Monday, September 16, 2013

Танин мэдэхүйн эко аялал

 Байгаль хамгаалах сан, Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “Танин мэдэхүйн эко аялал, сургалт”-ыг 2013 оны 09-р сарын 13- аас 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Эко аялалд Баруун-Урт сумын төвийн 1, 2, 3 дугаар бүрэн дунд сургууль, Сүхбаатар сум, Асгат сум, Халзан сум, Уулбаян сумдын 9-р ангийн сурагчид болон нийгмийн ажилтнууд нийт 67 хүн аялалд оролцсон.
Танин мэдэхүйн эко аялал байгалийн болон түүхийн дурсгалт газрууд болох Бичигтийн шахаа, Хөргийн хөндийн хүн чулуу, Талын агуй, Шилийн богд, Торой банди, Ганга нуур, Оргихын булаг, Алтан овоо зэрэг газруудыг үзэж сонирхон Бичигтийн шахаа, Шилийн богд, Торой бандийн хөшөөнд их цэвэрлэгээ хийхэд Шилийн богд уулаас нэг
том мяти машин хог гарсан. Уг хогийг Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран зөөж шатаасан.
Аялалд оролцож байгаа хүүхдүүдийг хөгжөөх зорилгоор АХА, хөгжөөнт буухиа, олс таталт, дартс, уулын орой булаацалдах зэрэг хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгууллаа. Аялалын төгсгөлд Нью дарьганга амралтын газрын клубэд хүүхдүүдэд зориулан эко аялал жуулчлал, цаг ашиглалт, шинэ зууны иргэн түүний шалгуур, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил зэрэг сэдвээр илтгэл тавьсан.
Танин мэдэхүйн эко аялалыг зохион байгуулахад хөрөнгө санхүү болоод эд материалын дэмжлэг үзүүлсэн Байгаль хамгаалах сан, УИХ гишүүн М.Зоригт, Аймгийн ЗДТГ, Жаахан шарга театр, Сүхбаатар кино театр, Угсаатны зүйн музей, Талын агуй жуулчны бааз, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нью дарьганга амралтын газар, Z фильм студи, ерөнхий боловсролын сургуулиуддаа гүн талархал илэрхийлье. 

Friday, May 17, 2013

 НОГООН СУВАРГА.
Дарьганга сумын өндөр настан иргэн Д.Дугарсүрэн гуай өөрөө санаачлан Дарьганга нутгийн онгон шүтээн Алтан Дарь овоог тойрдог явган хүний зам дагуу 108 хайлаас мод тарьж ургуулахаар санаачлан ажил хэрэг болгон ажиллаж байна. Энэ ажлаа “Ногоон суварга” гэж хүндлэн өргөмжлөн нэрлэсэн. Мөн тэрээр тэнгэрийн Долоон бурхан одыг Алтан овооныхоо хормойд дүрслэн мод тарьж байрлуулах зэрэг ажлыг санаачлан хийж байна. Эдгээр ажлаа сум орон нутгийнхаа удирдлага, ард иргэдэд таниулан ойлгуулж улмаар тэдний итгэлийг олж, дэмжлэг авч чадсан юм. Тухайлбал Дугарсүрэн гуайн багын найз ахмад хуульч, хурандаа С.Цэдэндамба өөрийн биеэр “Ногоон суварга” бүтээх ажилд оролцож мөн Алтан овооны бэлд 100 хайлаас тарьж, түүнийгээ “Манан төгөл “ гэж нэрлэсэн. Мөн Халзан сумын иргэн өндөр настан Н.Саарал “Ногоон суварга” –ыг арчлан хамгаалах, услахад зориулан 200.0 мянган төгрөг өгч, буян үйлдэж тусалсан байна.
“Ногоон суварга” –ын 108, Долоон бурханы 7 хайлаасыг Д.Дугарсүрэн гуайд “Баруун –Урт хотод болсон тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”- наас 1983 онд Сүхбаатар аймгийн Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль төгсөгчдөөс авч өгч хандивласан явдал нь бусад төгсөгчдийгөө уриалсан арга хэмжээ боллоо.
“Ногоон суварга” бүтээх ажилд сум орон нутгийн хүмүүс идэвхитэй оролцож зөвхөн эхний өдөрт 68 суварга модыг тарьж ургуулсан.
Ер нь иргэн Д.Дугарсүрэн 2000 оноос сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Алтан Дарь Овоог төрийн тахилгатай болгох асуудлыг санаачлан, зохих газруудад санал судалгааг хүргүүлж байснаар 2004 онд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Алтан Дарь овоог төрийн тахилгатай уул болгосон. Мөн тэрээр 2006 оноос “Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”- ны дарга байхдаа Алтан овоо, Дуут нуурыг тойруулан хашаа хамгаалалт хийснээр өнөөдөр тухайн орчмын газар нутгийг цөлжилтөөс хамгаалж, сэргээх, улмаар унаган төрхөнд нь оруулахад бодит ажил болж үр дүнгээ өгсөн. Одоо Д.Дугарсүрэн нь Алтан овооны хормой бэлд тус аймагт цөөрөөд байгаа тарвагыг сэргээн нутагшуулж байна. Энэ нь овоо ууландаа шүтлэгтэй, байгальдаа элэгтэй, сансанаа бүтээж, хэрэгжүүлдэг хүн болохыг харуулж байгаа явдал юм.
Иймд та бүхэн Д.Дугарсүрэн гуайн санаачилсан Алтан овооны “Ногоон суварга бүтээх” ажлыг дэмжиж, усалгаа арчилгааны зардалд хандив өргөж, мод тарьж буян үйлдэж хамтран ажиллахыг хүсье.