Sunday, September 13, 2009

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудад стандартын улсын үзлэгийг хийлээ

Шалгалтын зорилго нь мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан 02/245 тоот удирдамжийн дагуу Монгол улсын “Аялал жуулчлалын тухай” хуулийн 10.1.1, “Стандарчилал тохирлын үнэлгээний тухай” хуулийн 6.2, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 42.2 дэх заалт болон “Жуулчны баазын үйлчилгээний шаардлага” MNS 4934-2002, “Дэн буудлын ерөнхий шаардлага” MNS 5279-2007, “Зочид буудлын үйлчилгээний чанар зэрэглэл.үндсэн шаардлага” MNS 4588-2004, “Амралтын газрын үйлчилгээний чанар, үндсэн шаардлага” MNS 5374-2004 стандартуудын хэрэгжилтийн байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулан, биелэлтийг хангуулж, арга зүйн зөвлөгөө өгөхөд шалгалтын зорилго чиглэгдлээ.

Шалгалтанд аймгийн хэмжээнд Дарьганга сумын 3-н жуулчны бааз, 1 амралтын газар, Онгон сумын 1 жуулчны бааз, аймгийн төв болон сумдын зочид буудал, дэн буудлууд нийт 18 обьектыг хамруулан шалгалт хийв.
          Шалгалтын явцад нийт давхардсан тоогоор 512 зөрчил илрүүлж, үүнээс 58 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 183 заалт бүхий 12 албан шаардлага, 32 заалт бүхий 1 акт, 12 заалт бүхий 2 дүгнэлт гаргаж 2 албан тушаалтанд 140.0 мян.төг, 3 иргэнд 50.0 мян.төг торгуулийн арга хэмжээ авав.
         Хяналт шалгалтанд хамрагдсан иргэд аж ахуй нэгж байгууллагад хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага материалаар хангав.

Wednesday, September 2, 2009

Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир спортын газартай хамтран явган аялал зохион байгууллаа

            2009 оны 08 дугаар сарын 29 онд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5 дугаар тогтоол, Биеийн тамир спортыг хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Биеийн тамир спортын газартай хамтарч “Биеийн тамир-эрүүл мэнд” уриан дор явган аялал зохион байгууллаа.
             Явган аялалын үеэр хөгжөөнт бухиа, олс таталт, хэн сайн хоол хийх вэ тэмцээнүүд зохиогдож  багийн дүнгээр 1-р байранд “Ус цаг уур орчны шинжилгээний алба”, 2-р “Онцгой байдлын хэлтэс”, 3-р байранд “Аймгийн Засаг тамгын газар” тус тус шалгарсан. Цаашид уг явган аялал нь уламжлал болгон зохион байгуулагдах аж.

Thursday, August 20, 2009

Аймагтаа анх удаа гадаадын жуулчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оруулж ирлээ

        Тус аймгийн төвөөс 300-аад км алслагдсан, Эрдэнэцагаан сумын нутагт байрших Бичигтийн боомтыг байнгын ажиллагаатай болгож ажиллуулах талаар зохих байгууллага, газарт удаа дараа хүсэлт тавьж хүчин чармайлт гаргасны дүнд Монгол, Хятадын Засгийн газрын шийдвэрээр боомт 2008 оны 1 сарын 1-ээс эхлэн байнгын ажиллагаатай болоод байгаа нь хөрш БНХАУ, ӨМӨЗО-той аялал жуулчлал, нийгэм эдийн засгийн бүхий л салбарт  хамтын ажиллагаа өргөжүүлэх бүрэн боломж бүрдсэн. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс 2009 оноос эхлэн БНХАУ-ын Зүүн үзэмчин хошуунаас групп жуулчдыг хүлээн авч Эрдэнэцагаан сум, Дарьганга сумдын нутгаар аялуулж байна.

Saturday, July 4, 2009

Аялал жуулчлалын зөвлөл

Аялал жуулчлалын зөвлөл
           2009 оны 03 сарын 18 ны өдрийн Сүхбаатар аймгийн Засаг даргын 100 дугаар захирамжаар орон нутгийн аялал жуулчлалын зөвлөлийг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Зөвлөлийн дарга             Аймгийн Засаг даргын орлогч
Нарын бичгийн дарга     Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчин,  аялал жуулчлалын бодлогын мэргэжилтэн.
Гишүүд - Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
            - Мэргэжлийн хяналтын газрын аж үйлдвэр, аялал жуулчлалын хяналтын   улсын байцаагч
              - Угсаатны зүйн музейн захирал
              - Хөгжимт жүжгийн театрын дарга
              - Боловсрол соёлын газрын дарга
              - Зураач урчуудын холбооны дарга
              - Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн
              - Мерси кор төслийн Сүхбаатар аймаг дахь төлөөлөгчийн газрын ажилтан
              - “Талын цаг” ХХК-ийн захирал
              - “Нүүдэлчин хүрээ бүрд” ХХК-ийн захирал

Monday, June 29, 2009

Сүхбаатар аймаг танилцуулга

Танилцуулга

          Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа.
         1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Энэ үед Дорнод аймгаас Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Онгон, Урт, Халзан, Хонгор зэрэг 10 сум, Хэнтий аймгаас Баянтэрэм, Уулбаян, Өлзийт, Түвшинширээ зэрэг 4 сум бүгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өвс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагдаж, Мандалын хийдийн сууринд төвлөрсөн бөгөөд аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сард 74 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишүүн, аймгийн яамны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Түвдэнг баталжээ.
         Улсын бага хурлын 1943 оны 2 сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож "Сүхбаатар аймаг" гэж нэрлэх болсон юм. Мөн ондоо аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж "Баруун-Урт" гэж нэрлэсэн байна.
Газар зүй
           Тус аймгийн нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.
         Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс 790 метр өргөгдсөн Байшинт юм.
         Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.
           Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын 70 гаруй агуй зэрэг олон агуй, Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.
 Амьтан ургамал
         Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.
         Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга, зэрлэг гахай, Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль янгир нутагшиж байна.