Friday, October 22, 2010

БОАЖГ дөрвөн булгийн эхийг хашиж хамгааллаа

Сүхбаатар  сумын Цагаан дэрсний булаг
2010 онд төсвийн ерөнхийлөн захирагч Байгаль орчин, аялал жууулчлалын сайд,  Сүхбаатар аймгийн Засаг дарга нарын  хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжилтийн гэрээнд тусгасаны дагуу  Байгаль орчин, аялал жуулчлалын газар Сүхбаатар  сумын Цагаан дэрсний  булаг,  Мөнххаан сумын  Хадан хошууны булаг, Онгон  сумын Хөөвөр шүүтийн булаг, Сүхбаатар  сумын Баян цагааны 4 булгийн  эхийг 8.0 сая төгрөгийн өртгөөр хашиж хамгааллаа.

Thursday, October 21, 2010

Дөхөмийн говь, Өөшийн говь, Баян-Шарга уулыг орон нутгийн хамгаалалтанд авлаа

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 10-р сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн аргаль хонь, хар сүүлтийн байршил, өсөж үрждэг тархац нутгийг нь хамгаалах зорилгоор Баяндэлгэр, Онгон сумдын зааг Дөхөмийн говь орчмын 404770 га, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Баяндэлгэр сумдын зааг Өөшийн говь орчмын 106879 га, түүх соёлын дурсгал, байгалийн үзэсгэлэнт тогтоц, сум дундын отрын бэлчээрийн нөөц талбайг хамгаалах зорилгоор 12932х, 12931х,11199х, 13885х, 7349х дугаартай хайгуулын талбайнуудыг тойруулан Асгат, Халзан сумдын зааг Баяншарга уул орчмын 331099 га газар нутгийг  тус тус орон нутгийн хамгаалалтад авлаа.
  
Дөхөмийн говь
1.    Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд хар сүүлт, аргаль хонь бүртгэгдсэн байдаг.
Дөхөмийн говьд 1970 аад оны сүүл үед хар сүүлт зээр 5-10 толгойгоор үзэгдэж эхэлсэн. Үүнээс хойш энэ газартаа суурьшин нутагшиж 2009 оны нөөцийн үнэлгээгээр 800 гаруй болтлоо өсч үржсэн. Дөхөмийн говийн баруун зах Зуухын айрагт 2003 онд 4 аргаль хонь ирж нутагшиж байсан бол 2010 оны 8-р сарын байдлаар 18 толгой, Нүдэнгийн ууланд 10 толгой болж нэмэгдэж, эдний 6 нь энэ жилийн төл хурга байсан.
2.    Баяндэлгэр, Онгон сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
Зуухын айраг /Дөхөмийн говь/

Нүдэнгийн уул /Дөхөмийн говь/
 Өөшийн говь
1.    Өөшийн говь нь 4 сумын зааг нутаг бөгөөд 1970 аад оны сүүлээс хар сүүлт зээр цөөн тоогоор тогтмол нутаглаж түүнээс хойш тасралтгүй өсөж үржсээр одоо 200 гаруй болсон байна.
Сүүлийн 20 жилд аргаль хонь, хар сүүлт зээрийн  бэлчээр, ус, хүний үйл ажиллагаанаас болж үндсэн нутгаас дайжин Сүхбаатар аймгийн нутагт шилжин байрших болсныг судлан үзэж Өөшийн говь, Дөхөмийн говь орчмын газар нутгийг аймгийн хамгаалалтанд авах шаардлагатай байгаа юм.
Манай аймагт аргаль хонь 90 гаруй, хар сүүлт зээр 1000 гаруй нутагшин байршиж байгаа нь улсын хэмжээний тухайн амьтадын өргөн тархацтай бүс нутагт хамрагдаж байна.
2.    Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ, Уулбаян сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
Өөшийн говь
Өөшийн говь
Баяншарга уул
1.    Асгат сумын ИТХТ-ийн  2006 оны 01-р сарын 03-ны өдрийн 07 тоот тогтоолоор Баяншарга уулыг сумын тусгай хамгаалалтанд авсан боловч энэ авсан тогтоолоо Ашигт малтмалын газар явуулж бүртгэл хийлгээгүй.
2.    Төрийн болон төрийн бус байгууллагууд  Баяншарга уулыг тусгай хамгаалалтанд авах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан.
3.    Баяншарга ууланд 100 гаруй төрлийн ашигт болон эмийн  ургамал ургадаг.Эдгээрээс дурдвал  “Голгэсэрийн овог” “Тагийн голтгэсэр” ургамал /Ханиад, хижиг халуун өвчин, хорын өвчин, гүвдрүү, шөрмөс  хөших өвчинд хэрэглэдэг./ “Сонгинын овог” “Мангир сонгино” ургамал / нойрыг ихэсгэнэ, хоолонд дурлуулах, илчийг үүсгэх, үл шингэснийг арилгах, хоол тээглэж горойсныг арилгах, толгойн хийд тустай./ “Хонхон цэцэг овог”/ “Хонхлой цэцэг буюу лүдүдорж” Сэрүүн, шингэн, үйлдэл нь суудлын өвчин, бам, шөрмөс хөших зэргийг ангаана. “Туйпланцар” /Халуун дарах, ханиахыг зогсоох, шинэ мах түрүүлж шарх эдгэрүүлэх чадалтай/. Чихэр өвс /Ханиахыг зогсоох, халууныг арилгах, уушгинд халуун бүрхэж шар цэрээр ханиалгах, цээж тэлэх, амьсгал давхцах, уушгины халуун хаталгааг ангаадаг/ зэрэг  болно.
4.    Асгат, Халзан, Баруун-Урт сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
5.    Баяншарга уулыг эртнээс  ард иргэд тахин шүтдэг бөгөөд аймгийн ИТХТ-ийн 2010 оны 06-р сарын 07-ний өдрийн 43 тоот тогтоолоор орон нутгийн  тахилгат уул болгосон.