Tuesday, May 16, 2017

Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаан боллоо

2017 оны 05 дугаар сарын 12-14 ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Зүүн бүсийн аварга, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан боллоо.
           Уралдаанд ХХААХҮЯ, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын Мастер тогоочдын холбоо шүүгчээр оролцож бол Дорнод, Хэнтий аймаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын тогооч, зөөгч нар орчин үеийн Монгол хоол, орон нутгийн брэнд хоол, ресторан зоогийн газар, кафе-н төрөл, талх, нарийн боов, цэцэрлэг, эмнэлэг,сургууль, шилдэг багийн Гранпри, зөөгчийн үйлчилгээний төрөл, спорт, урлагийн гэсэн төрлүүдээр оролцож ур чадвараараа 2 хоног өрсөлдлөө.
Ажил мэргэжлийн уралдааны эхний өдөр тогооч зөөгч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг, хоёрдахь өдөр монгол үндэстний хоол, орон нутгийн брэнд хоолны үзэсгэлэн шалгаруулалт, урлагийн наамд, спортын арга хэмжээ, гуравдахь өдөр тогооч зөөгч нарын ур чадвар, гранпри шалгаруулах тэмцээнүүд болж өндөрлөсөн.
Орон нутгийн брэнд хоол шалгаруулах төрөлд гүзээнд хийсэн таван цулын хорхог, хуймаг, сүүний хоол, цагаан ямааны тараг, толгой шийр, буриад талх, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн зууш, таван цулын шөл, талын чулуу, ляпушиг, мойлтой тос, бүдрэнгийн овоо зэрэг олон сайхан хоол байснаас шүүгчид өвөрмөц, нутгийн нутгийн онцлогийг харуулсан байдлаар нь аймаг тус бүрээс нэг хоол шалгаруулсөн бөгөөд Сүхбаатар аймгаас Цайртминерал ХХК-ний багийн Талын чулуу /үнгэлзэнгэн дотор хийсэн хорхог/, Дорнод аймгаас Бүдрэнгийн овоо /Шавранд хийсэн хорхог/, Хэнтий аймгаас Ляпушиг, мойлтой тос нутгийн брэнд хоолоор шалгарсан. Эдгээр шалгарсан хоолнууд нь 21 аймгийн хоолны катлогт орж ном болон хэвлэн гарах юм. Байгаль орчин, аялал жуулчлалын газар ЦайртМинерал ХХК-ний багийн хийсэн “Талын чулуу” хоол газрын нэрэмжит хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналыг гаргуулж өглөө.
Уралдааны Ерөнхий зохион байгуулагчаар: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Мастер тогоочдын холбоо, Хамтран зохион байгуулагч: Аймаг, сумын ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын тогоочдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл ажиллаа. Шилдэг багийн Гранпри шагналаар Дорнод аймаг алтан медаль, Сүхбаатар аймаг мөнгөн медаль, Хэнтий аймаг хүрэл медаль хүртсэн.


Tuesday, May 9, 2017

Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь зөвлөлдөх уулзалтын хүрээнд мэргэжлийн тогооч, зөөгч нарын ур чадвар чадамжийг дээшлүүлэх, үндэсний брэнд хоол, үйлчилгээ шалгаруулах, харилцан туршлага солилцох ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН 05 дугаар сарын 12-14 ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болно.
Уралдааны төрөл:
  • Орчин үеийн Монгол хоол
  • Орон нутгийн брэнд хоол шалгаруулах
  • Ресторан, зоогийн газар, кафе
  • Талх, нарийн боов
  • Цэцэрлэг, эмнэлэг, сургууль
  • Шилдэг багийн Гранпри
  • Зөөгчийн үйлчилгээний төрөл
  • Спорт, урлагийн гэсэн төрлөөр болно.

Ерөнхий зохион байгуулагч:
·         Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
·         Монголын Мастер тогоочдын холбоо
Хамтран зохион байгуулагч:
·         Аймаг, сумын ЗДТГ,
·         Хүнс хөдөө аж ахуйн газар,
·         Байгаль орчин, аялал жуулчлалын газар,
·         Монголын тогоочдын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл