Thursday, August 30, 2012

Хяналт шалгалтын талаар

•    Ард иргэдийн өгсөн мэдээллийн дагуу тус сумын 3-р багийн нутаг Сайнхөөвөр гэдэг газар ашиглалт хайгуулын лицензтэй Бадмаараг хаш ХХК-ны явуулж буй үйл ажиллагааг дараах бүрэлдэхүүнтэй шалгаж зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Шалгалтын бүрэлдэхүүнд: Сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Амартайван, БО-ны байцаагч Г.Мөнгөнцэцэг, Газар шороо хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, нарийн бичгийн дарга У.Энхцэцэг нартай хамтран гүйцэтгэсэн. Бадмаараг хаш ХХК нь БО-ны төлөвлөгөө хийгээгүй, уулын ажлын  төлөвлөгөө нь шаардлага хангаагүй, ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлд заасан нийтлэг үүргүүд нь дутуу хийгдсэн байсан учир хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авлаа.
•    Намрын хэт хуурайшилт болж байгаатай холбогдуулан хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор санамж хэвлүүлэн тарааснаас гадна Цагдаагийн тасагтай хамтран 114 ш тээврийн хэрэгслийн гал түймрийн бэлэн байдлыг шалгаж үүнтэй холбогдсон ухуулга сурталчилгааны ажил хийлээ.
•    Судалгаа шинжилгээний талаар: Оросын холбооны услын Чет мужийн батоникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Дорнод, Сүхбаатар аймгуудын ургамлын судалгааны ажилд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Гүнбаттай хамтран явж 80 гаруй ургамлын цуглуулга хийлээ. Мөн УБ хотын ХААИС-ийн доктор Түмэнжаргалтай хамтран Дорнод Монголын дархан цаазат газар, Лхачинвандад уулын БНГ-т 3 хоногийн хугацаатай нэн ховор, ховор ургамлын судалгаа хийсэн.
Эрдэнэцагаан сумын байгаль хамгаалагч Ц.Пүрэвням мэдээлэв.

Tuesday, August 28, 2012

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн баг судалгаа хийлээ

    ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Сүхчулуун, ОХУ-ын эрдэм шинжилгээний ажилтан Брандлер Олег тус суманд шинээр нутагшуулсан тарвагануудын байршил болон солбилцол, мөн хэдэн бүл хичнээн тарвага байгаа талаар судалгаа хийлээ.
      Судалгааны зорилго нь Дорнод Монголын Хэрмийн овгийн амьтадын өнөөгийн байдал, генетик бүтэц, олон янз байдлыг хадгалах” Современное соетояние, генетическая структура и сокранение разнообразия наземных беличьих востоцной Монголий сэдэвт ажлын хүрээнд агнуурын болон экосистемд онцгой үүрэг бүхий зарим хөхтөн түүний дотор Монгол тарвага, зурамны төрлийн амьтадын тархац боловсруулахад шаардлагатай мэдээ эх хэрэглэхүүн бүрдүүлэх явдал юм.
      Энэ судалгаагаар тус суманд ойролцоогоор 7 бүл тарвага байна гэсэн дүгнэлт гаргасан.

Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон мэдээлэв.

Түвшинширээ сумын нутаг дах Хадан усны агуйг тохижууллаа

Орон нутгийн хамгаалалтанд авахуулах талаар Үнэгэд багийн иргэд нийтийн хурлаас гаргасан саналыг дэмжүүлэх зорилгоор багийн Засаг дарга болон нутгийн иргэдтэй хамтран Хадан усны агуйд хуримтлагдан байсан ойролцоогоор 1,5 тн элсийг гар аргаар зөөж холдууллаа. 
Мөн тус агуйн ойролцоо чулуун дээр сийлсэн хүний мөр, түвд бичиг, нэг гарын алганы тэмдэг зэрэг сүг зурагнуудыг нэмж илрүүлсэн.
Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Tuesday, August 7, 2012

Амралтын газар, жуулчны баазуудад стандартын үзлэг шалгалт хийлээ.

2012 оны 07-р сарын 31- 4 ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газрын ДББОГУУХ-ын хэлтсийн дарга, БОХ-ын улсын ахлах байцаагч Г.Ариунболд ахалж, ХЧАБХ-ын улсын байцаагч Т.Амарбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын мэргэжилтэн Б.Мөнх-Учрал, Эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагч Э.Мөнхнаран, БОАЖГазрын мэргэжилтэн П.Ариунболд, СХЗХэлтсийн шинжээч Ц.Өлзийжаргал, ОБХэлтсийн хяналтын улсын байцаагч Ж.Базар нарын бүрэлдэхүүнтэйгээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний чанарыг сайжруулах, судалгаа авах, зөвлөмж аргачилалаар хангах зорилгоор Онгон сумын Хүрээ бүрд жуулчны бааз, Дарьганга сумын Нью дарьганга ОНӨҮГ, Дагшин булаг, Шилийн богд, Талын агуй, Эрдэнэцагаан сумын Вүүд хаус жуулчны баазуудад хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын үзлэгт шалгалт хийлээ.