Friday, September 26, 2014

Ганга нуурын чуулган эвент арга хэмжээг зохион байгууллаа

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл спорт, аялал жуулчлалын газар, Жаахан шарга театр, Угсаатны зүйн музей, Нийтийн номын сан, Нью жуулчин турс ХХК, Монголын соёл урлаг, яруу найргийн академи хамтран Сүхбаатар аймагт аялал жуулчлал хөгжүүлэх, хүн байгалийн шүтэлцлэлийг нэмэгдүүлэх, Дарьганга түмний ёс, заншил, ардын өв уламжлалыг сэргээж хойч үед өвлүүлэх  зорилгоор Сүхбаатар аймгийн Дарьганга суманд “Ганга нуурын чуулган” түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төслийг 9 сарын 21-23 ны өдрүүдэд анх удаа амжилттай зохион байгууллаа. Ганга нуурын чуулганы нээлтийн  арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Соёл Яруу найргийн Академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Нью Жуулчин Турс Компанийн захирал Ш.Нэргүй, Наран, Онгон, Дарьганга, Халзан, Баяндэлгэр, Асгат сумдын Засаг дарга нар оролцсон.
Төрийн тахилгат Алтан дарь овооныхоо энгэрт хуучнаар Дарьганга хошууны 6 сум буюу Наран, Онгон, Халзан, Баяндэлгэр, Асгат, Дарьганга сумдууд “Дарьганга нүүдлийн өв соёл гэр үзэсгэлэнг гаргаж шавар зуух, мөнгөн тоноглол бүхий эмээл хазаар, арслантай эрээн авдар, эргэнэг зэрэг хуучин эдлэлүүдээ дэлгэсэн нь ирсэн зочдын нүдийг хужирлаж байлаа. Мөн Дарьганга адууны соёл арга хэмжээний үеэр Дарьгангын сумдууд Дарьганга адууны танилцуулга хийж, жороо морины болон мөнгөн эмээл хазаараар тоноглосон хос морьтоны үзүүлбэрүүдийг үзүүлж хурдан шандаст хүлгүүдээ сурталчилсан юм.
Байгалийн цогцолборт газар болох мянга мянган хун шувуу чуулдаг үзэсгэлэнт Ганга нуурыг хамгаалах зорилгоор нутгийн ард иргэд, ирсэн зочид, эрдэмтэд хамтран “Ганга нуураа аврах” хөдөлгөөн өрнүүлж, нуурын эх ундарга болсон Оргихын булгын эхэнд бутлаг ургамал болох бургас, үрэл зэрэг 500 мод тарьсан бол Эрдэнэмандал хийдийн лам хуваргууд Ганга нуурандаа усан балин өргөж, шашны ёс гүйцэтгэсэн юм. 
Чуулганы сүүлийн өдөр Дарьганга сумын Молцог элсний зүүн зах Өргөний голд “Дарьганга нүүдлийн соёл” хэмээх арга хэмжээг зохион байгуулсан ажээ. Тус арга хэмжээний үеэр Дарьганга сумын Засаг даргын тамгын газар Алтан овооныхоо энгэрээс сумын төвөөс зүүн урагш 5 км т орших Өргөний гол руу тэмээн хөсгөөр нүүдэл хийж Нүүдэл тосох зан үйл, шинэ нутагт газар сонгож гэрээ барих, Дарьганга шавар зуух барих, цай чанаж, тогоо нэрж ирсэн аялагч жуулчид, зочид гийчдэд танилцуулсан юм. Мөн Аймгийн Жаахан шарга театрын хамт олон “Жаахан шарга дуу”-ны домгоор жүжигчилсэн тоглолт хийж, сумдууд “бэр мордуулах ёс, “даалууны гуншин дуудах”, “эсгий хийх ёс”, “малын уриа дуудлага”, “тогоо нэрэх ёс” зэрэг ардын аман билигээр соёлын үзүүлбэр үзүүлэв.  
Сумдуудын дунд байр эзлүүлэхэд Дарьганга сум 1-р байр, Онгон сум 2-р байр, Наран сум 3-р байранд тус тус шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан юм. 
Цаашид Ганга нуурын чуулган түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төслийг жил бүр уламжлан болгон зохион байгуулна.
Ганга нуурын чуулган түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төслийг амжилттай зохион байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аймгийн Засаг даргын тамгын газар, Нью жуулчин турс ХХК, бусад ивээн тэтгэгч байгууллагууд болон Наран, Онгон, Дарьганга, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдын засаг даргын тамгын газар болон ард иргэд, хэвлэлийн түншээр ажилласан Монгол HD, ETV, SB TV, BBS TV телевизүүд, Өнөөдөр, Өдрийн сонингийн хамт олонд гүн талархал илэрхийлье. 

Tuesday, July 29, 2014

ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт “Өнийн цэнхэр үзэмчин” олон улсын монгол үндэсний хувцас загварын шоу болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцлоо

ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт “Өнийн цэнхэр үзэмчин” олон улсын монгол үндэсний хувцас загварын шоу болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнд Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Лхамсүрэнгээр ахлуулан 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. 
Уг арга хэмжээнд монгол үндэсний хувцасны загварын шоунд 16 модель, уран зургийн үзэсгэлэнд Зураач урчуудын холбооны тэргүүн Ё.Бадарч, зураач Энхбат, гар урлалын үзэсгэлэнд Мөнххаан сумын гар урчин Энхзул нар оролцсон. 

Tuesday, July 1, 2014

Дурсамж дүүрэн Далианы аялалын бүртгэл эхэллээ

Албан байгууллага болон хувь хүмүүс 20 –иос дээш хүнтэй өөрийн группээ бүрдүүлсэн бол компаний зүгээс тусад нь аялалыг зохион байгуулж өгч үнийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн хувь хүн болон албан байгууллага гадаад дотоодын аль ч газар луу аялах хүсэлтэй бол аялалыг хамгийн бага үнээр хамгийн ая тухтайгаар зохион байгуулж үйлчилнэ.

Monday, June 23, 2014

Хил орчмын аялал жуулчлалын уулзалт боллоо

ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Засгийн ордонд Хил орчмын аялал жуулчлалын уулзалтыг хийлээ. Уулзалтанд Монгол улсын Сүхбаатар аймгийн талаас Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Баасандорж, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга О.Батнасан, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд, Зүүн үзэмчин хошуунд суух паспортын төлөөлөгч Шархүү, Зураач урчуудын холбооны тэргүүн Ё.Бадарч, Бичигт боомтын захиргааны дарга Гансүх, И ТИ АЙ ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, менежер Э.Оргил, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Зүүн үзэмчин хошуунаас аймгийн орлогч дарга Ба Жин Хау, Улиастай балгасын орлогч дарга Батмөнх, Соёл, биеийн тамир, радио телевиз, аялал жуулчлалын товчооны дарга Сарансүх, аялал жуулчлалын товчооны орлогч дарга Хүү дагуул болон бусад төлөөлөгч нар оролцлоо. 
            Мөн ӨМӨЗО-ны жуулчдыг хоёр орны компаний гэрээн дээр үндэслэн Монгол улсын Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр аялуулж байхаар шийдвэрлэлээ. Үүний үр дүнд 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн анхны жуулчдыг аялуулахаар хоёр талын компаниуд бэлтгэл ажлыг хийж байна.  

Friday, May 2, 2014

Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын холбоог байгууллаа

Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал Мөнхбат, удирдах зөвлөлийн дарга П.Ариунболд, гишүүнээр Ё.Бадарч, З.Боргил, Ариундэлгэр, М.Энэбиш, Э.Ушаандар, Сансармаа, М.Амгалан нар сонгогдлоо

Sunday, March 23, 2014

Хустайн ТХГН-т туршлага судлах аялал

Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын салбарынхан Төв аймгийн нутагт байрлах Хустайн ТХГН-т очиж Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал /НИТАЖ/-ын чиглэлээр сургалтанд хамрагдаж, нутгийн малчин айлаар зочлон НИТАЖ-ын талаар туршлага судалж, байгалийн үзэсгэлэнт газраар аялан тахь, халиун буга зэрэг ховор амьтадыг үзэж сонирхосон. Уг сургалтанд хамрагдснаар орон нутагтаа НИТАЖ-ыг хэрхэн яаж хөгжүүлэх, малчид болон гар урчуудыг аялал жуулчлалд татан оруулж өрхийн орлогыг нэмэгдүүлэх нэг гарцыг бий болгох боломжтой болсон юм. Цаашид энэ чиглэлээр Эрдэнэцагаан, Дарьганга суманд сургалт уулзалтуудыг зохион байгуулж, 1-2 айлыг сонгон авч НИТАЖ-ын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Saturday, March 22, 2014

ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

Аймаг орон нутгаа гадаад, дотоодод сурталчилах, туршлага судлах зорилгоор  аймгийн ЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Жаахан шарга театр, Угсаатны зүйн  музей, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Тансаг, Оргих, Зотол, Хүслийн хүсэл, Талын агуй, гар урчууд хамтран International Travel Mart -2014 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд анх удаагаа аймаг орон нутгаа төлөөлөн оролцлоо. Тус үзэсгэлэнд 21 аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, олон улсын авиа компаниуд, зочид буудал, жуулчны баазууд оролцсон томоохон арга хэмжээ болсон. Үзэсгэлэнгийн үеэр аймаг орон нутгаас ирсэн төлөөлөгчид Хаан гэр ресторан, Edelweiss зочид буудал, Цагаан алт эсгий эдлэлийн дэлгүүртэй танилцаж туршлага судалсан юм. 

Monday, March 17, 2014

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Төрийн ордонд Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, ӨМӨЗО-ны Шилийн гол аймагтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 2014 онд 5000 жуулчин аялуулах, Бичигт боомтонд аялал жуулчлалын мэдээлэл сургалтын төв байгуулахаар хамтын ажиллагааны санамж бичиг үйлдлээ.

Friday, January 17, 2014

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Мөнгөн өвлийн найр арга хэмжээнд оролцлоо

Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Соёл, биеийн тамир, радио телевиз, аялал жуулчлалын товчоотой Соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасын Мөнгөн өвлийн найр арга хэмжээнд Сүхбаатар аймаг загвар өмсөгчид, уран зураачид, дуучид гэсэн нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. 
Мөнгөн өвлийн найр арга хэмжээ гурав хоног үргэлжилсэн бөгөөд Сүхбаатар аймгийн зураачид Хөх дорно зотон тосон зургийн үзэсгэлэн, загвар өмсөгчид Бүх орны дөрөвдүгээр хугацааны үзэмчин хундагат монгол үндэстний өвлийн улиралын хувцас заслын уралдаанд амжилттай оролцсон. Мөн арга хэмжээний үеэр Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын дуучин Амарбаатар, Осгонбаяр, Хатанбаатар, Тодгэрэл нар Өвөр монголын дуучидтай хамтран Мандах наран нутаг, Өвөр монголын Үзэмчин нутаг дуунуудыг хамтран дуулсан юм.

Wednesday, January 1, 2014

Шинэ оны анхны нар харах аялал

 Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Байгаль орчны газар хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар харах аялал”-ыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд амжилттай зохион байгууллаа. Уг нар харах аялал дөрөв дөхь жилдээ зохион байгуулагдаж байгаа аялал бөгөөд анх Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц ТББ байгууллага санаачлан зохион байгуулж байсан ажээ.  
Шинэ оны анхны харах аялалаар олс таталт, цасны сумо, хөгжөөнт буухиа тэмцээнүүд зохион байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. Аялалд 100 гаруй машин, 500 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Энэ өдөр тэнгэр хангай тогтуухан, нар 8 цаг 6 минутанд үүлгүй сайхан мандсан нь цугларсан олонд халуун дулаан энерги өгсөн юмаа.