Wednesday, April 29, 2015

Шилийн богд уулын уриалга

Байгалийн болон хүний сэтгэлийн эрчим хүчний эх булаг болсон ер бусын уул – Шилийн Богдод очиж цог хийморио бадраан, байгаль дэлхийнхээ оюун санааг мэдрэн, хүмүүн биеийнхээ байгаллаг чанарыг ухаарч, эх орноороо бахархах бахархалын галыг бадрааж цэнгэл жаргал эдлэх нь хүмүүний эрхэм ёсон буюу.
Гэтэл сүүлийн жилүүдэд Шилийн Богд уул руу аялан зорчигчдын тоо үлэмж өсч, олон салаа зам бий болж, зарим хүмүүс техникийн чадлыг үзүүлэн уулын өөд машинаар авирах, шинээр жим үүсгэх, бут сөөг, өвс ургамалыг гэмтээх, хад чулууг ховхлон овоо босгох, ан амьтадыг үргээх, өргөсөн идээ ундаа, түүний шил савыг хог болгон хаях зэргээр онгон зэрлэг байгальд сэв суулган бохирдуулах зохисгүй үзэгдэл газар авсаар байгаа нь түгшүүр төрүүлж байна.
Шилийн Богд ууланд зорьж цог хийморио сэргээн, эх орон, төрийн сүлд, орон гэрийнхээ шүтээнийг сэргээн,  эрч хүчээ нэмэгдүүлэн, буян хишгээ арвижуулах, сайхан сэтгэл сайн үйлсийн төлөө зорьж яваа хэн боловч уул ус, хангай дэлхийгээ хайрлан дээдэлж, онгон дагшин байдлаар нь хадгалж хойч үедээ өвлөх үлдээхийг ямагт хичээхийн хамт, хүний адил амь амьсгалтай, мэдрэх биетэй, сэтгэх оюунтай-Уул устайгаа зөв харьцаж, хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулан түмэн үедээ ариун буян үйлдэхийг монгол түмэндээ сонордуулан уриалж байна.

Уриалга.
Байгаль дэлхийгээ хүмүүний адил сэтгэх оюунтай хэмээн үзэж, онцлох өндөр уул усаа онголон тахиж дээдэлж итгэл бишрэлээ зориулж ирсэн нь монголчуудын утга соёлын үнэт өв уламжлал билээ.

Монголын дорнод хээр талын ноёлох өндөрлөг – Шилийн Богд уул бол олон үеийнхний түүх шастир, өв уламжлал, зүрх сэтгэлийн омог бахархалыг шингээсэн байгаль эхийн гайхамшигт уран туурвил – онгон дагшин шүтээн хайрхан билээ. Шилийн Богд хэмээх нэр Монгол хүний сэтгэлд онгон зэрлэг байгаль, ертөнцийн эерэг эрчим, эр хүний цог хийморь, хээр тал нутгийн түүх соёл, эх орноо өмгөөлөн хамгаалахын халуун сэтгэлийг илэрхийлдэг юм. 
Монгол эх орны торгон хилийн харуул , эр хүний цог хийморь бадран гэрэлтэхийн бэлгэдэл-Шилийн Богд уулаа эрхэмлэн шүтэж онгон байдлаар нь хайрлан хамгаалж, байгаль хүмүүний мөнхийн шүтэлцээтэй өв уламжлалыг дээдлэн, хойч үедээ ариун дагшинаар нь хадгалж үлдээхийн учирт ухаант монгол хүн танаа хандан:

Дараах санамжийг толилуулах ану:
Шилийн Богд уулынхаа тэнгэрт хүндэтгэл бишрэлээ илэрхийлэхдээ адис авшиг шингэсэн арвай будаа, хуурай цайны дээж тэргүүтэнийг зай төдий  өргөж байгаарай. Өргөлийн утга учир нь сүр бараандаа бус, сэтгэлээсээ байхдаа болой. Хэрвээ та тахилын идээний чуулгантай ирсэн бол ууландаа залж сэтгэлээ илэрхийлсний дараа буцаан авч гэр орондоо аваачин амраг садангуудтайгаа хуваан хүртэж байх учиртайг ямагт санаж яваарай.
Уулын тэнгэрт  сэтгэлээ илэрхийлж хадаг дарцаг өргөсөн бол түүндээ эрчим шингээж адис оршоогоод буцаан гэр орондоо нандигнан хадгалах нь тохиромжтой. Ингэснээр та байгалийнхаа эрчис долгионтой байнга холбогдох нандин эд баялагийг өөртөө хуримтлуулж байгаа хэрэг юм. 
Танд анхааруулахад:
  • ·    Уулан дээр гарахын өмнө дэргэдэх жуулчны баазаас ууланд гарах, хүндэлж        шүтэх ёс жаягийн талаар асууж тодруулан, ууланд өргөх зүйлээ авах.
  •    Өвлийн цагт ууланд гарахдаа анхаарал болгоомжтой байж, хальтарч гулгах,  даарах хөрөх, гэмтэж бэртэхээс өөрийгөө болон хамт яваа хүмүүсээ хамгаалах  талаар сэрэмжлүүлж байгаарай. 
  • ·   Гал түймрийн аюулаас сэргийлж, арц хүж асаахдаа болгоомжтой хандаж, уулнаас буухдаа унтарсан эсэхийг сайтар шалгаж байгаарай. 
  •       Уулан дээр болон бэл хормойд хог хаягдал хаях
  •      Уулнаас ховор болон ашигт ургамал түүж бэлдэх уулын бэлд ургаж байгаа мод сөөгийг хугалж гэмтээх, түлж шатаах
  •     Уулын бэл, хормойд өнгө үзэмж алдагдуулсан стандартын бус самбар байрлуулах
  •    Уулын бэл, хормой, хажууд майхан барьж хоноглох, авто тээврийн хэрэгслээр гарах болон гарахыг оролдох

v  Шилийн богд уулан дээр элдэв жижиг овоо босгох, уул руу гарах болон буухдаа маршрутаас өөр замаар явж, өвс ургамал, мод сөөг гэмтээх, шинэ зам гаргах, хадны ан цавд эд зүйл чихэхийг хориглоно гэдгийг анхаараарай.

Цээрлэх ёсон:
Уулын овоонд архи, сүү мах, чихэр, боов, шил сав, уут зэрэг зүйл үлдээх, хадаг яндар зүүх, элдэв дарцаг хийсгэх нь  хог новш болон уул хангайгаа бохирдуулан нүгэл хилэнцийг хураадаг болой.

Ууланд согтуу хөлчүү ирэх, чанга дуу чимээ гаргах, муу уг хэлэх тэргүүтэн нь насанд цөвтэй хэмээн өвгө дээдсээс сургаж ирсэнийг хичээн ан амьтан шувуу жигүүртэнийг цочоон хорлохыг цээрлээрэй.

Уул ус, байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь хайрлан хамгаалж,  Шилийн Богд хайрханаа шүтэн дээдэлсэн  таны хичээл зүтгэл, өгөөмөр сэтгэлийн буянаар цог хийморь тань гэрэлтэн, буян хишиг тань арвижиж амьдралын тань зам мөр ашид ариун цагаан байх болтугай! 




Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал
Аймгийн БОАЖГазар
Дарьганга сумын ИТХурал, ЗДТГазар 
Дарьгангын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа