн юм. 
Агуй дотор хүрмэн чулуун асга хад, мөсөн цацаг, цан хүүрэгтэй хүрмэн чулуу хөрөхдөө мушгиран унин тогтсон сонин тогтоцтой нэн үзэмжтэй. 
 
 
б. Хөргийн хөндий: Дарьганга сумаас зүүн тийш 45 км-т хойноосоо урагш чиглэлтэй нарийхан хөндий бий. Энэ хөндий дунд хөрөг зураг гэлтэй 7 хүн чулуун хөшөө байдаг. Эдгээр хүн чулуунууд XIII-XIV зууны түүхэнд хамаарах бөгөөд ихэнх нь малгай гуталтай хирнээ биедээ ямар ч хувцасгүй дүрслэгдсэн онцлогтой.  Түүнчлэн бүгд наран ургах зүгт хандсан байрлалтай.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ах дүү хоёр овооны домог

Шартын хад
Алтан овоо, Дөхөмийн Баян-Овоо хоёр ах дүү юм гэнэ. Дөхөмийн Баян-Овоо алс газар одоод эргэж ирэх замд нь их цэрэг тааралдаж саатуулснаас тэндээ үүрд үлдсэн байна. Тэр их цэрэг нь Шартын хад юм гэнэ. Тиймээс Шартын хадыг цэрэг шинжтэй гэдэг. Дөхөмийн Баян-Овооны дээр гараад баруун тийш харахад холоос ирсэн гэлтэй өргөн зурвас байдаг.
Түүнийг Дөхөмийн Баян-Овооны заларч явсан зам нь гэдэг. Ах дүү хоёр овоо алсаас бие биедээ харагддагийн учир ийм гэнэ.

Овооны тахилга наадам

Одоогоос 200 гаруй жилийн өмнө Алтан овоог Захын хар өндөр, Баяндулаан уулыг Хүйтэн хар өндөр гэж нэрлэдэг байжээ. Энэ нутагт Манжийн хааны сүргийг байгуулсантай холбогдуулж Захын хар өндрийг тахиж шүтэн Алтан дарь овоо /Алтан овоо/ гэдэг нэртэй болжээ. Алтан овооны тахилга наадам ямархуу болдог байсан талаар 1922-1936 онуудад тус овооны тахилга наадамд хүүхэд ахуй цагаасаа эхлэн жил тутам оролцож байсан Баруун-Урт хотын ОСГ-ны зургадугаар хорооны харьяат өндөр настан Ө.Монголжийбуу дурсахдаа:
          Тус овооны наадмаас хойш 53 жил болжээ. Овооны тахилга нь хоёр цаг орчим үргэлжилдэг байсан. Урьд орой нь жороо морьдын уралдаан явагддаг. Овооны наадам нь гурван өдөр болдог бөгөөд эхний өдрийн наадмыг овооны баруун талд хийж, их насны морьдыг баруун хойноос уралдуулж, хоёр дахь өдөр нь асар майханаа овооны зүүн талд шилжүүлж азарга, соёолон хоёрыг хамтад нь, гурав дахь өдөр нь хязаалан насны морьдыг зүүн урд талаасаа уралдуулдаг байсан. Шүдлэн, дааган насны адууг уралдуулдаггүй байв. Их насны морины уралдаанд Ламын гэгээний саарал морь олон удаа түрүүлсэн. Тус наадамд 100 гаруй хүчит бөх барилдаж, овоон сүмийн Довжир гэдэг хүн олон удаа түрүүлсэн. Овооны тахилгыг одоогийн Уулбаян сумын нутагт байсан Ламын хүрээнд шавилан сууж байсан Ламын гэгээн /Орлой мэргэн хутагт/ гэдэг лам манжийн хааны зарлигаар удирдан явуулдаг байжээ. Овооны орой дээрх Алтан ганжирт Батцагаан суварганы баруун зүүн талд чулуугаар босгосон жижигхэн зургаа зургаа зургаа нийтдээ арван гурван овоо байдаг бөгөөд овоо тахих үед Дарьгангын хошууны дарга Авирмэдийн хийлгэсэн хоёр метр гаруй өндөр Алтан овооны наамал хөргийг урагш нь харуулж Батцагаанд өлгөж байрлуулдаг байв. Дарьгангад тэр үед байсан 13 сүм хийдийн лам нар, хошууны дарга ноёд, бүх хэргэм тушаалтнууд отго жинстэй малгай, цол хэргэмтэйгээ ирж наадамд оролцдог байлаа.
            Батцагааны урд талд байрлуулсан дэлгэмэл овооны зүүн гар талд баруун тийшээ дунжаалан харж суусан Овоон сүмийн лам нарын эхэнд Ламын гэгээн /Орлой мэргэн хутагт/ сууна. Молцогийн хийдийн лам нар баруун гар талд нь зүүн тийшээ өөд өөдөөсөө харж суудаг. Дээрх маягаар тус хошууны бүх сүм хийдээс ирсэн лам нар сууж, сүм тус бүр хонины махан цонхор боов, чихэр цагаан идээгээр бэлтгэсэн идээ цай бэлтгэж, сэржэм өргөн тахилгынхаа журам номыг уншиж, сүм хийд бүхэн хонх дамар, хэнгэрэг цан, бүрээ бишгүүр нэгэн зэрэг нижигнүүлэн дуугаргадаг нь сонирхолтой бөгөөд сүр нүргээнтэй үйл явдал болдог байсан. Овооны тахилгыг хийгээд ар тал руу нь бууж ноён, хатан, бэр, хүүхдүүд нь хөргүүдэд мөргөж, хадаг тавьж, идээ будааныхаа дээжийг өргөдөг байсан.

Friday, January 21, 2011

Торойн зам

Торой банди Хүрээний шоронгоос ардын тусламжтайгаар гараад Дарьганга чиглэн мордсон гэнэ. Түүний оргон зугтсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэг Торойн хойноос нэхсэн гэнэ. Торой банди баригдахгүй л гээд давхисан гэнэ. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дарьганга нутагт хүрчээ.
             Торой банди Алтан-Овоо буюу Дарь овоонд нуугдах гэж бодсон бололтой. Тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нарч мөн  самбаатай эрс юм. Хэдийнээ мэдээд Дарь овоог гурван талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүслэлтийн аргад их мэргэжсэн бололтой Дарь овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүйг мэдээд хойно, баруун, зүүн гурван талыг бүслээд уул өөд урагшилж гэнэ. Моринд сайн арга самбаатай Торой, Дарь овооны өмнө зүг ажиг ч үгүй буугаад давхичихаж гэнэ. Цагдаа нарын мэргэн арга Торойн аргыг дийлсэнгүйд уурласан бололтой уулан дээрээс ширүүхэн шиг буугаад бас л нэхэж гэнэ. Нэхээд ч яахав дээ Торой бараа сүүдэргүй торойгоод морилчихсон байжээ.
             Алтан-Овоо буюу Дарь овооны өмнө зүг буусан замыг Дарьгангачууд Торойн зам гэж нэрлэжээ. Торойн зам гэвэл Дарьгангад мэдэхгүй хүн бараг байхгүй.
***    ***    ***
Торой банди баяд ноёдоос авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад түгээн өгдөг байжээ. Торой банди нэгэн ядуу хүнд нэг морь өгсөн гэнэ. Тэгээд Торой банди хэлсэн нь: Энэ морийг газрын түшмэлийн адуунаас авсан юм шүү! Адуучин нь ирээд морио үзэж танивал Торойгоос худалдаж авсан гэх буюу эсвэл Торой өгсөн гэж хэлээрэй. Хэрэв авч явбал нутаг ус, нэр овгийг нь сайн асууж мэдээрэй! Гэж хэлээд явсан гэнэ. Тэгтэл түүнээс хойш нөгөөх түшмэлийн адуучин нь ирээд морио үзэж таниад аваад явсан гэнэ. Тэр хүн Торойн хэлснээр овог нэр, нутаг усыг нь мэдээд Торой бандид хэл хүргүүлжээ. Торой банди сонсоод өөрийн хань нөхдийн хамт тэр морины эзнийд очоод адуунаас нь шилж байгаад 10-20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Торой банди “Төрийн бөөс” гэж алдаршсан бөгөөд баяд, ноёд өөрийн адуу малаа үзэж таниад...”Торой өгсөн”, “Торойгоос авсан” гэвэл буцааж авдаггүй, авах гэж хөөцөлддөг ч үгүй болсон гэнэ. Учир нь аягын чинээ алтаа хайрлаж, авдрын чинээ алт гээхээс айгаад авахаа больсноос бус өрөвдөж өршөөсөн биш гэнээ.

Thursday, January 20, 2011

Байгалийн нөөц газар

Лхачинвандад уул: Эрдэнэцагаан сумын нутагт орших энэ уулыг 1965 онд АИХ-ын  Тэргүүлэгчдийн  17-р зарлигаар ДЦГ  болгож,  1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор “Байгалийн нөөц” газрын ангилалаар Улсын тусгай хамгаалалтанд авсан юм.
Байгалийн өвөрмөц хэв шинжтэй, ховор ховордсон ургамал  амьтдыг хамгаалахаас гадна буга амьдрах орчныг хамгаалах зорилго бүхий “Байгалийн нөөц” газар юм.  Tус БНГ нь 75 км2 буюу 58.8 мянган га талбайг эзлэнэ.
Лхачинвандад уулыг эрт дээр үеэс дархлан хамгаалж байсан түүхтэй. Егүзэр хутагт Ж.Галсандаш 1886 онд Өвөр Монголын Хянганы орчмоос ирүүлсэн буга согоог анх бойжуулан маллаж 1905 оны үед 20 гаруй, 1915 оны үед 100 орчим толгойд хүрэхэд нь хашаа хамгаалалтаас гаргаж байгальд нь тавьсан байна.
 Лхачинвандадын БНГ-ын орчим хамгийн их тархсан туурайтан бол цагаан зээр юм. 

Хар ямаат уул нь: Хэнтий аймгийн Баяновоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын нутагт   50594 мянган га талбай байдгаас Түмэнцогт сумын нутагт  10217 га газрыг  эзлэн оршино. Хар ямаатын уулыг  1998 онд УИХ-ын 28-р тогтоолоор “Байгалийн нөөц” газар болгож  Улсын тусгай хамгаалалтад авсан.
Хар ямаат нь Хэнтий нурууны төгсгөл, бэсрэг уулс бөгөөд тал нутгийн  “Хангай” гэж нэрлэгддэг газар. Хад цохио элбэгтэй, хээрийн бүсэд ховор тохиолдох байгалийн өвөрмөц тогтоцтой.  Сөөг, буйлс, улиангарын ширэнгэ 70 гаруй га талбайг эзэлдэг. Гандигар, яшил, гүйлс, нохойн хошуу, чаргай, мойл, үрэл, долоогоно нарс, улиасны төгөл, жимс, жимсгэнэ өргөн тархсан ховор болон эмийн ургамал ургадаг Улаан номонд орсон эмийн бамбай  2 зүйл, алтан цэгцүүхэй, монгол догор, алтан товч, сөд, хунчир, мэхээр, сараана, хусандай, тосондой ургадаг. Ховор амьтан болох  бор гөрөөс, бугатай.
 

Thursday, January 6, 2011

Байгалийн цогцолборт газар

 Дарьгангын байгалийн цогцолборт газар
            УИХ-ын  2004 оны 04 сарын 29-ний өдрийн 22 тоот тогтоолоор Дарьганга сумын Ганга нуурын байгалийн дурсгалт газрыг /32860га/ оролцуулан, Алтан овоо /2600 га/, Наран сумын Молцог элс орчмын /13500 га/ газар нутгаар өргөтгөн 48860 га талбайг “Байгалийн цогцолборт газар” болгон өөрчилж хилийн цэсийг баталсан. 
            “Байгалийн цогцолборт газар”-т Төрийн тахилгат уул Алтан Дарь овоо, шилийн сайн эр Торой бандийн хөшөө, түүхийн дурсгал болох хаан, хатан, хүү, бэрийн хөшөө, Дагшин, Зэгстэй, Дуут зэрэг нуур, хүний дууны чимээнээр оргилж байдаг  Оргихын булаг, Ганга нуур зэрэг үзэсгэлэнт газрууд багтдаг.

Алтан овоо: Дарь овоо гэж нэрлэх ч бий. Дарьгангын галт уулсын нэг далайн төвшнөөс дээш 1354 м өргөгдсөн, баруун хойшоо сэтэрч урссан тогоотой. Дарьганга сумын төвийн дэргэд оршдог энэ уул нь Монголчуудын шүтэн бишэрдэг уул. Эзэн хааны сүрэг байгуулагдсан цагаас Дарь овоог тахиж шүтэх  болсон ба Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12-ны өдөр Сугар гараг, гал бичин өдрийн Луу цагт анх тахижээ. Үүнээс хойш намрын дунд сард хошуу хотлоороо 4 жил тутамд нэг удаа их тахилгыг явуулж ирсэн. Алтан овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гарч болдог бас бэлээр нь тойрдог зам бий. Овооны орой дээр Батцагаан суварга байх ба Батцагаан нь овоо гэр хэлбэртэй, шаталсан 3 давхар бөгөөд доод тал нь 3 метр, нэг, хоёрдугаар давхарын шаталсан өндөр нь тус бүр 1 метр түүний дээр модон иш суурьтай уран нандин хийцтэй алтан шаргал өнгөтэй ганжир байдаг. Дарьгангад тэр үед байсан 13 сүм хийдийн лам нар, хошууны дарга ноёд , бүх хэргэм тушаалтнууд отго жинстэй малгай, цол хэргэмтэйгээ ирж наадамд оролцдог байжээ. Ирсэн лам нар сууж, сүм тус бүр хонины махан цонхор боов, чихэр цагаан идээгээр бэлтгэсэн идээ, цай бэлтгэж, сэржим өргөн тахилгынхаа журам номыг уншиж, сүм хийд бүхэн хонх дамар, хэнгэрэг цан бүрээ бишгүүр нэгэн зэрэг дуугаргадаг нь сонирхолтой үйл явдэл болдог байжээ. Овооны тахилгыг хийгээд ар тал руу бууж ноён, хатан, бэр, хүүхдүүд нь хөргүүдэд мөргөж, хадаг тавьж идээ будааныхаа дээжийг өргөдөг байсан түүхтэй гэж өндөр настан Ө.Монголжийбуу гуай түүх дурссан байна. 
            Молцог элс: Дарьганга, Наран сумын нутагт 248 ам км талбай эзлэн орших өвс ургамлаар бэхлэгдсэн цагаан шаргалдуу өнгөтэй элсэн манхан. Энэ элсний захаар олон нуур бий. Тухайлбал: энэ элсний захад Дагшин нуур бий.. Элсний дунд тунгалаг устай нуур, булаг элбэг байдаг. лсэн манханд тэхийн шээг, хайлаас, буйлс, дэгд, цагаан мөөг, хунчир, таван салаа, улаан сонгино, яшил, цагаан ба бор бургас зэрэг ховор ургамал ургадагаас гадна түүх дурсгалын газар элбэг байна.

 Хаан, хатан, хүү, бэр хөрөг: Дарьганга сумын төвийн зүүн хойхон “ноён, хатан, хүү, бэр” хөрөг хэмээн нэрлэж хадаг яндар тавин идээ цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ. Дээрх хөргүүдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж шинжилэн судлах хүрээнд танилцуулжээ. Түүнчлэн Монголын эрдэмтэн судлаач Н.Сэр-Оджав /1961 онд/, Д.Баяр /1985 онд/ нарын харьцуулсан судалгаагаар эдгээр хөргүүдийг XIII-XIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь тогтоогджээ. Ноён хөргийг цайвар, бусад хөргийг шаргал саарал, улбар өнгөтэй гантиг болон галт уулын гаралтай чулуугаар урлан хийжээ Энэ дурсгалыг 1998 онд хамгаалалтанд авсан. 


Wednesday, January 5, 2011

Дархан цаазат газар

Дорнод монголын хялганат тал
             Энэ Дархан цаазат газар нь Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нийт 570374 га талбайг эзлэн оршдог.  Дорнод Монголын хялганат талын экосистем, цагаан зээрийн байршил нутгийг хамгаалах зорилгоор 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор Дархан цаазат газрын ангилалаар УТХ-нд авсан бөгөөд Эрдэнэцагаан сумын нутагт 115142 га талбайг эзэлдэг.
              Энд  Монгол орны цагаан зээрийн 70 гаруй хувь нь идээшилж амьдардаг. Монголын Дорнод тал төдийгүй Ази тивийн хуурай хээрийн унаган төрхийг хадгалж буй тал хээрийн иж бүрдлийг төлөөлөх газар бөгөөд энд Монгол уцлсын улаан номд орсон Дорнодын сармаахай, дагуурын зараа зэрэг хөхтөн, хошуу галуу, гангар хун, цэн тогоруу, тоодог, азийн цууцаль гэх мэт шувууд бүртгэгдээд байгаа.

Saturday, January 1, 2011

Шинэ оны анхны нар харах аялал боллоо

Сүхбаатар аймагт анх удаа уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах” аялал аймгийн төвөөс 30 гаруй км-т орших Баяншарга ууланд зохион байгуулагдлаа. 


Аялалд нийт 160 гаруй иргэд оролцож шинэ оны нарнаасаа энерги авч, хийморь сүлдээ сэргээж, ажил үйлсээ наранд даатгалаа. Уг арга хэмжээг Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц төрийн бус байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газар, Шунхлай ХХК, Skytel ХХК, Тэнгэрийн өнгө ХХК, Онцгой байдлын хэлтэс, Ертөнцийн аялгуу FM 107.5, Эрдэнэмандал хийд зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгон зохиогдох аж. Аялалын үеэр Уулын орой булаалдах, Сумо бөхийн тэмцээнүүд зохиогдож хүмүүсийг багагүй хөгжөөсөн. Тэнгэр хангай  аялалыг минь ивээн тэтгэж, тунгалаг хөх тэнгэрт улбар шар наран мандаж, захиалсан мэт цаг агаар таатай байсан нь аялагч олонд сэтгэлийн илч хайрлаж байлаа. Энэ өдөр Баяншарга хайрханд нар 8 цаг 09 минутад мандсан бол орой 16 цаг 33 минутад жаргаж байсан.