Monday, August 29, 2016

“Ганга нуурын чуулган” -2016 байгаль экологи, түүх соёл, аялал жуулчлалын өдрүүд нэгдсэн арга хэмжээ боллоо

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Ганга нуурын чуулган-2016” нэгдсэн арга хэмжээ боллоо. Дарьгангачуудын соёлын өв, зан заншил, нүүдэлчин амьдралын хэв маягийг таниулах зорилготой, гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Сүхбаатар аймгийн Дарьганга, Баяндэлгэр, Онгон, Наран, Халзан, Асгат сумдын иргэд оролцсон юм. Эдгээр сумд нь гурван зууны тэртээ Манжийн дарангуйллын үед анх Сүрэгчин хошуу болон үүсч, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед бие даасан Дарьганга хошуу болж, хожим БНМАУ-ын үед задран хуваагдсан түүхтэй.
Ганга нуурын чуулганы үеэр жороо болон хос морьтны үзүүлбэр, марзай дуудах, дэл засах гэх мэт Дарьганга адууны соёлыг танилцуулах үзүүлбэрүүд, нутгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа, Дарьганга нутгийн ардын авъяастнуудын нэгдсэн тоглолт, Дарьганга дархчуудын гар урлал, гэр буулгах, шинэ нутаг сонгох, гэр барих, нүүдэл тосох, шинэ нутагтаа идээ будаа өргөх зэрэг НҮҮДЛИЙН ЁСОН гэхчлэн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагддаг билээ. 
Энэ удаагийн Ганга нуурын чуулганы онцлох нэг зүйл нь Ганга нуур ширгэж байгаа энэ цаг мөчид “Ганга нуурын дуудлага” ард иргэдийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан явдал юм. Хэлэлцүүлэгт  сум орон нутгийн удирдлагууд, Сүхбаатар нутгаас төрж гарсан эрдэмтэн докторууд, тэдний урилгаар ирсэн эрдэмтэд хүрэлцэн ирж нутгийн иргэдттэй санаа оноогоо хуваалцаж, цаашид хэрхэх талаар зөвлөлдсөн нь цагаа олсон чухал арга хэмжээ байлаа. Жишээ нь: ард иргэдээс Ганга нуурын лаг шаварыг тодорхой түвшинд авах, салхин дээд талаар талын цагаан дэрс тарих, хашаа хамгаалалтыг сайжруулах, малын хөлөөс бүрэн чөлөөлөх, ундарга сайтай гүний худаг гаргаж нуурыг усаар тэтгэх, олон нийтийн дунд хандивын данс аялуулах зэрэг авууштай олон сайхан санаа гарч байсан юм.

Ганга нуурын чуулган-2016 нэгдсэн арга хэмжээнд багийн дүнгээр Дарьганга сум нэгдүгээр байр эзэлж, дэд байранд Халзан сум, гутгаар байранд Асгат сум шалгарлаа.