Monday, June 29, 2009

Сүхбаатар аймаг танилцуулга

Танилцуулга

          Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа.
         1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Энэ үед Дорнод аймгаас Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Онгон, Урт, Халзан, Хонгор зэрэг 10 сум, Хэнтий аймгаас Баянтэрэм, Уулбаян, Өлзийт, Түвшинширээ зэрэг 4 сум бүгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өвс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагдаж, Мандалын хийдийн сууринд төвлөрсөн бөгөөд аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сард 74 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишүүн, аймгийн яамны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Түвдэнг баталжээ.
         Улсын бага хурлын 1943 оны 2 сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож "Сүхбаатар аймаг" гэж нэрлэх болсон юм. Мөн ондоо аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж "Баруун-Урт" гэж нэрлэсэн байна.
Газар зүй
           Тус аймгийн нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.
         Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс 790 метр өргөгдсөн Байшинт юм.
         Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.
           Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын 70 гаруй агуй зэрэг олон агуй, Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.
 Амьтан ургамал
         Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.
         Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга, зэрлэг гахай, Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль янгир нутагшиж байна.