Saturday, November 16, 2019

"Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль боллоо


“АГТАНА ХҮРЭЭТ” АДУУЧДЫН ЧАНСААГ ТОДОРХОЙЛСООР
Сүхбаатар аймгийн ИТХ-ын санаачлагаар Шилийн богдын ар бэлд адуучдын баяр хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол адуу, түүнийг дагасан соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэрэл зурагт мөнхлөн үлдээж дэлхий нийтэд сурталчлах, улмаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг үйл ажиллагааг энэ жил Монголын гэрэл зургийн холбоо, ӨМӨЗО-ны "Одон" телевиз, "Эх орон" телевиз, "Талын түрлэг" сэтгүүлчдийн бүлгэм, “Ухаантай морь” сэтгүүл, "Монцамэ" агентлагийн Япон улсын сурвалжлагч, фото зураг сонирхогчид зэрэг дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжиллаа.
Шилийн богдын оройгоос ургах нарыг харах үйл явцаар эхэлсэн “Агтана хүрээт” наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улааны "Аварга зээрд" хэмээн алдаршсан хурдан хүлгийг алдаршууллаа. Энэхүү алдарт хурдан хүлэг энэ жил 25 нас хүрч байгаа аж.
Нээлтийн ёслолын дараа адуучдын авхаалж сорьсон уран уургач, бугуйлч, эмнэг сургагч, хамгийн сайн ногт, хазаар зангидагч, мөн сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнүүдэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн хүлэгч эрс оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөв. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуучин залуус хувцсаараа ижилссэн нь бусдаас илүү зохион байгуулалттай, ялгарч харагдав. Тэд тэмцээндээ ч амжилттай оролцсон.
“Агтана хүрээт 2019” наадмын үеэр МУЭ-ийн зураач Н.Амарсайхан, Содномдаржаа нар үйл ажиллагааны агшинг уран зургаар газар дээр нь зурж буулгасан нь олны сонирхол татсан үйл явдал байлаа. Тэдний бүтээлийг баярт оролцсон уран зураг сонирхогчид худалдан авч байв. Энэ үеэр мөн Дарьганга сумын зураач Б.Энхмаа, зураач, соёл судлаач Д.Амараа нар гэрэл зураг болон монгол зургийн үзэсгэлэнгээ гаргаж олонд сурталчилсан юм.
“Агтана хүрээт” наадам нь дотоод, гадаадын жуулчдад Сүхбаатарчуудын аж байдлын онцлогийг харуулах, шүтлэгт хайрхан, уул усныхаа тухай танилцуулах боломжийг олгож буйгаараа ач холбогдолтой аж.
Монгол адууны өв соёлыг хадгалж, хамгаалах, адуучдын чансааг сорьж тодорхойлох болсон "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадмыг ирэх жилүүдэд илүү олныг хамарсан, томоохон үйл ажиллага болоосой хэмээн баярын үйл ажиллагааг сонирхсон гадна, дотнын төлөөлөгчид, жуулчид хэлж байлаа.

Monday, September 9, 2019

Бүх нийтийн явган аялал боллоо


ЗГ-ын 05 дугаар тогтоол, Аймгийн засаг даргын 50 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийг дэмжих, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээ болон аялал жуулчлалыг сурталчилах, ажилчдын эрүүл мэндийг хангах  зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар хамтран Бүх нийтийн явган аяллыг 9 сарын 08 ны өдөр Баруун голын эхэнд зохион байгууллаа. Явган аялалд 4-р сургууль, Сүхбаатар хөгжил ҮТП, 6-р цэцэрлэг, БУ ЗДТГ, ОНӨГазар, Мандарваа 8-р цэцэрлэг, УЦУОШГазар, ЗХ 338-р анги, Хаан банк, Төрийн банк, 11-р цэцэрлэг, Цагдаагийн газар, Дөрвөлж ХХК, ОБГазар, Эрүүл мэндийн газар, Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын баг хамт олон оролцлоо. Аяллын үеэр Олс таталт, Хөгжөөнт буухиа, Хэн сайн хоол хийх вэ уралдаан тэмцээн зохион байгуулагдаж олс таталтын тэмцээнд 1-р байр ЗХ 338-р анги, 2-р байр Мандарваа 8 цэцэрлэг, Хөгжөөнт буухиа тэмцээнд 1-р байр Онцгой байдлын газар, 2-р байр Хаан банк, Хэн сайн хоол хийх вэ уралдаанд 1-р байр ЗХ 338-р анги, 2-р байр Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын баг хамт олон эзлэж Талархал, мөнгөн шагналаар шагнагдсан бол идэвхитэй оролцсон байгууллагын шагналыг Цагдаагийн газар, 11-р цэцэрлэгийн хамт олон шагнагдсан. Бүх нийтийн явган аялалд нийт 17 баг, 160 гаруй хүн оролцож нэг өдрийг хөгжилтэй зугаатай өнгөрөөлөө. 




Sunday, June 23, 2019

Гурван улсын Түмэн газрын цайны зам аялал жуулчлалын холбоонд гишүүн аймгаар элсэн орлоо


Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын Дөрөвдүгээр хуралдаан  6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцавд энэ өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус хуралдаанд манай улсаас БОАЖЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулж, Нийслэлийн ЗДТГ, Дорноговь аймаг, Сүхбаатар аймаг, Өмнөговь аймаг, Чингисийн тоонот ХХК, Онон хурхын өргөө жуулчны бааз, Монголын үндэсний телевиз, UBS телевиз, Морин аялал компани, Өнөр говь ХХК зэрэг 40 гаран  төлөөлөгчид оролцож, Цайны замын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, үүнд гурван улсын төрийн бодлогыг үр дүнтэй чиглүүлэх, иргэд харилцан жуулчлах нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах, хөнгөвчлөх түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал дэвшүүлэн хэлэлцсэн.
Энэ хуралдаан нь Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүнүүдийн дөрөвдүгээр уулзалтын хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.  Хуралдааны  үеэр гурван тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, хурлын протоколд гарын үсэг зурлаа. Мөн “Цайны зам” соёл аялал жуулчлалын хөгжлийн шинэчлэл форум, хоёр талт уулзалт, салбар хуралдаанууд, “Цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн зохиогдон байгуулагдсан.
Манай улсад ирдэг жуулчдын зах зээлийг ОХУ, БНХАУ тэргүүлдэг. 2018 онд ОХУ-аас 129 094 жуулчин манай улсад аялсан нь өмнөх оныхоос 20.7 хувиар, БНХАУ-аас 163 991 жуулчин аялсан нь өмнөх оныхоос 13.8 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын сайд нарын ээлжит хуралдаанд БОАЖЯ өндөр ач холбогдол өгсөөр иржээ.
Өнөөдрийн байдлаар Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагаар Монголоос Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, шинээр Сүхбаатар аймаг, Өмнөговь аймаг, Хятадын 11 муж, Оросын таван муж, хот элсэн ороод байна.
Түмэн газрын цайны зам аялал жуулчлалын холбоонд элсэн орсноор хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, цайны замын холбоогоор дамжуулан аймаг орон нутгаа гадаадад сурталчлах боломж бүрдэж байна.
Мөн Сайд нарын 4 дүгээр уулзалтын үеэр Улаанцав хотод Цайны зам соёл аялал жуулчлалын үзэсгэлэн болж үзэсгэлэнд Сүхбаатар аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Чингисийн чоонот ХХК, Морин аялал компани, Монтрайлс ХХК зэрэг оролцож аялал жуулчлалын зорин очих газрууд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчиллаа.
Монгол, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд анх 2016 оны 7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан ажээ.  Мөн оны аравдугаар сард “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбооны Бээжингийн хамтын ажиллагааны тунхаглал”-ын дагуу Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газар байгуулагдсан юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхим нь Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэдэг.

Saturday, June 15, 2019

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт боллоо


Байгаль орчин, аялал жуулчлал яамны санаачилгаар Монголын Зочид буудлуудын холбоо, Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Угсаатны зүйн музей, Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартыг мөрдүүлэх, байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын аялагч, жуулчид, үйлчлүүлэгчдийн ая тух, эрүүл аюулгүй байдлыг хангах, зочдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйлчилгээний соёл, найрсаг харилцаа хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ”-ний дараах 9  мэргэжилээр үнэ төлбөргүй сургалт зохион байгууллаа. Үүнд:
·         Харилцаа хандлага
·         Удирдлага, менежер
·         Зочин хүлээн авагч
·         Өрөөний үйлчлэгч
·         Гэрийн үйлчлэгч
·         Зөөгч
·         Тогооч
·         Бартендер
·         Бариста
·         Хөтөч, жолооч
Тус сургалтанд Эрдэнэцагаан, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Сүхбаатар, Баруун-Урт сумын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, соёлын төвийн ажилтнууд, иргэд нийт 90 гаруй хүн сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан.
Энэхүү сургалтын үр дүн нь:
·         Үйлчилгээний ажилтны харилцааны соёл, биеэ авч явах байдал
·         ХАБЭА-ын шаардлага баримтлах
·         Байгууллагад тулгамдсан асуудлдууыг шийдвэрлэх, арга замыг тодорхойлох
·         Зочны бүртгэл хөтлөх, мэдээ мэдээлэлээр хангах, төлбөр тооцоо хийх
·         Цэвэрлэгээний  технологий дараалал баримтлах, бодис болон алчуурын ялгаа, зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтын тооцоо хийх
·         ХЭА-ын шаардлага хангасан хоол хүнсээр үйлчилэх, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт болон хадгалалт, орон нутгийн онцлог хоол хүнснийг бий болгох
·         Ширээ засах, цэс гардуулах, өөрийн байгууллагын онцлог бүтээгдэхүүн танилцуулах, үйлчлэх, төлбөр тооцоо хийх
·         Жуулчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн түүх дурсгалт газруудын мэдлэгийг танин мэдүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөсөн.
Сургалтыг зохион байгуулахад хөрөнгө санхүү, сургалтын заал танхимаар туслалцаа үзүүлсэн Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, Угсаатны зүйн музей, Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, Амжилтын таслт хөгжлийн хүрээлэн, Билион зоогийн газар, Тансаг зочид буудал, Наадаан ресортод гүн талархал илэрхийлье.