Thursday, January 17, 2013

ӨМӨЗО-ны Улиастай балгасад болсон Мөнгөн өвлийн найр арга хэмжээнд амжилттай оролцлоо

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Аялал жуулчлалын товчооны урилгаар “Мөнгөн өвлийн найр” арга хэмжээнд амжилттай оролцлоо. Уг арга хэмжээ нь ӨМӨЗО-ны 8 муж  хошууг хамарсан томоохон баяр бөгөөд энэ арга хэмжээний үеэр хувцасны загварын уралдаан, бөхийн барилдаан, морь, тэмээний уралдаан зохион байгуулагддаг ажээ. Энэхүү баяр наадамд Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зураач урчуудын холбоо хамтран нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Мөнгөн өвлийн найр арга хэмжээний үеэр Монгол, Хятад хоёр орны зураачдын хамтарсан “Хөх дорно” уран зургийн үзэсгэлэн болж үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн гаралтай зураачид 40 гаруй зотон тосон зургаараа оролцож  монголын уран зургийн гайхамшигийг олон улсад сурталчилсан томоохон үйл явдал боллоо. Энэ үзэсгэлэн хойшид хавар, зун, өвлийн улиралд дахин гаргахаар тохиролцсон бөгөөд мөн Хөх хотод гаргахаар гэрээ хийсэн болно.
       Мөн баяр наадмын үеэр хоёр орны аялал жуулчлалын компаниудын хэлэлцээрийн уулзалт болж монгол улсын Аян трэйлс ХХК, хятад улсын  Чингис хаан аялал жуулчлалын ХХК, Ил хаан аялал жуулчлалын ХХК, Да лиан Шэн тие аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хөрш зэргэлдээ орны жуулчид монгол орноор аялан жуулчлах, найз нөхөд, ах дүү хамаатан садныдаа зочлохоос гадна монголын жуулчид Баруун-Урт хотоос Хятадын үзэсгэлэнт сайхан газар орон руу аялах боломж бүрдэж байгаа юм.


Friday, January 4, 2013

Шинэ оны анхны нар харах аялал боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн гарц ТББ хамтран  дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2013 оны 01-р сарын 01 ны өдөр Аймгийн төвөөс урагш 30 км-т байрлах Баян шаргын ууланд Шинэ оны анхны нар харах аялалыг амжилттай зохион байгууллаа.
Аялалын үеэр түүдэг хөгжөөж бөөгийн зан үйл үйлдэж, хуран цугларсан олныг хөгжөөх зорилгоор олс таталт, уулын орой булаацалдах, цасны сумо бөхийн тэмцээнүүдийг зохион байгуулсан. Тэмцээнд багийн дүнгээр Онцгой байдлын хэлтэс түрүүлсэн. Эмэгтэй цасны сумод Сүхбаатар аймаг дахь Голомт банкны салбарын харилцагчын үйлчилгээний ажилтан Баянжаргал удаалсан бол 0336 ангийн ажилтан Болормаа тэргүүн байранд орсон.
Шинэ оны анхны нар харах аялалд 60 гаруй машин, 300 гаруй хүн  оролцсон. Эл өдөр нар өнгөтэй сайхан мандсан нь цугларсан олонд эерэг сайхан энерги өгч, сэтгэлийн дулаан илч, урам зоригийг хайрласан юмаа. Шинэ оны анхны нар 8 цаг 07 минутанд мандсан.