Friday, March 30, 2012

Байгаль хамгаалагч

-    Зараагийн уулан дахь аргал хонинд биотехникийн арга хэмжээ авсан. 35 боодол өвс, 1 тн хужир шүү тавьж өгсөн. Уг ажлыг ЦБГТМ Төслийн зохицуулагч Ц.Болортуул, БОХУБ Ж.Батцогт, идэвхтэн байгаль хамгаалагч М.Баттогтохын хамт хийж гүйцэтгэсэн болно.
-    Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 11 өрх айл тус сумын нутагт өвөлжсөн ту айл өрх бүрээс 1 хонийг бэлчээр ашигласны төлбөрт авсан. Уг ажлыг Дэлгэрэх, Галшар, Түвшинширээ сумын засаг даргын гурвалсан гэрээний дагуу БОХУБ Ж.Батцогт, Өлзийт багийн Засаг дарга Д.Баярсайхны хамт хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэх явцдаа ойр орчимд нь байсан шонхор шувууны хиймэл үүрүүдийг эргэсэн ба унасан байсан 1 ширхэг үүрний зургийг авч баримтжуулсан.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Tuesday, March 27, 2012

Дарьгангын сохор хуурч монж

           Ядуу зүдүү амьдралын эрхээр ганц охиноо дагуулан айлаас айлд очиж морин хуурын эгшиг, утга төгөлдөр дуу, ерөөл магтаалаараа олны сэтгэлийг ивээн тэтгэж явсан нэгнийг “Дарьгангын сохор хуурч Монж” хэмээн нэрлэж Эрдэнэцагаан сумынхан өнөө хир дурсан ярьсаар. Егүзэрийн хийдийн горооны захын бяцхан бор гэрт амьдран сууж ертөнцийн гэрэл гэгээг тольдон харах мэлмий хараа дутуу тэр өвгөнд хөтөлж яваа охин, хуурдан дуулж хүний сэтгэлд хүрэх билэгт авьяасаас өөр хөрөнгө, эд хогшил байсангүй.
     Хангинаж байгаа хууранд минь
     Хадаг яндар ч хамаагүй
     Хажууд нь суугаа би хоёрт
     Хамба торго ч ихдэхгүй
     Хүрэн эрээн барыг
     Хүчээр барьж чаддаггүй
     Хүний гар дахь юмыг
     Булаагаад авч болдоггүй
     Авдар бүгд нь ангасхийж
     Авгай бүгд нь өндөсхийж
     Аваад өгөх нь дөхлөө дөө
Хэмээн хуурдан өөрийн сэтгэлээр өрөөлийг уяруулан цайлгаж бор хоног, шар өдрийг хишиг хүртэж явжээ.
Монжийн хуурдан дуулж байсан Егүзэрийн хийдийн магтаалыг өндөр настан Б.Өлзийтогтох, У.Хайнзан нар ийнхүү уншиж байдаг билээ.
    Ганга, Дариас гарлаа
    Хатиган Егүзэрийнд ирлээ
    Баруун талаас нь харвал
    Банчин богдын лавринтай
    Гурван их Егүзэртэй Гучин гурван шавринтай
    Өглөө болгон цогчинтой
    Өдөр болгон жасаатай
    Хойт талаас нь харвал
    Алтан сүмбэр овоотой
    Аръяабалын нүгнийтэй
    Айхавтар хоёр гэсүйтэй
    Арилсанхан чойжинтой
    Баруугаар дүүрэн нохойтой
    Зүүн талаас нь харвал
    Горооны олон сууринтай
    Гомбын сэтэрт янгиртай
    Урд талаас нь харвал
    Гаалийн өндөр яамтай
    Газрын холын цэрэгтэй ....
 Ийнхүү шүлэглэсэн нь өнөө хир “чойроо” хэмээх ганц дуганы эвдэрхий балгас үлдээд байгаа Егүзэрийн хийдийн байдал төрхийг гадна талаас торойн харагдтал зураглан дүрсэлсэн нь түүний ухааны уран, үгийн цэцэн цэлмэгийг илтгэх ажээ.

Байгаль хамгаалагч

-    Түмэнцогт суманд үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа ЭФ ЖИ ЭМ ДИ ХХК-ны үйл ажиллагаа явуулах эрхийг МХГазраас түр зогсоосон байсныг МХГ дахин сэргээж үйл ажиллагааг нь хэвийн явуулах техник тоног төхөөрөмжийн лацийг ав гэсэн шийдвэрийн дагуу БОХУБ Н.Ганбат, уурхайн дарга Гомбосүрэн мөн миний бие хамт явж тоног төхөөрөмийн лацийг тэмдэглэл үйлдэн авч үйл ажиллагааг дахин сэргээсэн.
-    Улаанбаатар хотод болсон Байгал орчны ажилтнуудын улсын зөвөлгөөнд оролцсон.

Түмэнцогт сумын байгаль хамгаалагч Х.Гүрсоронзон мэдээлэв.