Monday, July 23, 2012

Байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг

•    Сумын Халамжийн мэргэжилтэн У.Одонцэцэгтэй хамтран сумын орлогогүй, нэн ядуу болон хөдөлмөр халамжийн үйлчилгээний ажилгүйчүүдийн бүртгэлд бүртгэлтэй 9 иргэнээр 7 хоног Хавиргын булагийн элсэнд дарагдсан хашааны элсийг хогийн машинаар гадагшлуулж зөөх хашааны торыг дахин шинэчлэн шинэ тор татах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.
•    Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ой угтсан ажлын хүрээнд сум орон нутаг байгууллага, ААН, айл өрхийн өнгө үзэмжийг сайржуулах зорилгоор сумын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг хийлгээд байна. Цэвэрлэгээнд нийт 24 байгууллага, ААН, иргэд оролцож байгууллагын гадна талын хогийг цэвэрлэх ачих зэрэг ажлыг хийж гүйцэтгүүлээд байна.
•    Хавиргын булгийн дагуух хогийг сумын ажилгүй 6 иргэнээр 3 хоног цэвэрлүүлэн хогийн машинаар хогийн цэгт зөөж асгуулсан. Нийт 10 га орчим.

Онгон сумын байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг мэдээлэв.

Байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон

•    6-р сарын 20 – эхлэн 7-р сарын 20 хүртэл Баян-Овоо ууланд сэргээн нутагшуулсан тарвагандаа 5 удаа ажиглалт хийлээ. Ингэхдээ дахин нүүн шилжсэн өөр газрыг олж харсан ба анх нутагшуулахад тавьсан газраасаа ихэнх тарваганууд нь нүүж шинээр үүр ичээ ухаж суурьшсан нь тогтоогдсон.
•    2010 онд тус сумын нутагт Буман чацаргана ХХК нь 15 мянган чацаргана тарьсан. Энд тарьсан чацаргана сайн ургаж байгаа ба энэ жилээс жимсэлж эхэлж байна.
•    Тус сумаас энэ жил 4 хадлан гарахаар газрын мэргэжилтэнд хүсэлтээ гаргаж ажиллаад байгаа ба БОХУБайцаагч, Байгаль хамгаалагчийн зүгээс хадлан хадах газрыг зааж өгөх, гал түймэрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулж ажиллаж байна.
•    Тус сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн “Насны зам” ХХК-ны тавьж буй мянганы замд ашиглаж буй хайрга, чулуу, элс, шороо зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын кареруудын хоородын зай, гүн, талбай зэргүүдэд хяналт шалгалтын ажлыг хийж сумын төвд ойрхон ухагдсан хоёр карерын нэгийг нөхөн сэргээлгэж, нөгөөг нь нөхөн сэргээх талаар хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна.
•    Мөн зөвшөөрөлгүйгээр Хэрлэн голын эргээс 180 тн хайрга авч ашигласан “ЭФ ЖИ ПИ ЭМ” ХХК-аас түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр болох 560,0 мянган төгрөгийг Байгаль хамгаалах санд оруулаад байна.

Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон мэдээлэв.


Thursday, July 19, 2012

“Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх” хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

       Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газар ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Аялал жуулчлалын товчоотой “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилгоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Сүхбаатар аймгаар аялах аяллын маршрутаа баталлаа.
       Хамтран ажиллах гэрээг 4 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний үндсэн дээр хоёр тал хийх ажлын төлөвлөгөөг жил бүр баталж, дараа жилийнхээ 4-р сард хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч байх юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Сүхбаатар аймгийн талаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Батхүрэл, мэргэжилтэн П.Ариунболд, Л.Балдандорж, М.Борчулуун, Т.Түмэнжаргал, байгаль хамгаалагч Б.Эрдэнэбаяр, Х.Гүрсоронзон, нягтлан бодогч Цолмон, бичиг хэрэг Дархиа гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон бол ӨМӨЗО-ны талаас Зүүн үзэмчин хошууны засгийн ордны дэд дарга Навчмаа, Зүүн үзэмчин хошууны засгийн ордны дэд дарга Батмөнх, Зүүн үзэмчин хошууны ухуулах хэлтсийн дэд дарга Сарансүх, Зүүн үзэмчин хошууны соёл бие тамир, радио кино телевизын товчооны дэд дарга, Аялал жуулчлалын товчооны дарга Цэцэнбаатар, Зүүн үзэмчин хошууны Аялал жуулчлалын товчооны дэд дарга, аялал жуулчлал хариуцсан салбарын дарга Цогт, Зүүн үзэмчин хошууны Гааль, Хилийн шалган нэвтрүүлэх алба, Хилийн хорио цээрийн газар, Хил сэргэлэн хамгаалах газар, Гадаад явдлын албан гэр, Боомтын албан гэрийн дарга нар оролцсон.

Monday, July 9, 2012

Гангын цагаан нуурандаа залбирмуй

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нэг дэлхий эв нэгдэл төрийн бус байгууллага хамтран Оргихын булгийн орчимд “Хөх нуурын залбирал” нэрийн доор Монголын байгаль хамгаалах түүхэн  уламжлал, зан заншлын хүрээнд  07-р сарын 08-ны өдөр Дарьганга сумын Ганга нууран дээр “Гангын цагаан нуурандаа залбирмуй” олон нийтийн залбирал хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
 
Хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”, “Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”, “Оточ одь эмнэлэг”, “Дээд эрүүл мэндийн хүрээлэн”, “Ганга импекс компани”, “Цайрт Минерал” ХХК ажиллаа.